Тэмүжин 1162 онд Хиад Боржигин овгийн Есүхэй баатар, Хонгирад аймгийн Өэлүн нарын ууган хүү болон мэндэлжээ. Монголын нууц товчоонд түүнийг шагайн чинээ нөж атган төрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Хүүг бага балчир байхда эцэг нь Татарчуудад хорлогдон нас барж, улмаар овог нэгт ахан дүүс нт тэднийг орхин явав. Ийн хүнд хэцүү амьдралыг туулсан тэрээр эртний дайсагналцсан аймгийнханд хүртэл баригдан, боолчлогдож байсан аж. Гэсэн ч дайсныхаа гараас зугтан гарч, эцгийнхээ үнэнч анд нөхөр Хэрэйдийн Тоорил хаантай нийлэн хүчээ зузаатгасан юм.
Өсөж том болж эрийн цээнд хүрсэн хүү ойролцоох жижиг овог аймгуудыг өөртөө нэгтгэсээр байв. Тэрээр гайхалтай стратегич, улс төрч байсан нь маргаангүй. Түүний нэр алдар өсөн нэмэгдэхийн хэрээр дайснууд нь түүнд дагаар орж байсан бөгөөд 1201-1205 оны хооронд Тэмүүжин өөрийн бүх дайснуудаа ялснаар, 1206 онд Их Хуралдай хуралдаж түүнийг Их хаанаар өргөмжлөн Чингис хэмээн нэрийдэх болсон юм. Монголчууд малчин удамтай, таван хошуу малаа даган нүүдэллэн амьдарцгаадаг билээ. Жаахан хүүхэд байхаасаа морийг гарамгай сайн унаж сурдаг нь тэднийг зорьсон газартаа төвөггүй хүрэхэд тусалдаг байжээ. Эртний монголчууд маш их тэсвэр хатуужилтай байсан бөгөөд хатаасан мах буюу борцоо идэн урт хугацааны аянг ажрахгүй давдаг байв. Мөн холын зайнаас нум сумаар гайхалтай сайн харвацгаадаг байсан нь дайн тулаанд ялалт байгуулахад дөхөм болсон гэдэг.
Чингис хаан газар нутгаа тэлэх зорилготойгоор 110 мянган морьт цэргийн армийг байгуулсан юм. Хэдхэн жилийн хооронд монголчууд ойролцоох нүүдэллэн амьдардаг овог аймгуудаа дайлаар мордон Төв Азийг бүхэлд нь эзлэв. Улмаар 1215 онд Бээжинд орж ирсэн байна. Хэдийгээр тэд тухайн үеийн Хятадуудаас хөгжлийн хувьд хоцрогдсон байсан ч хятадын цагаан хэрмийг давж, цэрэг армийг нь бут цохисон ажээ. Ингээд Чингис хаан Энэтхэг рүү чиглэн явахдаа замдаа таарсан болгоныг эзэлсээр байлаа. Үүнээс гадна цэргээ өндөр зохион байгуулалтанд оруулж, аравтын системийг амжилттай нэвтрүүлэв. Хэдийгээр түүнийг нас барсны дараа байгуулсан их эзэнт гүрэн нь удаан оршин тогтнож чадаагүй ч эзэлсэн улсуудад нь монголчуудын ноёрхол үргэлжилсээр байлаа. Тэднийг Кавказ руу дайлаар мордоход тэндхийн оршин суугчид Оросын хунтайжаас тусламж хүсчээ.
Гэсэн ч 1223 онд Калка голын хөвөөнд хийсэн тулаанд Чингисийн цэрэг хоромхон зуур тэднийг бут ниргэсэн байна. Дараагаар нь тэд Унгарыг эзлэн улмаар Польш руу хөдөлсөн ажээ. Ийнхүү монголчууд Польшийн нийслэл Краковыг, дараа нь Шлонск хотыг сүйтгэсэн юм. Тэдний эзлэн авсан газар нутаг Каспийн тэнгисээс Номхон далай хүрч байлаа. Чингис хаан аливаа чухал мэдээллийг хурдан хүргэж байх ёстой хэмээн үзэж морин өртөөнүүдийг газар бүр байрлуулсан нь нэг газраас нөгөөд захидал, тушаалыг түргэн хүргэх боломжтой болсон юм. Тэрээр өөрийн албатуудаасаа үнэнч, дуулгавартай байж, даалгасан ажлыг ягштал сайн биелүүлдэг байхыг шаарддаг байв.
1226 онд тэрээр дараагийн аян дайнаа төвдөөс гаралтай нүүдэллэн амьдардаг Тангуудын эсрэг хийхээр их цэргээ аван мордлоо. Жилийн дараа тэдний нийслэлийг бүслэлтэнд оруулаад байхдаа Чингис хаан таалал төгссөн ч түүний бунхан хаана байгаа нь одоо ч нууц хэвээрээ үлдсэн ажээ. Чингис хааны хатдаас олон хүүхэд гарсан хэдий ч улсын их хатан Бөртөөс төрсөн хөвгүүд л хаан аавыгаа залгамжлах эрхтэй байв.
Чингис хаан
Чингисийн цэргүүдэд эзлэгдсэн улсын ард иргэд эсвэл түүнд бууж өгч, эсвэл газрын хөрснөөс арчигдан, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд нь их хааны шивэгчин, дагавар эм болж байлаа. Гэсэн ч Чингис хаан дайсныхаа ололт амжилтуудыг үнэлж чаддаг байв. Хятадуудаас засаг захиргааны тухай мэдлэгийг хуулбарлан авсан нь асар том газар нутаг бүхий эзэнт гүрнийг төгс зохион байгуулалтанд оруулахад тус болсон юм.
Чингис хааныг алдаршуулсан зүйл
Чингис хаан нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан, түүхэн дэх агуу байлдан эзлэгчдийн нэг билээ. Тэрээр монголын бүх овог аймгийг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулсан юм. Чингис хаан улс орноо нарийн зохион байгуулалтанд удирдаж байсан бөгөөд нутгийн удирдах ёсыг бий болгож, татварын оновчтой арга, морин өртөө гэх мэт тухайн цаг үедээ шинэлэг зүйлсийг нэвтрүүлсэн байдаг.
Монголчууд
Төв Азийн нутгаар нүүдэллэн амьдардаг Монгол хэмээх овог аймгийг Чингис хаан ойролцоох аймгуудтай нь нэгтгэн Их Монгол Улсыг байгуулжээ. Чингисийн үед Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн байсан бөгөөд тэдний гол амин зуулга нь мал аж ахуй байв. Их Монгол Улсын үед газар нутгийн хэмжээ нь 30000000 км2 байсан бөгөөд хамгийн хүчирхэг үедээ 40 гаран сая км2 хүрч байсан гэдэг. Хүн амын хувьд 1270 оны тооллогоор 100000000 байжээ.