m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.05 02:13
185
Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв, түүхүүд ч төгсгөлгүй.

Тийм ч учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгүй" танго балетыг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа амилуулах гэж байгаа юм. Аргентинаас гаралтай, хурц шийдэмгий хөдөлгөөнтэй тангог, сонгодог бүжигтэй хослуулсан, шинэ уран бүтээлийн нээлт энэ амралтын өдрүүдээр болно. Өнгөрсөн хавар тус театрынхан Австри улсаас танго, вальс бүжгийн багш урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан нь энэ бүтээлийн бэлтгэл байжээ.

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй

Түүнчлэн "Төгсгөлгүй" танго балетын хөгжимд саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг. Та бүхэн симфони найрал хөгжимтэй эдгээр зэмсэг хэрхэн нийцдэгийг шинэ тоглолтоос үзэж сонирхох боломжтой. Энэ балетын хөгжмийг , хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглох юм. Энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "урлагийн гудамж"-ны тухай энэ бүтээлд өгүүлнэ.