УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, өнгөрсөн намар нэр бүхий иргэнээс ирүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчид сар тутам мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно” гэж заасан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэх өргөдлийг хэлэлцэв.
Иргэний өргөдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Батцэрэг нар Өргөдлийн байнгын хорооны 2013 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан журамд заасны дагуу судлан санал, дүгнэлт боловсруулснаа гишүүдэд танилцуулсан.
Байнгын хорооны гишүүд санал дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Санхүү эдийн засгийн сайдын 2002 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 258 тоот тушаалаар баталсан “Нэмэгдэл олгох тухай” журмын 2.1 дэх хэсэгт “Мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг доорх төрийн болон аж ахуйн байгууллагад ажиллаж буй мэргэшсэн нягтлан бодогч нарт олгоно...” гэж заасан нь ажил олгогчийн зүгээс тавигдах бодит шаардлагыг харгалзахгүй байна. Иймд дээрх журамд заасан нэмэгдлийг олгохдоо тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг харгалзах, мэргэжлээрээ ажиллаж буй гэдэгт ямар ажлын байрууд хамаарахыг тодорхой болгох чиглэлээр өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэж үзлээ.