m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.10 09:08
1178
IX Ноён хутагт Данзанлувсантүдэв: Догшин хэмээх тодотгол надад зохихгүй

Энэтхэгийн Дарамсала хотноо болсон XIV Далай ламын монголчуудад зориулсан номын айлдварын үеэр манай сурвалжлагч IX ноён хутагт Данзанлувсантүдэвтэй ярилцсан байна.

-Таныг Энэтхэгт суралцдаг гэж сонссон. Жагарын оронд хэд дэх жилдээ номын дуу сонсож байна вэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Миний жинхэнэ нэрийг О.Угтахбаяр гэдэг. 1984 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн. Аав, ээж маань социализмын жилүүдэд нэгдлийн мал маллаж байсан хөдөөний хүмүүс л дээ. Тэр жишгээр би мал дээр өссөн. Сонирхуулж ярихад манай сумаас V Ноён хутагт төрж гэдэг юм билээ.

Миний хувьд анх 2003 онд Өмнөд Энэтхэгийн Гоман дацанд шавилан суралцахаар ирж байсан. Гэвч бие өвдөх болон бусад шалтгааны улмаас Монгол буцаж нэг хэсэг нутагтаа байсан. Ер нь анх ирж байснаа тооцох юм бол арваад жил, зөвхөн суралцсан хугацаагаа бодвол 5-6 жил болжээ. Харин сүүлд намайг Ноён хутагтын IX дүрээр тодруулснаас хойш жил гаруй л болж байна.

1968-2012 оны хооронд 45 жилийн зай завсар гарсны эцэст Хамрын хийд болон Дорноговь нутгийн зон олноос Далай багшид хүсэлт тавьж, 2012 арванхоёрдугаар сарын 29-нд Дээрхийн гэгээнтэн эцсийн шийдвэрийг гаргаж, намайг хутагтын IX дүрээр тодруулсан

-Одоо ахиад хэдэн жил суралцах хугацаа үлдсэн бэ?

-Би одоогоор дээрээсээ зургаа дахь зиндаанд суралцаж байна. Бүх зиндааг давна гэвэл нэлээд хугацаа орно. Ингэхийн тулд эрүүл мэнддээ ч анхаарах хэрэгцээ шаардлагатай. Гэхдээ багшийн даалгавар гэж бий, нутаг орны маань сүсэгтэн олон надад их итгэл найдвар хүлээлгэж байгаа. Эдгээр хүмүүсийн итгэлийг дааж, эрдэм номдоо шамдан, аль болох олон жил суралцана даа.

-Ингэхэд таныг хутагтын хойд дүрээр яаж тодруулсан юм бэ?

-Ноён хутагт гэхээр хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд Говийн догшин Ноён хутагт ордог байх. Данзанравжаа бол V дүрийн хувилгаан. Миний өмнөх буюу VIII Ноён хутагт Өвөрмонголд байсан хэмээн ярьдаг. Тэр үед манайд шашин ном хориотой, цаг хэцүү байсан болохоор түүний тухай монголчууд бараг мэддэггүй гэхэд болно. Ингээд 1968-2012 оны хооронд 45 жилийн зай завсар гарсны эцэст Хамрын хийд болон Дорноговь нутгийн зон олноос Далай багшид хүсэлт тавьсны эцэст 2012 арванхоёрдугаар сарын 29-нд Дээрхийн гэгээнтэн эцсийн шийдвэрийг гаргаж, намайг хутагтын IX дүрээр тодруулсан.

-Хутагт хувилгаадын хойд дүрийг танихдаа ихэвчлэн өмнөх хүнийх нь эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг таниулах замаар тодруулсан байдаг. Танаас иймэрхүү шалгалт авч байв уу?

