Суй Вэн Ди (овог Ян Джянь) Хятадын хойд хэсэгт Табгачи, Тоба хэмээх омгийн нэр нөлөө бүхий гэр бүлд төржээ. Тэрээр их авъяаслаг байсан учраас Хятадын хойд улсын хааны албанд алба хааж байхдаа буюу ердөө 14 настай байхдаа цэргийн цолтой болсон юм.
Хааныг нас барсны дараа түүний залгамжлагчдын хооронд ширүүн тэмцэл өрнөсөн ч эцэст нь Ян Джянь ялсан байна. Хойд Хятадын шинэ хаан өөрийн амжилтандаа сэтгэл ханаагүй бөгөөд сайтар бэлтгэж байгаад 588 онд Өмнөд Хятад руу дайлаар мордож, жилийн дараа гэхэд Хятадыг бүхэлд нь захирах болов. Үүнээс өмнө МЭӨ III зуунд Чин овгийг үүсгэсэн Ши Хуанди хаан Хятадыг нэгтгэж байжээ. Түүнийг нас барсны дараа Хан овгийнхон МЭӨ 206 оноос МЭ 220 он хүртэл Хятадын нийт газар нутгийг байсан байна. Харин Хан овог мөхсөний дараа Хятадад дотоодын хямрал үүссэн бөгөөд энэ нь Суй Вэнь Ди-ийн үе хүртэл үргэлжилсэн юм. Шинэ хаан Хятадыг нэгтгэж, улс орны нийслэлийг бүтээн босгож, Хөх мөрөн, Шар мөрнийг холбосон “Их Суваг”-ийг барих ажлыг эхлүүллээ. Сувгийн ажил Суй Вэнийг нас барсны дараа буюу хүүгийнх нь хаанчлалын үед дууссан юм.
Хааны хамгийн чухал шинэчлэлүүдийн нэг нь улсын засаг захиргааны албанд ажиллахыг хүсэгчид шалгалт өгч ордог болсон явдал байв. Үүний ачаар төрийн албанд хаант улсын хамгийн шилдэг хүмүүс ажиллах болсон бөгөөд олон зууны турш Хятад улс хүчирхэгжин хөгжих суурийг тавьсан юм. Суй Вень Ди албат нараа төрсөн нутагт нь хэзээ ч захирагч болгон илгээдэггүй байсан бөгөөд энэ нь тэднийг хүчирхэгжүүлэхгүй, хээл хахуульд идэгдэхгүй байх зорилготой байв. Үүнээс гадна тэр татварын хэмжээг бууруулж, зам, сүлжээ, гамшгийн үед идэх тариагаа нөөцлөх зоорь зэргийг бариулсан бөгөөд Цагаан хэрмийн зарим хэсгийг сэргээн босгосон юм.
Хаан боловсролын салбарт ч мөн анхаарлаа хандуулж, шинэ сургуулиуд барих болсон байна. Суй Вэнь Ди өөрийнхөө амжилтын нэлээдгүй хэсгийг эхнэрийнхээ ач хэмээн түүнд талархдаг байв. Эхнэр нь үргэлж түүний ард байж, хаан ширээнд суухад нь, улс орноо удирдахад нь тусалж байсан гэдэг. Суй Вэнь Ди 618 он хүртэл оршин тогтносон Суй овгийг үндэслэсэн юм. Тэрээр 604 онд 63 насандаа нас барсан бөгөөд хоёр дахь хүү нь түүнийг хороон, өөрөө хаан болсноор Суй ургийн сүйрэл эхэлсэн байна. Түүний хүү эцгийнхээ улс орноо захирах чадварыг нь өвлөж аваагүй байснаас өөрийнх нь эсрэг боссон бослогын үеэр буюу 618 онд алагджээ. Гэсэн ч Суй Вэн Дийн нэгтгэн байгуулсан улс дараа дараачийн овгийнхонд захирагдсаар дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болон өнөө үе хүртэл оршин тогтнож байгаа юм.