“... Харанхуй хонгилоор таны араас хэн нэгэн дагана. Алхаагаа түргэсгэж, яаран гүйж, аврал эрэн хашгирахыг хүссэн ч.. хэн ч таны сонсохгүй...” Цаашаа хэрхэн үргэлжилж, эсвэл юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй, харин та л тарчилна. Ийм, эсвэл өөр ямар ч бай аймшгийн зүүд долоо хоногт гурван удаа зовоодог хүмүүсийг энэхүү аймшгаас салгах, тэр бүү хэл зүүдээ зохиох боломжийн тухай мэргэжилтнүүд судалж эхэлжээ.
Хайртай хүмүүсээ алдаж, хүчирхийлэлд өртөх гэх мэт өвчин, зовлон, сэтгэл санааны хямрал дагуулсан аймшигт зүүд амьдралынх нь нэг хэсэг болсон, түүнээсээ болж эмгэгт өртөх тохиолдол гайхмаар олон байдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Ихэнхдээ хүүхэд, эсвэл өсвөр насандаа хар дарж зүүдлэх тохиолдол олон байдаг ч өсөж, том болохын хэрээр энэхүү таагүй явдал буурдаг, энэ нь гашуун дурсамж, айдас, шилжилтийн насны хямрал, тогтворгүй байдалтай холбоотой гэж нөгөө талаас сэтгэл судлаачид үзнэ. Гэвч нэг юм уу, эсвэл нэг сэдэвтэй, өрнөлтэй зүүдийг тодорхой хугацааны давтамжтайгаар байнга зүүдэлдэг хүмүүс манай дэлхийн насанд хүрсэн хүмүүсийн тав орчим хувийг эзэлдэг аж.
Дюссельдорфийн их сургуулийн сэтгэлзүйн клиникийн профессор Райнхард Пиетровски хар дарж зүүдэлдэг олон өвчтөнтэй нүүр тулж байснаа онцолж байна. “Заримдаа тэд унтахаасаа айх, хүчгүйгээ мэдрэх, сэрүүндээ аймшгийн зүүд мэт зүйл тохиолдож магадгүй гэсэн түгшүүртэй болдог” гэж тэрбээр ярина. Ийн шаналагчдын дийлэнх нь мэргэ төлөг тавьдаг хүмүүс, эсвэл сүм рүү явдаг, цөөн хэсэг нь сэтгэл судлаач дээр ирдэг гэнэ. Хар дарж зүүдлэх бол хүн төрөлхтний өмнө олон асуултыг гаргаж тавьсан ч өнөө хэр нэгдсэн, баттай тайлбар олоогүй үзэгдэл. Эрт үед хар дарж зүүдлэхийг муу сүнстэй холбон тайлбарладаг байсан бол орчин үед далд ухамсарт байдаг дүр, дүрслэл, төсөөлөл, зөрчил нойрсох үед зүүдээр илрэн гардаг гэж үзэж байна. Судлаачдын үзэж буйгаар, хар дарсан зүүд ихэвчлэн шөнө дундаас хойш, үүрээр шахам зүүдлэгддэг аж. Мөн аюултай нөхцөл байдал, гэнэтийн осол, үхэл, хагацал зүүдлэх нь олон байдаг гэнэ. Харин осолд орсон, хагацал учирсан хүмүүсийн хувьд болсон явдлыг дахин дахин зүүдлэх нь эмгэг бус, сэтгэлийн хямралтай ихэвчлэн холбоотой. “Хар дарж зүүдлэх нь олон шалтгаантай байж болох юм. Ажлын ачаалал, дарамт гэр бүлийн хямрал, сэтгэцэд нь хүчтэй нөлөөлсөн кино, ном эсвэл толгойн өвчнөө дарах гэж уусан жирийн эмнээс ч болж хар дарах магадлалтай” гэж Райнхард Пиетровски ярьж байна.
