Энэ удаагийн “Кино сонин” буландаа бид “Омарын эрэлд” киног онцолж байна. Энэ кино нь кино театруудад гарч эхэлсэн үеэсээ ашиг орлогоороо тэргүүлж эхэлсэн юм.
Сүүлийн үеийн монгол кинонуудыг үзэхээр нэг их гоёж гангалсан залуус, хүүхнүүдийн тоглосон урт хэмжээний сурталчилгаа шиг эсвэл инээдмийн гэх мөртлөө ямар ч инээх сэдэл өгч чадахгүй хямдхан зохиолтой кинонууд ар араасаа төрөх болжээ.
Харин “Омарын эрэлд” кино нь инээдмийн гэсэн тодотголоо нэлээд сайн гаргаж чадсан нь үзэгчдийн сэтгэл хөдлөл, танхим нийтээрээ инээж байгаа зэргээс мэдрэгдэж байлаа.
"Омарын эрэлд" киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажилласан юм. Түүнчлэн уг киноны продюсероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик фильм” студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон юм.
Гэхдээ үзэгчдийн хайртай жүжигчид болох Өөскө, Цоомоо, Аюуш гурваас илүүтэй оролцон тоглосон Б.Баатархүү, Р.Адъяа тэргүүтэй жүжигчид кинонд голлох үүрэг гүйцэтгэж, үзэгчдийн хөгжилтэй дүр төрх, үйл явдлуудаараа баясгаж чадсан.
“Омарын эрэлд” киноны зураг авалт эхэлсэн цагаас эхлэн жүжигчин Цоомоо өөрийн цахим хуудаснаа кино бол хамтын бүтээл хэмээж кинондоо тусалсан бүхий л уран бүтээлч, хамт олон, найз нөхдийнхөө зургийг цувралаар оруулсаар байсан юм. Мөн тус киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авснаараа онцлог юм.
Ядуу хүн аяганыхаа хэрээр сэтгэдэг. Баян хүн бэлчээрийнхээ хэрээр сэтгэдэг хэмээн Х.Баатархүүгийн хэлсэн үгс киноны гол утга санааг өгүүлсэн болов уу.
Киноны үйл явдлыг товчхон өгүүлбээс хоёр дээрэмчин мөрийтэй тоглож байсан нөхдүүдийн өрөөнд гэнэт дайрч орж ирэн дээрэм хийхээр завдана. Тэд биедээ салют бэхэлж, түүнийгээ тэсрэх бөмбөг хэмээн сүрдүүлнэ. Санамсаргүй байдлаар салют тэсэрч, үймээн дундуур хоёр дээрэмчин мөнгийг хулгайлан авч зугтана. Гэтэл Цүнхтэй мөнгөтэй цуг тэд Омар хэмээх шонхор шувууг санамсаргүйгээр хамт авч явсан байлаа.
Ингээд л Омарын эрэлд гарч эхлэнэ дээ. Хоёр дээрэмчин зугтаж явах замдаа нэгэн байшингийн дээвэр дээр гарч нуугддаг. Гэтэл мөн л санамсаргүйгээр өндөр хүчдэлд цохиулж цүнхтэй мөнгөө дээш шиднэ. Гэтэл мөнгө нь цонх цэвэрлэж байсан дөрвөн залуугийн гарт орох нь тэр.
Гэнэт маш их хэмжээний мөнгөтэй болсон ядуугийн ядуу дөрвөн залуу мөнгөө хэрхэн хаана нуухаа олж ядна.
Ингээд үйл явдалд багагүй өрнөж, Солонгос улс руу явж хараар ажиллах зэргээр өрнөх болно.
Ямартай ч мөнгө өнөөх дөрвөн залуугийн гарт үлдэнэ.
Хамгийн гол нь “Омарын эрэлд” кинонд хэт чамирхал, амьдралаас хэтэрхий тасарсан сцени харагдсангүй. Эндээс захын хорооллын, ядруухан амьдралыг бодитоор нь мэдэрч, харж болохоор байлаа.
Ядуу хүн аяганыхаа хэрээр сэтгэдэг. Баян хүн бэлчээрийнхээ хэрээр сэтгэдэг хэмээн Х.Баатархүүгийн хэлсэн үгс киноны гол утга санааг өгүүлсэн болов уу.