
Шинэ жилийн баярын ширээг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх Египтийн Фараон хүнсэндээ талхыг зөөлрүүлж элдэв самар, хатаасан жимс жимсгэнэтэй иддэг байжээ. Энэ арга нь улам бүр нарийсч, талхыг олон аргаар исгэж, амталж явсаар бялуу, бялууны кекс хийх үндсэн арга техникийг нээсэн гэдэг. Өдгөө бялуу нь та бидний баяр хөөр, тэмдэглэлт үйл явдал, баярт тохиол бүрийг хамт хуваалцдаг дэлхийн хэмжээний нарийн боов болжээ. Тэгвэл энэхүү амттанг урлаг болтлоо хөгжүүлж чадсан бүсгүйчүүд манайд олон бий. Тэдний нэг бол Г.Уянга гэх бүсгүй. Тэрээр өөрийн гараар хийсэн тортоороо хайртай дотныхоо хүмүүсийг баярлуулаад зогсохгүй захиалга авч хүргэж өгдөг гэнэ. Тиймээс бид ярилцлагынхаа зочноор урилаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганзоригтын Уянга гэдэг. Одоо МУИС-т маркетингийн магистраар суралцаж байна. Чөлөөт цагаараа бялуу хийх дуртай.
-Хэзээнээс бялуу хийж эхэлсэн бэ?
-Би багаасаа хоол хийх их дуртай хүүхэд байсан. Юм юмыг л дуурайж хийхийг хүсдэг байлаа. Тэгээд "Sweetkitchen" групп нээгдэхэд нь элсэж орж байсан. Ингээд бялуу хийх хүсэл минь улам нэмэгдсэн гэж хэлж болно. Хоёр жилийн өмнөөс бялуу хийж эхэлсэн.
-Бялуу хийх юугаараа онцлог вэ?
-Орчин үед бялууг ганцхан баяр гэлтгүй өдөр тутам хэрэглэж байна. Мөн бялууны чимэглэлийг урлаг болтлоо хөгжүүлж чаддаг болж. Дээрээс нь ойр дотныхон, хайртай хүмүүстээ бэлэглэх гайхалтай бэлгүүдийн нэг болж чадсан байна. Тиймээс ч хүнд бэлэглэхэд авч байгаа хүндээ маш гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг. Ер нь хүнийг баярлуулж байгаа тэр сэтгэл нь маш гоё санагддаг.

-Таны хийсэн бялуунуудыг харж байхад чимэглэлүүд нь үнэхээр нүдэнд тусаж байсан. Өөрийн эрхгүй хүний анхаарлыг татаж чадаж байна. Ер нь чимэглэл хийх санаагаа хаанаас олдог вэ. Хэр хэцүү вэ?
-Санаагаа олохын өмнө эхлээд захиалж буй захиалагч нартайгаа ярилцдаг. Юуны өмнө хийх санаагаа толгой дотроо зурдаг. Интернэтээс бас хардаг. Олсон санаагаа баяжуулаад ам зураг гаргадаг. Хийхдээ бүгдийг нь гараараа нэг бүрчлэн хийдэг. Ер нь гарын ур дүйтэй байх шаардлагатай юм билээ. Тортны хэв гэх мэт багаж хэрэгсэл байдаг ч гэсэн тэрүүгээр гаргаж болдоггүй загвар бий шүү дээ. Хүмүүс тийм нийтлэг зүйлийг сонирхохоо больсон. Ер нь л хэцүү, харахад яг л урлагийн бүтээл шиг байлгахыг хүсдэг болсон. Материалын хувьд ихэвчлэн кремээр хийдэг. Бас фондант гээд хөөсөн чихэр, сахрын пудр хоёрыг хольж хийсэн зуурмаг байдаг. Тэрүүгээр л голдуу хийдэг дээ.
-Анхны юм гэдэг сэтгэлд их хоногшин үлдсэн байдаг. Тэгвэл таны хамгийн анхны бялуу ямархуу болж байсан бэ?
-Ер нь анх хийж байхдаа 2-3 удаа бүтэлгүйтэж байсан тохиолдол байгаа. Хамгийн анх бялуу хийх гээд оролдоод зуурмагаа зуурч байх явцдаа гурил нь бага болчихож гээд баахан гурил нэмээд л байсан чинь яг талх шиг аймар нягтаршилтай болчихсон байсан. Дараагийн удаа хийхдээ арай гайгүй амттай болж байсан ч кремийг нь шингэрүүлчихсэн. Гэхдээ бүтэлгүйтэх тоолондоо “Ерөөсөө бүтэхгүй юм байна” гээд хаячихгүй, болохгүй, бүтэхгүй байгаа болгоноо сайжруулах гэж үздэг. Тэгээд нэлээд удаан оролдож байж захиалга авч эхэлсэн. Хамгийн анхны амтлагч нар гэрийнхэн минь байдаг.
-Та захиалгаар хийж хүргэж өгдөг гэсэн. Захиалга ер нь хэр их ирдэг вэ?
-Нэлээд их ирдэг шүү. Ойрын үед бүр их захиалгатай байгаа. Манайхан “Сезоны үе” гэж ярьдаг шүү дээ. Ойролцоогоор өдөрт 5-6 бялуу хийж байна.


