Амгалан дулааны станцын цахилгаан хангамжийн 110/10кВ Амгалан дэд станцын өргөтгөл, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын “Дулаан” дэд станцын барилга угсралтын ажил дуусч өнгөрсөн сарын 26-ны өдөр Уул уурхай төрийн нарийн бичгийн даргын 22 тоот тушаалаар байгуулагдсан техникийн комисс ажилласан юм.
Техникийн комиссоос өгөгдсөн хугацаатай даалгаварын биелэлтийг өчигдөр ажлын хэсэг газар дээр нь очиж шалган хүчдэл авах бэлтгэлийг хангасан гэж дүгнэн энэ сарын 11-ны 17.05 цагт Амгалан дулааны станцын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг залгалаа.
Эрчим хүчний техник ашиглалтын дүрмийн дагуу шинээр суурилагдсан тоног төхөөрөмжтйг 72 цагийн туршилтын хугацаанд ажиллуулдаг бөгөөд энэ хугацаанд ямар нэг зөрчил доголдол гарахгүй бол цаашид ашиглалтад авч хэвийн горимоор ажиллуулдаг учиртай.
Амгалан дулааны станцын 110 кв цахилгаан дамжуулан агаарын шугамыг хүчдэлд залгав
Амгалан дулааны станц хүчдэлээ авснаар тус станцын тоног төхөөрөмжүүдэд туршилт хийх нөхцөл бүрдэж байна. Станцын тоног төхөөрөмжүүдэд ээлж дараагаар туршилт хийж хүлээн авснаар станц бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөл бүрдэх юм. Ийнхүү Амгалан дулааны станц ашиглалтанд орох эхний алхмаа хийв.
Цаашид Нүүрс нуруулдан овоолдогч, Түлш дамжуулах систем, вагон хөмрөгч, Насос болон салхилуурын систем, Хими ус цэвэрлэгээ, Дулааны станцын удирдлагын өрөөний тоног төхөөрөмж зэрэг тоноглолуудыг үе шаттайгаар хүчдэлд залгаж ашиглалтад оруулснаар үндсэн үйл ажиллагаа хэвийн явах нөхцөл бүрднэ.