m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.23 02:49
2271
Исаак Ньютоны алим

Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн суут эрдэмтэн ноён Исаак Ньютон Английн Линкольншир гүнгийн эзэмшлийн Вүүлсторпд нэгэн тариачны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр английн Юлианы хуанлийн 1642 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр буюу Григорийн хуанлийн 1643 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр төрсөн байна. Түүнийг төрөхөөс 3 сарын өмнө эцэг нь нас барсан бөгөөд ээж Анна Эйскоу нь Ньютоныг 3 настай байхад дахин нөхөрт гарчээ. Нагац ах болон эмээгийнхээ гар дээр өнгөрсөн түүний хүүхэд нас тийм ч аз жаргалтай байгаагүй юм.

16 настай болсон хүүгээ ээж нь өөр дээрээ авч, аж ахуйд суралцуулахыг хүсэж байлаа. Гэсэн ч хүү нь мал маллахаас илүү механикт сонирхолтой байв. Тиймээс Исаакийг ирээдүйд их сургуульд суралцуулахын тулд дунд сургуульд оруулсан ажээ. 17 настай Исаак ангийнхаа Стори хэмээх нэгэн охинд дурласан ч тэр хоёрын харилцаа удаан үргэлжлээгүй нь Ньютоныг гэр бүлтэй болох хүсэлгүй болгосон юм. Энэ тухай Вольтер хэмээх эр “Би хэзээ ч Ньютоныг ямар нэг эмэгтэйтэй хамт байхыг харж байгаагүй” гэж бичсэн байдаг. 18 насандаа Ньютон Кембриджийн их сургуульд суралцахаар элсэн оржээ. Тэнд тэрээр 7 жилийн турш суралцаж байхдаа өөрийн багш,  магистр Исаак Барроунд ихэд үнэлэгдсэн юм.

Исаак Ньютон математик, физик, оптикийн салбарт маш том дэвшил гаргах болов. Тэрээр ердийн цагаан гэрэл нь цагаан өнгөтэй биш харин солонгын бүх өнгүүдийн нийлмэл болохыг тодорхойлжээ. Мөн модноос Ньютоны толгой дээр алим унасан нь таталцлын хуулийг нээх урам зоригийг түүнд өгсөн гэдэг. 1667 онд Ньютон Кембрижийн их сургуулийн, харин 29 насандаа эзэн хааны шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүнээр тус тус сонгогдсон байна. Тэрээр Лайбнизагаас үл хамаарсан интеграл болон диффренциал тоог нээсэн юм. Мөн ойдог тольтой телескопыг бүтээсэн ажээ.

1675 онд Ньютон гэрлийн тусгалын онолын тухай маш чухал бүтээл гаргасан нь хуучныг баримтлагч эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Тэрээр мөн 1687 онд “Philosophical naturalis, mathemat ica” буюу байгалийн гүн ухааны математик  эхлэл бүтээлдээ хэвлүүлсэн юм. Түүндээ дэлхийн татах хүч болон динамикийн хууль зэргийг тайлбарласан ажээ. Ээжийгээ алдсанаас болоод Ньютон 1692-1693 оны хооронд сэтгэлийн гүн хямралд ороод байв. 1695 онд түүнд хааны зоосны үйлдвэрийн хянагчийн албыг хариуцуулсан ч жилийн дараа Ньютон Лондонд амьдрахаар нүүж ирэн, харин 1703 онд эзэн хааны шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, мөн францын  шинжлэх ухааны хүрээлэнгийн гишүүн болсон юм.

1705 лнд хатан  хаан Анна түүнд язгууртны цол хэргэм олгожээ. Нас барахаасаа өмнө тэрээр он тооллын ажилд өөрийгөө зориулах болж томоохон бүтээлүүдээ туурвисан байна. Ингэхдээ тэр дэлхийн төгсгөл 2060 онд болно гэж тооцоолон гаргаж байжээ. Исаак Ньютон Лондон хотноо нас барсан ба түүнийг Англи улсын алдартнуудыг оршуулдаг Вестминстерийн оршуулгын газарт оршуулсан юм.