Өнгөрсөн шинэ жилээр чи ирээгүй
Гоёлын даашинз, хундага дарс, ганцаардсан сэтгэлтэй он дамжин чамайг хүлээсэн
Гацуур модны анивчсан гэрэл, хөрш эгчийн бууз , хүүхдүүдийн салют буудуулах чимээтэй цонхны хажууд уяатай өнжсөн
Цонхийсон царайтай өглөөг угтсан ч цоорхой сэтгэлээ өнгөрсөнд гээгээд цоо шинээр амьдарч эхэлсэн
Дуртай даашинзынхаа өнгийг сольсон, дурлалт залуугийн нэрийг ч мартсан, дураараа сэлгүүцсэн цагийг гээж дурайтал зорилгоо томоор бичсэн
ЗАЛУУ НАС, ЦАГ ХУГАЦАА ЗАМЫН ДУНДАХ ХОЛБООС гэж захиж өөрийгөө зоригжуулсан
Харин энэ жил хуримын бөгж, халаасанд төөнөх дурлалын захиа халуун янагийн үнсэлттэй цуг надад бий
Гоёлын даашинзын өнгө түрүү жилийнхээс тэс өөр номин цэнхэр, хэзээ ирэх нь үл мэдэгдэх хэнэггүй нэгний тоомжоргүй царай одоо үгүй...
Хээнцэр дэгжин биш ч гэлээ, хээгүй гүдэсхэн, гол нь надад хайртай хэзээний ухаалаг сайхан залуу
Туузан хатгамлаар цэцгэн хүрээ сүлжсэн, туяаран цалгилах дарсны ширээний ард хонгорхон намайгаа ирэхийг хүлээн хором бүрийг амьсгаа түгжин хүлээж суугаа
Хожигдолгүй яаран очноо... хамтдаа тэгээд зүрхэн дотроо...ХАЙР МИНЬ ҮҮРДИЙНХ гэж томоор сийлнэ
Харьж буй он сонсог ээ, хамгийн чангаар хашхиран үднэ ээ...
Энэ л бодлын хөврөх агшинд...
Хаа нэгтэйгээс хүүхдийн инээх дуу сонсогдож хацрыг минь үнэрлээд ирэх жил ээжийнхээ хэвлийд өвлийн өвгөний бэлэг тэвэрсээр өөрөө ирэхээ амлах шиг санагдав....
Шинэ жил...шинэ амьдрал....