m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.17 07:50
446
А.Сүхбат: Дархан аварга цол хүртсэнийхээ дараа мөнгөөр начин төрүүлбэл онигоо

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбаттай ярилцлаа.

-МҮБХ-ны “Их эе” дүрмээрээ дөрвөн жил тутамд, энэ жил болох байлаа. Гэвч тов сонсогдохгүй байна. Хэдийгээр болох гэж байна вэ?

-МҮБХ бол Монголын бөхчүүд, ард түмний өмч. Монгол бөх бол бидний өвөг дээдсээс олон зуун жилийн тэртээгээс өвлөгдсөн их соёл. Түүнээс биш хэдэн луйварчны өмч биш. МҮБХ-ны удирдлагууд арай дэндэж байна. Монгол бөхийг бидний нүдэнд дээр шамшигдуулж байгаад би их харамсдаг. Монголчуудыг басамжилж буйд уур их хүрч байна. Бөхчүүд нь авлигаар цол хүртэж, ард түмнээ хуурч байна. Би энэ муу муухайтай тэмцсээр бөхийн замналдаа цэг тавьсан. Бөхчүүд монгол бөхийнхөө хөгжлийн төлөө идэвхи санаачилга гаргахгүй байгаад их харамсдаг ч сайн сайхан цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж найддаг.

-Таныг МҮБХ-ны тэргүүний төлөө өрсөлдөх яриа гадуур байна ...

-Хэн МҮБХ-ны тэргүүн болохыг бөхчүүд маань шийднэ. Миний хувьд МҮБХ-ны үйл ажиллагаа нь зөв замдаа орох нь чухал болохоос биш тэргүүний суудалд хэн суух нь чухал биш. МҮБХ-ны үйл ажиллагааг зөв хөтлөөд явчих залуус бий. Түүнээс биш Р.Нямдорж гэдэг хүний хов жив, атгаг санаа сонин биш. Би ийм жижиг зүйл хөөцөлддөггүй. Бөхчүүдийнхээ дунд яс хаяж, нутаг усаар нь талцуулдаг удирдлага одоо зайгаа тавимаар юм. Би монгол бөх, МҮБХ-ны цаашдын ирээдүйд л санаа зовниж явдаг.

-Одоо болох “Их эе”-ээс гарсан шийдвэр монгол бөхийн цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тэгэлгүй яах вэ. Одоогийн удирдлагууд монгол бөхийн хөгжлийг сөнөөж байна. Энэ хүмүүс суудлаа эрт тавьж өгсөн бол монгол бөх арай өөр түвшинд байх байлаа. МҮБХ барилдааныг удаашруулан хянадаг техник ашигладаггүйгээс бөхчүүдийн хооронд маргаан их гарсаар байгаа. МҮБХ-ны нэр хүнд өдөр ирэх тусам унаж байна.

-Хэдэн залуу нийлж “Монгол бөхийн хөгжил, шинэчлэл” хэмээх ТББ-ыг байгуулж, хэвлэлийн бага хурал хүртэл зохион байгуулсан. Тэд МҮБХ-ны үйл ажиллагааг шүүмжилж байгаа. Та тэднийг хэр сайн таних вэ?

-Би тэр залуусыг танихгүй ч хэлж ярьж байгааг нь анхааралтай сонсч байгаа. Тэд монгол бөхийг шударга, цэвэр ариун байлгах гэж хичээл зүтгэл гаргаж байгаа нь сайшаалтай. Цаана чинь залуус “МҮБХ, монгол бөхийг шинэчлэх цаг нь болсон” гэж хэлж ярьж, бичиж байна. Монгол бөх бол ардын хүүхдийн ариун дэвжээ болохоос биш хэсэг бүлэг луйварчны худал хуурмагийн талбар биш.

-Улсын баяр наадмын өмнөхөн төрсөн хоёр дархан аварга наадмын нэгийн давааны өмнө зүүн талын тэргүүн магнайгаа булаацалдаж, маргасан. Тухайн үед яг юу болсон юм бэ?

-МҮБХ-ныхон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаас давсан увайгүй үйлдэл гаргасныг ард түмэн харсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үл хүндэтгэж буй энэ хүмүүс цаашид юу ч хийхэд бэлэн. Би дархан аварга Г.Өсөхбаяраас таван минутын өмнө дархан аварга цол хүртсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч миний 2004 онд түрүүлсэн амжилтыг минь үнэлж дархан аварга цолыг надад түрүүлж өгсөн. Харин Г.Өсөхбаяр дархан аварга цолын болзлыг үүнээс таван жилийн дараа хангасан байдаг.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайлбарлагч долдугаар сарын 11-ний өглөө таныг бус, Г.Өсөхбаяр аваргын нэрийг эхэлж дуудахад танд юу бодогдсон бэ?

-Тайлбарлагч андуурсан юм байлгүй дээ гэж бодсон. Эрэмбийн будлиан бол наадмын өмнөх өдрүүдэд яригдаж, найруулсан жүжиг байсан юм билээ. Би МҮБХ-ныхонд хандаж “Хэрэв та нар эрэмбийг ингэж эвдэх юм бол би энэ наадамд барилдахгүй, явлаа шүү” гэж хэлсэн. Тэгтэл МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан намайг хулгайч, луйварчин, дээрэмчнээр дуудаж доромжилсон.

