Газарзүйн нээлт хийгч, усан цэргийн түүхэн дэх хамгийн алдартай далайчин Жеймс Кук английн Мартон тосгонд мэндэлжээ. Тэрээр анх 16 настай байхдаа Стайтес хэмээх загасчдын сууринд ирж, нүүрс тээвэрлэдэг “Фрийлов” хөлөг онгоцны багийн гишүүн болсон байна. Тийнхүү тэнд ажилласан хэдэн жилийн хугацаанд далайчны амьдралд хэрэгтэй бүгдийг, хөлөг онгоц жолоодох ухаанд суралцсан аж. Джеймс 27 насандаа эзэн хааны тэнгисийн цэргийн албанд элсэн орсон билээ.
Тэрээр долоон жилийн турш үргэлжилсэн дайны үеэр (1756-1763 оны хооронд) газрын зурагтай ажиллаж чаддагаа харуулсан юм. Улмаар Британы адмиралуудад үнэлэгдсэн газрын зургийг бие даан бүтээжээ. Дайны дараа залуу дэслэгч шинэ газар нээх зорилготой эзэн хааны шинжлэх ухааны хүрээлэнд орохыг сонирхож байлаа. Кук Клавдий Птолемейн үеэс “ Terra Australis” буюу өмнөд газар хэмээн нэрлэгдсэн дэлхийн өмнөд хэсэгт орших нэр нь үл мэдэгдэх газрын талаар судлах болон нар руу чиглэж буй Сугар гарагийн хөдөлгөөнийг ажиглах зорилго бүхий аяллыг удирдах санал 1766 онд хүлээж авав. 1768 онд Жеймс Кук Англиас “Endeavour” хэмээх нэртэй хөлөг онгоцоор уг аялалдаа гарч, Хорны хойгийг өнгөрөн 1769 оны дөрөвдүгээр сард Таитид хүрч ирсэн бөгөөд цааш баруун зүг рүү аяллаа үргэлжлүүлсэн байна.
Тэрээр энэ аяллынхаа үеэр шинэ Зеландын арал болон Австралийн зүүн өмнөд арлын байр зүйн зураглалыг гаргажээ. Чухам эл зургийн тусламжтайгаар 1788 онд ахмад Артур Филлин хоригдлууд ачсан хөлөг онгоцтойгоо, харин Порт Жаксоны багийнхан колончлогч орнуудын гэмт хэрэгтнүүдтэй тус тус Австралид ирснээр их Британичууд уг тивд оршин суух эхлэлийг тавьсан юм. Кук 1771 онд Англид газардахаа одон орны хэмжилтүүдээс гадна Австралийн уугуул иргэд болон ургамлын аймаг, амьтны аймгийн талаар бичсэн тэмдэглэл зэргийг авч ирэв. Гэвч Эзэн хааны шинжлэх ухааны хүрээлэн энэхүү судалгааны ажлын үр дүнд сэтгэл хангалуун биш байсан бөгөөд “ Terra Australis” буюу өмнөд газар оршин байгаа эсэхийг судлах ээлжит аяллыг түүнд захиалсан байна.
Иймд тэрээр 1773 оны нэгдүгээр сард “Resolution” (Шийдвэр) болон “Adventure” (Адал явдал) гэсэн хоёо хөлөг онгоц хөлөглөн удаах аялалдаа гарчээ. Кук эл аялалаас буцаж ирсэнийхээ дараа цол нэмж, хөлөг онгоцны ахмад болсон юм. Жеймс хуурай газар дээр тийм ч удаан байлгүй 1766 онд долдугаар сард гурав дахь удаагийн томоохон аялалдаа “Discovery” (Нээлт) хэмээх хөлөг онгоцоор хөдлөв. Харин Чарльз Кларк түүнд бараа болон дагалдахаар “ Resolution” (Шийдвэр) хөлөг онгоцыг жолоодсон байна. Харамсалтай нь “Discovery” (Нээлт) багийнхан Англид ахмадгүйгээр эргэн ирсэн гэдэг.