m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.03 03:58
166
Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон компаниудын харилцагчдыг шилжүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөлийг нь хүчингүй болгосон нэр бүхий брокер, дилерийн компаниудын харилцагчдыг шилжүүлэх уралдаант шалгаруулалтын дүн гарсан байна. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлж авах хүсэлтийг “Би Ди Сек ҮЦК” ХК, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК, “Тэнгэр капитал ҮЦК” ХХК-иудаас тус Хороонд ирүүлсэн аж.

Тухайлбал, “Санхүүгийн хөгжил”, “Прогресс партнерс”, “Монхан трейд”, “НИКИ”, “Тэнгри секуритиес”, “Тень Ди Сек”, “ТТСЕК”, “Ханш инвест”, “Юу Жи Эс”, “Эм Жэй Ай Эйч” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллаагүй үндэслэлээр Хорооны тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон.

Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөлийг нь хүчингүй болгосон нэр бүхий брокер, дилерийн компаниудын харилцагчдыг шилжүүлэх уралдаант шалгаруулалтын дүн гарчээ

Тус компаниудын үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсонтой холбогдуулан тэдгээрийн харилцагчдыг өөр зохицуулалттай этгээдэд шилжүүлэх, зуучлалын үйлчилгээг харилцагчдад чирэгдэлгүй хүргэх шаардлага бий болсон аж.

Үүний дагуу тус Хорооны даргын есдүгээр сарын 24-ний өдрийн 264, 265 дугаар тушаалуудаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг шилжүүлэх уралдаант шалгаруулалт явуулах ажлын хэсгийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн холбогдох төлөөллийг оролцуулан байгуулсан байна.

Ажлын хэсгийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар гишүүдийн өгсөн онооны дүнг үндэслэн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг “Би Ди Сек” ХК-д шилжүүлэхээр шийдвэрлэж тус Хорооны даргын өнгөрсөн сарын 24-ний өдрийн 328 дугаар тушаал гараад байна.

Уг тушаалаар тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компанийн харилцагчдыг “Би Ди Сек” ХК-д шилжүүлэхтэй холбогдуулан “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагад холбогдох үүргийг өгч, “Би Ди Сек” ХК-д харилцагчдын үнэт цаасны төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх чиглэлээр “Хас банк” ХХК-тай төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах дээрх компанийн гадаад харилцагчдад холбогдох мэдээллийг хүргэн ажиллахыг даалгасан хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.