m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.01 01:27
73
Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар чухал асуудлуудаа шийдвэрлэжээ

Баянхонгор аймгийн төв замын засварын ажлын явц, чанарт хяналт шинжилгээ үнэлгээ хийх асуудлыг Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна. Төв замын ажлыг эрчимжүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор ажлын явцад хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

 Хурлаар Баянхонгор сумын “Гурван бүсийн цогцолбор” паркыг менежментийн гэрээгээр түрээслүүлэх асуудлыг хэлэлцэж, санхүүгийн тооцоо судалгааг дахин нарийвчлан боловсруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтжээ.  Мөн аймгийн Төрийн захиргааны албан хаагчид энэ оны гуравдугаар сарын 28-29-ны өдөр Баянхонгор сумын айл өрхүүдээр орж ажиллах үеэр иргэдээс гарсан саналыг холбогдох газруудаар шийдвэрлүүлж, иргэдэд хариу өгөх ажлыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс зохион байгуулсан талаар мэдээлэл хийсэн байна. Иргэн бүрт гаргасан санал, хүсэлтийнх нь шийдвэрлэлтийн хариуг нэг бүрчлэн хүргэж ажиллахыг багийн Засаг дарга нарт даалгажээ.

Энэ удаагийн хуралдаанаас шийдвэрлэх чухал асуудлын нэг болох Баянхонгор аймгийн “Мазаалай брэнд бий болгох маркетингийн төлөвлөгөө”-г хэлэлцэж баталсан явдал байв. Дэлхийд нэн ховордсон тус амьтныг өсгөн үржүүлэх, хамгаалахад чиглэсэн олон ажлыг тус төлөвлөгөөгөөр хийх юм байна. Ингэснээр аймгийн аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чухал салбаруудад томоохон ахиц гарахыг урьдчилан тооцоолж байгаа аж.

Хуралдааны төгсгөлд Баянхонгор сумд үл хөдлөх эд хөрөнгийн болон татвар төлөгч хувь хүнийг бүртгэж, нарийвчлан тоолох үйл ажиллагаанд  шаардлагатай байгаа 5.6 сая төгрөгийн төсөв, “Нягтлан бодогчдыг сэлгэн ажиллуулах журам”-ыг баталсан байна.