-Өдөрт 5-6 торт хийхээр амждаг гэж үү. Нэг тортыг хэдэн цаг хийдэг вэ?
-Янз бүр байдаг л даа. Гэхдээ барагцаагаар нэг тортыг 1-2 цагт хийдэг. Заримдаа шөнөжин сууж хийх үе ч гардаг. Ерөнхийдөө 2-3 өдрийн өмнө захиалга аваад, яг авах өдөр нь хийж өгдөг.
-Ер нь сүүлийн үед эзэгтэй нар, бүсгүйчүүд маань бялууг гэртээ их хийдэг болжээ. Тэгвэл таны бялуу бусдаас юугаараа онцлог бол?
-Тийм шүү. Үнэхээр авьяаслаг, гэр бүлдээ цаг заваа гаргаж чаддаг бүсгүйчүүд олон бий. Би өөрийгөө тийм мундаг хийдэг гэж хэлэхгүй ээ. Надаас гайхалтай мундаг эгч нар олон байдаг. Би зүгээр л хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж чаддаг юм болов уу гэж боддог. Хийсэн бялууг минь олон хүн идээсэй, олон хүн баярлаасай, тэр хүмүүсийн нүүрэнд үргэлж инээмсэглэл тодорч байгаасай гэж хүсдэг. Би ихэвчлэн гадаадад суугаа монголчуудаас захиалга авдаг. Тэдний ээж аав, гэр бүл, эмээ, өвөө эсвэл найз нөхдийг нь баярлуулахаар тортоо хийдэг. Хэрвээ хүсвэл бялуутайгаа хамт цэцгийн баглаа, дарс, бэлэг сэлтийг ч хамт аваачиж өгдгөөрөө давуу талтай юм болов уу.
Ээж минь их гоё амттай хоол хийдэг. Тэгээд "Жоохон зүйл ч байсан хамаагүй түүнд сэтгэл зүрхээ зориулж чаддаг бай" гэж үргэлж хэлдэг байсан. "Үнэхээр тэгэж чадвал хийсэн зүйл чинь тэр хүндээ хоол биш эм болж очдог юм аа. Хүнийг баярлуулахаас өөр гайхалтай зүйл байдаггүй" гэдэг.

-Нэг тортыг хэдээр хийдэг вэ?
-Ямар чимэглэл хийхээс, хэр их ажиллагаа орохоос шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ дундаж үнэ нь 45000-50000 төгрөгийн хооронд байдаг. Үйлдвэрийн тортноос арай үнэтэй тусдаг л даа. Гэхдээ тухайн торт маань цор ганц бөгөөд зөвхөн ганцхан хүнд зориулагдаж хийдэг, дээрээс нь материалаа дор бүр нь авч шинэхэн дээр нь цаг алдалгүй хүргэж өгдөг болохоор тэр л дээ. Эндээс ердөө 10-15 хувь нь л надад ашиг болж үлддэг.
-Материалаа хаанаас авдаг вэ. Хэр олдоцтой байдаг вэ?
-Ихэвчлэн "Mercury", "Саруул" зах, "Бөмбөгөр"-өөс авдаг. Ер нь монголд тортны материал оруулж ирдэг газрууд нэлээд их болсон.
-Энэ чиглэлээрээ тэмцээн уралдаанд орж байсан уу?
-Улсын тэмцээнд орж байгаагүй. Гэхдээ "Sweet kitchen" дундаа зохиогддог тэмцээнд идэвхтэй оролцдог. Зун "Urkas Kitchen"-ээс зохиогдсон тэмцээнд багаараа ороод тэргүүн байрын шагнал авсан. Хамгийн сүүлд зарласан шилдэг найман эзэгтэйн нэгээр тодорсон.

