Арванхоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Энэтхэгийн Дарамсала хотноо Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын сүсэгтэн олонд зориулж “Их бодь мөрийн зэрэг” ном айлдсан билээ. Энэхүү номын айлдварыг зохион байгуулсан “Монгол Сүнчой” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Түвшинтөр, Энэтхэг талын зохион байгуулалтыг хариуцсан лам Ж.Ванданцэрэн нарын ярилцлагыг толилуулъя.
Н.Түвшинтөр: Номын айлдварт 600 гаруй хүн ирж суулаа
-Ламын гэгээнтний санаачлагаар анхлан зохион байгуулагдсан “Монгол сүнчой” маань гурав дахь жилдээ амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Энэхүү айлдвар арванхоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжиллээ. Далай багш айлдварынхаа сүүлийн өдөр монгол шавь нартаа зориулж Жанрайсэгийн ванг хайрласан. Бурхны шашин бол судар тарнийг хослуулсан шашин. Далай багшийн айлдсан “Их бодь мөрийн зэрэг” ном бол судрын аймагт харьяалагддаг. Харин Жанрайсэгийн ван бол тарнийн ном. Тарнийн номыг ойлгоход заавал ван авах шаардлагатай байдаг. Далай багшийг Жанрайсэгийн хувилгаан гэж үздэг ба шавь бид нар бодитой дүр нь хэмээн итгэж биширдэг юм. Иймээс Жанрайсэгийн хувилгаанаас ван хүртэнэ гэдэг олдошгүй сайхан аз завшаан юм. Энэ удаагийн айлдварт Монголоос 600 шаруй мөргөлчин зорин ирж суулаа.
-Далай ламын айлдварт суусан хүмүүс буцахдаа ямар бодол өвөрлөж очих ёстой вэ?
-Гэр бүлээ, өөрийгөө, ах дүүсээ, бүр хамаг амьтны төлөө гэсэн... янз бүрийн бодол тээж ирсэн хүмүүс энд байна. Хамгийн гол нь багшийн өөрийнх нь хэлснээр “Ламрим чэнмо”-г сайн ойлгож, үзэл бодол төлөвшүүлээд явбал энэхүү айлдварт суусны гол зорилго нь бүтэх юм.
-“Монгол сүнчой”-д хүрэлцэн ирж амжаагүй хүмүүст юу хэлэх вэ?
-Энэхүү номын айлдвар жил бүр зохиогдоно. Далай багш “Их бодь мөрийн зэрэг”-ийг хэзээ айлтгаж дуусна, тэр хүртэл нь айлдана гэсэн. Тэгэхээр дараа дараагийн айлтгалуудаар ч гэсэн энэ номыг ахиад үзнэ. Бидний тооцоолсноор бүрэн айлдаж дуустал ахиад 5-6 жил болох байх. Тиймээс энэ удаа хүрэлцэн ирж амжаагүй хүмүүст хандаад хэлэхэд дараа дараагийн айлдварт ирж сууж, Дээрхийн гэгээнтнээс номын дуу сонсоорой гэж уриалах байна.
Ж.Ванданцэрэн: Монголын ихэнх хутагт хувилгаад хүрэлцэн ирлээ
-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Жамьянжавын Ванданцэрэн гэдэг. Би Энэтхэгийн Гоман дацанд 13 дахь жилдээ суралцаж байна. 2002 онд анх ирж байсан, одоо гэлэн сахилтай. Далай багшийн монголчуудад зориулсан номын айлдварын Энэтхэг талын зохион байгуулалтыг нь хариуцдаг.
-Сүнчой гэдэг үгийн утгыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Энэ бол номын айлдвар гэсэн утгатай түвд үг. Бурхан багш гэгээрэлд хүрчихээд анхлан таван шавьдаа номын хүрдийг эргүүлж байсан, ер нь гурван удаа тэгж ном айлдсан гэдэг юм билээ. Түүнийг сүнчой гэж хэлж болно. Түүнээс хойш Энэтхэгийн бандид нар, Түвд, Монголын мэргэд нар шавь нарынхаа хүсэмжилсний дагуу ном сургаалиа айлдсаар иржээ. Үүнийг л номын айлдвар гэж байгаа юм. Тэгэхээр монгол сүнчой гэдэг нь монголчуудад зориулсан номын айлдвар гэсэн утгатай юм.