Ямар ч шалтгаантай бай, нэг удаа, эсвэл байнга ч бай хар дарж зүүдэлдэг хүмүүсийг үүнээс салгах арга бий гэнэ. ХБНГУ-д сүүлийн үед дэлгэрч буй төсөөллөө давтах аргаар (Imagery Rehearsal Therapy) тодорхой хугацаанд аймшгийн зүүднээсээ салах, тэр бүү хэл зүүдээ зохиох боломжтой гэнэ. 1990 –ээд онд АНУ-д дайн, байлдаанд оролцож сэтгэл санааны шарх авсан цэргүүдэд энэ аргаар эмчилгээ хийдэг байсан гэхээр тийм ч шинэ эд биш ч зүүдийг “засах” салбарт бол саяхнаас хэрэглэж эхэлсэн. Райнхард Пиетровски болон түүний хамтрагч Йоханна Тюнкер нар төсөөллөө давтах аргын үндсэн өгөгдөхүүнийг герман хэл рүү орчуулан гаргаж, тодорхой давтамжтайгаар эмчилгээ хийж эхэлсэн байна. “Юу зүүдэлж байгаагаар нь хүний айдсыг тодорхойж болно л доо. Тухайлбал, аалзнаас ихэд айн тавгүйрхэж зүүдэлбэл хатуу ширүүн, эсвэл гэр бүлдээ дарамт үзүүлдэг ээж, эгчээсээ эмээдэг байсан тохиолдол олон. Гэхдээ бидний хувьд шалтгаан нь чухал биш. Яаж хар дарсан зүүднээс тухайн хүнийг ангижруулах гэдэгт төвлөрөн ажилладаг” гэж Пиетровски ярьж буй.
Одоогийн байдлаар тэрбээр байнга хар дарж зүүдэлдэг 70 орчим хүнтэй энэ аргын дагуу ажиллаж байгаа бөгөөд өвчтнүүдийн таагүй зүүд дунджаар хоёр дахин цөөрсөн гэнэ. Харин Майн дахь Франкфуртийн Гетегийн нэрэмжит их сургуулийн мэргэжилтнүүд төсөөллөө давтах арга нь хүний далд ухамсар, сэтгэл зүй, улмаар зүүдэнд хэрхэн нөлөөлдөгийг нарийвчлан судалж байна.
Төсөөллөө давтах аргын ерөнхий зарчим нь зүүдээ дүрслэн ярьж, дуу хураагуурт, эсвэл цаасан дээр бичихээс эхэлдэг аж. Зүүдний ямар үйл явдал, дүр хамгийн их айдас төрүүлж буйг сэтгэл судлаачтай ярилцан тогтоох хэрэгтэй. Түүний дараа хар дарсан зүүдний аймаар хэсгийг хасан төсөөлөн бодох, түүнийг ямар нэгэн өөр сайхан, таатай үйл явдлаар орлуулан бодох хэрэгтэй гэнэ.
Хэдийгээр энэ арга аймшгийн зүүдийг шууд л инээдмийн эсвэл уянгын драм болгож чадахгүй ч айдсаа мэдэх, түүнээс чөлөөлөгдөхөд тусална гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. Мөн энэ л зарчмаар сайн сайхан үйл явдлыг төсөөлөн бодох, бичих, ярих нь түүнийгээ шөнө зүүдлэхэд түлхэц болдог.
Буруу хооллох, амрах цаг завгүй байх, ажлын ачааллаас болж хямрах зэрэг ахуйн шинжтэй тавгүйрхлийн улмаас хар дарж зүүдлэгсдийн хувь харин бүх зүйл амархан. Зөв хооллох, салхинд гарах, биеийн хүчний ажил эсвэл дасгал хийх, мэдээж сэтгэл санаагаа тайван байлгаж, стрессээс сэргийлэх. Ердөө л энэ.
Эцэст нь, тавтай нойрсоорой!