m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.15 03:12
154
Оны шилдгээр “CAD” баг тодорлоо

Монголын боулинг, сонирхогчдын холбоо, “MCS Coca-Cola” компани хамтарч тав дахь жилдээ “Coca-Cola Zero Championship” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн уг тэмцээнд 200 гаруй багийн 1200 орчим тамирчин өрсөлдсөн юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боулингийн спортыг олон нийтэд сурталчилах зорилготой тус тэмцээний шигшээ тоглолтод салбар бүрээс шалгарсан шилдэг 28 баг өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Бүтэн жилийн турш үргэлжилсэн уг тэмцээнд Э.Бат-Орших ахлагчтай “CAD” баг 3911 оноогоор тэргүүлж өргөмжлөл нэг сая төгрөгийн эзэн болсон бол хоёрдугаар байрт Г.Ууганболд ахлагчтай “Петрожамп” баг 3694 оноогоор шалгарч, гуравдугаар байрт Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХХК баг 3623 оноогоор шалгарчээ.

Тэмцээн зохион байгуулагдсан цагаас “М-Си-Эс Кока-Кола” компанийнт зүгээс 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөг амладаг. Гэвч таван жилийн хугацаанд тус оноог авсан тамирчин тодорсонгүй. Энэ жилийн тэмцээний финалд хамгийн өндөр оноог “Петрожамп” багийн тамирчин С.Цэвэгмид 224 оноог авч тэмцээнийг шилдэг тоглогчоор шалгарлаа. Мөн энэхүү тэмцээнд эхний наймд шалгарсан баг, тамирчдад “Coca-Cola Zero” брэнд мөнгөн шагнал, тоглолтын эрхээр урамшууллаа.

Гэрэл зургийг Э.Харцага