Монголын туялзуур сэлэмний холбооны “А” зэрэглэлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Мираж” ресторанд болж өнгөрлөө. Ганцаарчилсан болон багийн төрлөөр зохиогдсон тус тэмцээнд 5 клубийн 70 гаруй тамирчин оролцсон юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Оргил өөд” клубын тамирчин Ц.Жигжидсүрэн түрүүлж, Б.Батхүү (Хангарьд) удаалж мөнгөн медаль хүртсэн бол Б.Батхүлэг (УБ фенсинг), Т.Анарсайхан (УБ фенсинг) нар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Ц.Жигжидсүрэн энэ оны анхны түрүүгээ авлаа. Ц.Жигжидсүрэн Монголын туялзуур сэлэмний холбооны календарьчилсан төлөвлөгөөний тэмцээнд хоёр дахиа түрүүллээ. Мөн чансааны оноо ахиж, дөрөвдүгээр байранд бичигдэх болов.
Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд М.Жаргалмаа (Финикс фенсинг) түрүүлж энэ жилийн медалийн цуглуулгаа арвижууллаа. Тэрбээр анх удаа “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлж байгаа нь энэ аж. Мөнгөн медалийг Б.Цолмон (УБ фенсинг), хүрэл медалийг Б.Гэрэлмаа (Хангарьд), А.Халиунаа (УБ фенсинг) нар хүртэв. Эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд аваргын алтан медалийг “Оргил өөд” клуб (Ц.Жигжидсүрэн, Э.Төгсбаяр, Б.Ээлт) шигшээ тулаанд “Хангарьд” клубыг ялснаар хүртлээ. Мөнгөн медалийг Эрдэнэтийн “Хангарьд” клуб хүртсэн бол хүрэл медалийг “UB Fencing-1” баг хүртжээ. Эрэгтэйчүүдийн төрөлд есөн баг оржээ. “Оргил Өөд” клубын ахлагч Ц.Жигжидсүрэн ийнхүү энэ амралтын өдрүүдээр давхар цохилт хийж, хошой алтан медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд аваргын алтан медалийг “UB Fencing 1” клуб, мөнгөн медалийг “Хангарьд” клуб хүртэж, хүрэл медалийг “Уурхайчин” клубын охид энгэртээ зүүлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд таван баг оржээ.