Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг. Улсын гэлтгүй хувийн цэцэрлэг ч алслагдсан дүүргүүдэд нэн хэрэгцээтэй байгаа энэ цаг үед 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ байрыг ашиглалтанд өнөөдөр орууллаа.
Азийн хүүхдүүд цэцэрлэгт ой зургаан сартайгаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зургаан ангидаа хүлээн аваад байна. Мөн спорт урлагийн заал гээд хүүхэд хөгжүүлэх, тэдэнд зориулсан тавтай тухтай орчныг энд бүрдүүлжээ. Гүний цэвэр ус, сүүлийн үеийн Канад технологийн нам даралтын зуухаар халаалтаа шийджээ. Тус цэцэрлэгт нийт 13 багш ажилтан ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Найманжаргал цаашдаа цаг завгүй ажилладаг эцэг эхчүүддээ зориулж өдөр өнжүүлэх төв ажиллуулахаар зорьж байгаагаа тэд энэ үеэр онцоллоо.
Хэдийгээр улсын биш хувийн тодотголтой ч гэлээ Азийн хүүхдүүд цэцэрлэгийн хамт олон нэн шаардлагатай гэр хорооллын дунд өөрсдийн хүч хөдөлмөрөөр цэцэрлэгийнхээ шинэ байрыг ашиглалтанд оруулж, тавтай тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж хүүхэд багачуудаа хүлээн авч байна.