-Танай гэр бүл ажилд тань их л тусалдаг байх?
-Тэгэлгүй яахав. Хэрэв ганцаараа байсан бол өдийд энэ хүртэл явж чадахгүй байсан. Манай гэрийнхэн намайг үргэлж дэмждэг. Байнга л "Болж байна уу, чадаж байна уу" гээд л. Их захиалгатай үед манай хоёр эгч хүртэл ирээд гэр цэвэрлээд өгдөг. Ер нь тусалж болох бүхий л зүйлээр тусалж дэмждэг.

-Сүүлийн үед бялуу хийдэг үйлдвэр, бэкери их болжээ. Мөн торт захиалгаар хийдэг хүмүүс ч ихэссэн. Тэгэхээр энэ салбарын зах зээл хувь хүнд хэр боломжтой байдаг юм бол?
-Бэйкеринүүд бидэнтэй тэрсэлдэх тал байдаг л даа. Биднийг гэртээ хийдэг, ариун цэврийн шаардлага хангахгүй, юугаар хийсэн нь мэдэгдэхгүй гэдэг. Үнэндээ бол бэйкеринүүдийнх ч бас эрүүл ахуйн шаардлага хангасан үгүйг нь бид хэлж мэдэхгүй. Бас хугацаа уртасгагч хийдэг. Харин бид шив шинээр нь хийгээд цаг алдалгүй хүргэж өгдөг. Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөн шүү дээ. Өнөөдөр миний торт муухай болсон бол дараагийн удаа хүн дахиж захиалахгүй. Хоёр дахь удаагаа захиалж байна гэдэг чинь тухайн хүнд тодорхой хэмжээгээр таалагдсан гэсэн үг. Юу сонгох нь тухайн хэрэглэгчийн л сонголт. Тийм учраас энэ тал дээр миний хувьд санаа зовох зүйл байхгүй гэж бодож байгаа.
-Хугацаа уртасгагч гэж юу юм бэ?
-Тусгай бодис байдаг. Тэрийг хийчихээр торт муудахгүйгээр хэдэн ч хоног хадгалагдаж чаддаг. Манайх дээд тал нь хоёр өдөр л чийгээ алдахгүй байж чаддаг. Харин дэлгүүрийнх аль гуравдугаар сарын 1-нд хийсэн хэрнээ мартын 8-ны мэнд хүргье гэсэн бичигтэй ч явж байдаг. Тэгэхээр 7-8 хоног хадгалж болж байна гэсэн үг.
-Анх таныг бялуу хийж эхлэхэд ойр дотныхон тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Ер нь найз нөхдийн дунд Уянгаа гэж нэг хоол хийдэг хүн байдаг юм шүү гээд бүр хоногшчихсон байдаг юм шиг. Одоо хүртэл баяр ёслол болоход хүмүүс хамгийн түрүүнд бялуугаа авдаг бол манай найзууд торт хэрэггүй ээ, Уянгаа хийгээд ирэх юм чинь гэдэг болчихсон.
-"Сайны хажуугаар саар" гэдэг. Захиалагчдад захиалгыг нь хүргэж өгөхөд таалагдахгүй ч юм уу эсвэл сэтгэлд нь хүрэхгүй тохиолдол гардаг уу уу?
-Нэг их гарч байгаагүй ээ. Ганц л тохиолдол байсан. Гэхдээ тэр бол миний буруугаас биш харин тухайн хүний өөрийнх нь буруугаас болсон. Захиалагчдаа тортоо хийгээд өгсөн боловч тэр хүн авч явахдаа машиныхаа шалан дээр тавиад бартаатай замаар явчихсан чинь тортны чимэглэл нурчихсан гэсэн. Тэгээд дараа нь над руу утасдаад "Хийсэн торт чинь эвдэрчихлээ. Би мөнгөө авья" гэсэн. Мэдээж миний буруу биш ч гэсэн өөрт нь эвтэйхнээр бурууг нь хэлээд мөнгийг нь буцааж өгсөн. Тэр хүн намайг үнэхээр муухайгаар хэлж байсан учраас тийм хар энергитэй зүйлийг өөртөө үлдээх хэрэггүй гэж бодсон юм. Гэтэл тэр хүн мөнгөө авсан хэрнээ тортыг буцааж өгөөгүй. Ийм л зүйл болж байсан. Харин дахиад ийм муухай зүйл тохиолдож байгаагүй. Бүгд л их дэмждэг.