-Тэгээд зүүний тэргүүн магнайд гарах болсноор явахаа больсон юм уу?

-“Би наадмаар барилдана” гэчихээд гэнэт барилдахгүй болбол наадамчин олны сэтгэлд сэв сууна. Тиймээс шүдээ зуугаад гарсан. Бөх хүний хүсэл мөрөөдөл болсон дархан аварга цолоо дуудуулах нь миний аз жаргал байсан. Уг нь долдугаар сарын 11-ний өглөө Төв цэнгэлдэх хүрээлэнд их сайхан юм бодож очсон. Гэтэл намайг эвгүй уур амьсгалтайгаар хүлээж, цол эрэмбийг минь үл хүндэтгэсэн. Ийм онцгүй сэтгэл өвөрлөж буй хүмүүс монгол бөхийг хөгжүүлнэ гэж үү. Энэ хүмүүсийн увайгүй үйлдэл хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэх байлгүй.

-Та гурвын даваанд хачирхалтай шийдвэр гаргаж дархан аварга Г.Өсөхбаярыг амлахад амаа буцаах хүсэлт олон ирсэн үү?

-Тийм хүсэлт ирээгүй. Монгол бөхийн эрэмбэ, ёс дэгийнхээ хувьд дархан аварга хүн доод цолтноо аль ч даваанд, хэдэн ч удаа амлаж болно. Эрэмбээ мэддэггүй аварга хүн гэж байдаггүй л баймаар.

-Улсын наадамд таван аварга ойрд зодоглоогүй байсан. Зүүн талын тэргүүн магнайд гараад цолоо дуудуулахад сайхан байсан биз?

-Сайхан байлгүй яах вэ. Улсын наадмын зүүн талын тэргүүн магнайд анх удаа гарч, цолоо дуудуулж байна шүү дээ. Би нэг л юмнаас айж явдаг хүн.

-Юунаас тэр вэ?

-Би өндөр цолтой хүн. Мөнгөөр начин төрүүлж, нэрээ бузарлахгүй юм шүү гэж л бодож, ийм бохир заваан байдалд орчихгүйг хичээж явдаг. Дархан аварга цол хүртсэнийхээ дараа мөнгөөр начин төрүүлбэл ёстой онигоо байхгүй юу. Би шавь нартаа “Надад хүнд өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй. Гэхдээ арвин их арга туршлага байна. Та нар туршлагаас минь харамгүй хүрт. Би харамгүй заая. Надад мэхний их дэлгүүр байна. Юу дуртайгаа ав” гэж захидаг.

-Та өнгөрсөн зун улс, аймаг, сумын наадамд барилдсан. Цаашид барилдах уу?

-Хүмүүс намайг дахин барилдуулж, цолоо дуудуулахыг хүсч байвал барилдахад бэлэн. Хамгийн гол нь үндэсний бөх маань үнэнч шударга байхыг хүсдэг. Бид чинь ард түмнийхээ дэмжлэгээр өдий зэрэгтэй яваа. Тиймээс худал хуурмаг барилдаанаар жүжиг тавих эрхгүй. Түүнчлэн үзэгчдээ уйдааж болохгүй. Дэлхийд монгол бөх шиг их мөнгөөр цол хүртдэг юм хаана ч байхгүй.

-Таныг ид барилдаж байхад найраа арай ч өнөөгийнх шиг хавтгайраагүй байсан даа?

-Бидний зургаан залуу заан харгүй сайхан барилддаг байсан. Тухайн үед начны найраа байж л байсан. Харин одоогийнх шиг ийм өндөр ханштай байгаагүй. Би энэ байдлаас их уйдсан. Би 512 жүжигчний нэг байхыг хүсээгүй юм.

-Та авлига авч, өгдөг бөхчүүдийн нэрийг шууд зарлачихаж болдоггүй юм уу?

-Цолны даваанд авлига авсан, өгсөн бөхчүүдэд хууль үйлчилдэггүй нь тоогүй. Төрийн байгууллага биш учраас тэгээд байх шиг байна.

-Тэгвэл начны найраанд ордоггүй шударга сайхан бөх гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Улсын заан Б.Сайнбаяр байна. Энэ бөх энэ жилийн наадмын тавын даваанд аймгийн хурц арслан Ч.Батчулууныг амлаж, харгүй сайхан барилдсан. Энэ барилдаанд ямар ч найраа ороогүй. Нэг нь давж, нөгөө нь унадаг нь бөхийн хууль шүү дээ (инээв). Надаас эхлээд энгийн үзэгчид монгол бөхийн барилдааныг үнэн, худлыг ялгаж салгахаа болилоо. Үнэн хүчээрээ давсан бөхийг ч хардаж байна. Бөхчүүдээсээ “Чи яг үнэн хүчээрээ цол хүртсэн үү, мөнгөөр цол авсан уу” гэж асууж байна.

Д.Жавхлан (Спортын өнгө)