Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сард нийт 78 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос найман хэргээр буюу 11.4 хувиар өссөн байна. Бусдын бие махбодид гэмтэл учруулсан 30, хулгай, дээрмийн 21, хүчингийн нэг хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 137.4 сая төгрөгний хохирол учирснаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед 44.8 сая төгрөгний хохирлыг барагдуулсан нь хохирол нөхөн төлүүлэлт 32.6 хувьтай байгаа юм. Түүнчлэн энэ сарын эхний 15 хоногийн байдлаар нийт 43 гэмт хэрэг гарчээ. Үүний улмаас иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийт 61.8 сая төгрөгийн хохирол учирсны 21.2 сая төгрөг буюу 34.3 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.