-Өнгөрсөн жилийн сүнчой Энэтхэгийн нийслэл Делид болж байсан. Энэ жилийнх Хойд Энэтхэгийн Дарамсала хотноо зохиогдлоо. Юугаараа онцлог сүнчой болов?
-Ламын гэгээний VIII дүр болох Данзанжамбалчойжишинэн хутагт уламжилсны дагуу Далай багш жил бүр монголчуудад зориулж ном айлдаж байна. Анх 2012 онд “Бодь мөрийн зэргийн тунгаамал алт”, “Очирваанийн авшиг” хэмээх хоёр номыг өөрийн залран байх Дарамсалад айлдсан бол түүний дараа жил Дели хотноо “Бодь мөрийн гурван эрхэм”, “Эрдэм үүдийн суурь”, “Жигжид Ямандагийн авшиг” номуудыг тайлбарласан. Энэ жилийн хувьд шарын шашныг үндэслэгч Богд Зонхова ламын “Их бодь мөрийн зэрэг” номыг бүрэн эхээр нь айлдлаа.
-Монголоос тодрон гарсан ихэнх хутагт хувилгаад Дээрхийн гэгээнтний айлдварт оролцохоор хүрэлцэн иржээ. Эдгээрийн ихэнх нь Энэтхэгт сураллцдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Монголын хутагт хувилгаадын ихэнх нь ирсэн байна. Үүний ес нь буюу Ламын гэгээн, Жалханз хутагт, Манзушир хутагт, Бамбар эрдэнэ, Егүзэр хутагт, Шүхүр хувилгаан, Ноён хутагт, Ханчин хувилгаан, Сарайдорж номун хаан гэсэн есөн хутагт нь манай Гоман дацанд суралцдаг. Харин Энэтхэгийн өөр нэгэн томоохон дацан болох Сирад Баргир данцуйдоржид, Дарав бандид, Жамьян гэгээн байдаг. Түүнчлэн Монголоос Заяын гэгээн, Нарванчин хутагт ирсэн байна. Энд суралцаж байгаа хутагт хувилгаад маань дээд тал нь 8-9 жил болсон. Гоман дацанд гэхэд 16 зиндаа, гүн ухааны таван ботийг үзэж судалж байж дүүргэдэг.
-Дээрхийн гэгээнтний айлдварыг орчуулж буй лам нар мөн танай дацангийнх уу?
-Тийм ээ, орчуулагч хоёр лам болох Д.Алтаншагай, О.Батбаатар нар манай Гоман дацанд суралцдаг.
Үүний ес нь буюу Ламын гэгээн, Жалханз хутагт, Манзушир хутагт, Бамбар эрдэнэ, Егүзэр хутагт, Шүхүр хувилгаан, Ноён хутагт, Ханчин хувилгаан, Сарайдорж номун хаан гэсэн есөн хутагт нь манай Гоман дацанд суралцдаг. Харин Энэтхэгийн өөр нэгэн томоохон дацан болох Сирад Баргир данцуйдоржид, Дарав бандид, Жамьян гэгээн байдаг. Түүнчлэн Монголоос Заяын гэгээн, Нарванчин хутагт ирсэн байна.
-Дарамсалад бурхны шашинт олон орны сүсэгтнүүд өөрсдийн сүнчойг зохион байгуулдаг гэж сонссон. Монгол сүнчой томоохонд тооцогдох уу?
-Манай сүнчой томоохонд тооцогдоно. Та бүхэн харсан байх, хэдийгээр монголчуудад зориулсан гэж байгаа боловч Далай багшийн айлдварт орон орны сүсэгтнүүд сууж байгааг. Үүгээр далимдуулж манайхан гадныханд бурхны шашин хэр хөгжсөнөө, ямархуу сүсэг бишрэлтэй болохоо, уламжлалт бурхан шүтээнээ яаж хүндэлдэг зэргээ харуулах боломжтой байдаг.