-Надаас тиймэрхүү шалгалт шүүлэг авч байгаагүй. Намайг анх 1994 лам болоход нутгийн зон олон, настайчууд хувилгаан хүн гэх зэргээр ярьдаг л байсан. Үнэхээр би энгийн хүүхдүүдээс өөр байсан юм уу, эсвэл ард олны хүсэл байсан юм уу мэдэхгүй юм. Далай багш чухам яаж таньж, тодруулсан нь нууц байдаг байх. Бидэнд л лав ингэсэн тэгсэн гэж айлдаагүй. Ер нь хутагт хувилгаадын хойд дүрийг ихэс дээдэс л ном жаягийн дагуу тодруулдаг.

-Ноён хутагтын хойд дүрийг заавал говиос тодруулдаг уламжлалтай юм уу?

-Яг ч тийм тогтсон уламжлал байхгүй. Тухайлбал анхдугаар Ноён хутагт одоогийн Сэлэнгэ аймагт төрсөн, тайж удмын хүн байдаг. Харин түүнээс хойших V, VII хутагтууд, мөн IX дүр болох миний бие говиос, тэр тусмаа Дорноговь аймгаас тодорсон байдаг.

-Ноён хутагт гэхээр манайхны ой тойнд Догшин ноён хутагт Данзанравжаа буудаг нь нууц биш. Түүнийг их хэлэмгий түрэмгий хүн байсан гэж ойлгодог. Таны говиос төрсөн анхны хутагттай зан чанараар төстэй юу, эсвэл?

-Эрт цагийн ам дамжсан яриаг хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авч, таньж мэддэг. Догшин гэдэг учиргүй хүн амьтан зодож нүдээд, танхайраад явдаг хүн биш л дээ. Харин билэг танхай, цэцэн цэлмэг, яруу найрагт дуртай хүн байсан учраас догшин хэмээх гуншинг нэмж өгсөн юм шиг байгаа юм. Миний өөрийн зан чанар бол тийм догшин ширүүн хүн биш. Гэхдээ хүмүүст ямархуу сэтгэгдэл үлдээж байгаагаа би яг таг хэлж мэдэгүй л дээ. Ямартай ч догшин гэсэн тодотголыг авахгүй биз ээ, надад зохих ч үгүй байх.

-Энэ удаагийн “Монгол сүнчой”-д манай бүхий л хутагт хувилгаад хүрэлцэн ирж. Цаашдаа Монголын шарын шашныг авч явах хүмүүс бүгдээрээ цугласных бодлогын чанартай зүйлс ярилцаж амжив уу?

-Монгол бол уламжлалт буддын шашинтай, цөөнгүй хутагт хувилгаад, лам нартай, сүм хийдтэй улс гэдгийг энэ удаагийн сүнчой дэлхий нийтэд таниулж өгсөн байх гэж найдаж байна. Үүнийг далимдуулаад хутагт хувилгаад бид ирж багшийнхаа номыг сонсож, зарлиг юуг нь хүлээн авч, цаашдаа орон нутагтаа түгээн дэлгэрүүлэхийг чадах ядахаараа эрэлхийлж байх ёстой. Одоохондоо бидний нас залуу, үзсэн зүйл бага, шавилан сууж буй зэрэг зиндаа ч доогуур байгаа. Тус тусын сургууль номыг дүүргэж гэвш, лхаарамба болчихоод Монголдоо очиж шашин ном, буяны үйл ажиллагаагаа явуулж, түгээн дэлгэрүүлэхэд оройлон оролцох нь бидний үүрэг.

-Эцэст нь Монголынхоо ард түмэн, сүсэгтэн олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Юуны өмнө “Монгол сүнчой”-г зохион байгуулчдадаа, тэр холоос цаг зав, мөнгө төгрөгөө гарздан байж ирсэн сүсэгтэн олондоо, Монголын ард түмэнд сургааль номоо харамгүй айлдсан Далай багшдаа чин сүжгээр талархаж буйгаа илэрхийлье. Алс холын Дарамсалад ирж амжаагүй ч их багшийн айлдварыг цэнхэр дэлгэцээрээ үзэж, сэтгэлээрээ даган баяссан ард түмэндээ айсуй 2015 оны мэндийг хүргэж, ажил үйлс нь бүтэмжтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа