Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг энэ удаагийн “Асуултын тэмдэгтэй хүн”ээр онцолж байна. Түүнийг тус компанийн захирлын албыг хашиж байхдаа 1.6 тэрбумын үнэ бүхий 10 ширхэг самосвал, хүнд даацын автомашины дугуйн тендерээс мөнгө завшсан, Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх гэрээ хийхдээ Тавантолгойн баруун Цанхийг барьцаанд тавьсан гэх мэт хэргээр шалгах болсон гэж АТГ, Прокуророос албан ёсоор мэдээлснээс хойш хагас жил болж байна. Гэвч өнөөг хүртэл асуудал нэг тийш болсонгүй. Тэр ч бүү хэл өнөөх интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа хүн нь өдөр тутмын сонинд интернэтээр ярилцлага өгсөн шиг гадаадад сууна. Ингэхэд Б.Энэбиш яг ямар хэрэг хийсэн хүн юм бол. Тэрээр “Чалко”-гоос 250 сая ам.долларын зээл авч, оронд нь Тавантолгойн нүүрсээ өгөх гэрээг хийсэн хүн. Харин энэ мөнгийг Сү.Батболдын Засгийн газар сонгуулийнхаа амлалтыг хагас дутуу биелүүлэхээр 21 мянган төгрөг болгож иргэдэд тараасан юм.
Өнөөх 250 сая ам.доллар өөх биш булчирхай ч биш болж дуусаад одоо Б.Энэбишийг хэрэгт хийх болчихоод байгаа хэрэг. Ямар боловч Б.Энэбишийг манай хуулийн байгууллагынхан хайж байгаа нь үнэн. Гэтэл тэрээр Австралид байгаа, эх оронд нь авчрахад тун амархан байгаа нь ч үнэн аж. Ийм байтал өнөөг хүртэл яагаад энэ хэрэг таг чимээгүй, нэг тийш шийдэгдэхгүй байгаа нь үнэхээр анхаарал татаж Б.Энэбишийг асуултын тэмдэгтэй хүн болгож байна. Нарийн ярьвал Б.Энэбишийг Сү.Батболдоос, МАН-ынхнаас л асуух хэрэгтэй. “Чалко”-гоос авсан 250 сая ам.долларыг тэр биш МАН-ынхан авч ард түмэнд тараасан. Тэгэхээр Б.Энэбиш мөнгө завшсан, Баруун цанхийг гадныханд барьцаалсан гэх мэт хэргийн учрыг олохын тулд Сү.Батболд, түүний танхимын Сангийн сайд байсан Д.Хаянхярваа гэх мэт МАН-ынхныг байцааж асуух ёстой байх. Түүнийг Австралиас авчрахгүй байгаа шалтгаан байгааг ч хэвлэлүүд бичиж байна. Энэ мэтээс харахад Б.Энэбиш яах аргагүй асуултын тэмдэгтэй хүн бөгөөд хариултыг нь МАН-ынхнаас давхар хайх хэрэгтэй ажээ.
Б.Энэбишийн асуудлуудын талаар хэвлэлүүд ингэж бичиж байжээ.
ö“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Дэлхийн анхаарал татаад байгаа Тавантолгойн орд газрыг хариуцсан “Эрдэнэс Тавантолгой”-ын Гүйцэтгэх захирлын албанаасаа огцрохоор шийдсэнээ тэрээр “Цэвэр хувийн шалтгаантай” гэж тайлбарлаад, хэдэн сарын өмнөөс огцрох хүсэлтээ өгсөн байсан гэжээ.
Эх сурвалж News.mn
öПрокурорын газраас хийсэн мэдээлэл дунд “Тавантолгой” компанийн захирал асан ихээхэн хэмжээний мөнгө завшсан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байх явцдаа гадаад руу ор сураггүй оргон зайлсан хэмээгдэж байсан Б.Энэбиш хэмээх этгээдийн тухай яригдсан билээ.Түүний хэргийг одоогоор түтгэлзүүлсэн байгаа бөгөөд Интерполоор эрэн сурвалжлаагүй, хэзээ эрэн сурвалжилж барьж авчрахыг мэдэхгүй энэ хэрэг “царцаж” байхыг үгүйсгэх аргагүй юм. Юутай ч олон сар жил дамнан яригдаж байгаа энэхүү хэргийн гол эзэн нь өнгөрөгч долдугаар сарын 15-нд Австралийн нийслэл Канберра хотод болсон Монголчуудын наадамд зочилсон бөгөөд зургаа ч хэд хэд татуулаад авсан нь “Камберра таймс” хэмээх сонин дээр гарчээ.
Эх сурвалж tsag.mn
ö“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг олон улсын хэмжээнд буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн талаар АТГ-аас албан ёсоор мэдэгджээ. Тэрээр өөрийгөө гэм буруугүй гэх байр сууриа хэвлэлд илэрхийлж, хэд хэдэн удаа ярилцлага өгөөд сураг алдарчээ. Өдгөө түүнийг Австралид байж байгаад Америкт төвхнөсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч гадуур байна. Юутай ч 1.6 тэрбум гаруй төгрөгийн 10 ширхэг самосвал машин, тав гаруй тэрбумын дугуйн тендэртэй холбоотой хэрэгт буруутгагдаад байгаа уг эрхмийг эрэн сурвалжилж байгаа хэмээн албаныхан сүр дуулиантай зарлав.
Эх сурвалж
www.wikimon.mn
-Таныг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал байх үедээ шаардлага хангахгүй хүнд даацын ажлын 10 ширхэг авто машин компанидаа авсан гэсэн асуудлаар АТГ-аас шалгаж байгаа, мөрдөн байцаах ажиллагаанаас зайлсхийсэн, “Интерпол”-оор хайлгана гэж яриад байх юм?
- Миний бие ямарваа нэг гэмт хэрэг, үйлдэл хийгээгүй бөгөөд зугтаж гарсан зүйл байхгүй. Харин бүр яг эсрэгээрээ ажил хийж, хууль тогтоомжийн дагуу ногдсон үүрэг даалгавраа биелүүлж, хүмүүст хэрэг буян болсон сайн үйлс бүтээж оролцсон байдаг юм.
-Тэгээд юун 10 машины асуудал дандаа яригдаад байдаг юм бэ . Шалтгаан нь юу юм бол?
-Уурхайд нийлүүлэгдэх гэрээтэй хүнд даацын машин механизм ирэх хугацаа хоцроод байснаас олборлолтын төлөвлөгөө тасрах гээд байдаг. Ийм нөхцөлд ажлын онцгой яаралтай шаардлагын үүднээс Хятад улсад үйлдвэрлэсэн 10 ширхэг машин авч хөрс хуулалтад явуулсан юм. Тэдгээр машин уурхайд найман сар орчим ажиллаж их ажил гүйцэтгэсэн. Зохих арчилгаа тордолт хийвэл ажил гүйцэтгэх чадвартай гэж хөндлөнгийн экспертүүд 2013 онд дүгнэсэн.
-“Чалко”-гоос мөнгө олж ирэхдээ баруун Цанхийн талбайг тавиад туучихсан гэх шиг зарим нь бичдэг, нүүрсний урьдчилгаа болгож авсан мөнгө ямар барьцаа, нөхцөлтэй байсан юм бэ. Одоо болтол барагдуулж дуусахгүй байна гээд байх юм?
-Тэгж бичиж байгаа бол ямар ч мэдлэг мэдээлэлгүй байна гэсэн үг. Тэр урьдчилгаа төлбөр бол үндсэндээ ямарваа нэг барьцаагүй, нүүрсээ олборлоод графикийн дагуу нийлүүлнэ гэсэн тохироо байгаа юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонинд интернэтээр өгсөн ярилцлагаас нь
öҮнэндээ түүнийг Австрали улсад байгаа гэдгийг хүн бүр шахуу мэдэж байгаа ч яагаад интерполд хандахгүй байгаа нь ихээхэн анхаарал татаж буй юм. Б.Энэбиш нь өмнөх Засгийн газын Ерөнхий сайд асан Сү.Батболд, Тэргүүн шадар сайд асан, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай маш ойрын харилцаатай. Б.Энэбишийн хүргэн гэхэд л Сү.Батболдын шадар туслахаар ажиллаж байгаад өдгөө Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилладаг аж.
Мөн Б.Энэбиш нь МСДН-ын анхдагчдын нэг бөгөөд АН-ын, тодруулбал “Алтангадас”-ын нөлөө бүхий лидер юм.
Магад Б.Энэбишийн хэрэг гэгч зөвхөн түүний буруутай үйлдлээр хязгаарлагдахгүй тул ийн уг хэргийг удаашруулж байж ч болох талтай.