Архангай аймгийн Цахир сум хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны өвөг эцэг Тожил хэмээх алдарт төмрийн дарханы үр удам учраас сийлбэрчин мэргэжлийг сонгосондоо хэмээн Хүүхдийн урлан бүтээх төвийн сийлбэрийн багш Б.Батцоож өгүүлсэн юм. Гэхдээ түүний энэ замналыг аав нь чиглүүлчж өгсөн аж.
Удам угсаа сайн байвал үр хүүхдэд нь өвлөгддөг гэх жишээг Б.Батцоож багшаас харж болно. Ураг зураг, оёмол, хатгамал гээд урлагийн бусад төрлүүд нь өнгө будаг, гоёл чимэгээс бүтдэг бол сийлбэр нь зорж сийлж бүтдэгээрээ ондоо юм. Иймээс модыг зорж, хасаж хийдэг тул сийлбэрийг хасах урлаг гэдэг ажээ. Тэрбээр Хүүхдийн урлан бүтээх төвийн бор хаалгыг сургуулиа төгсөн татан орсноос хойш 10 жил өнгөржээ. Өөрийн сурсан зүйлээ хүүхдүүдэд заан модоор ямар гайхалтай зүйлсийг урлаж болдогийг мэдрүүлсэн юм. Монгол хүүхдүүд бүгд л авьяастай гэж боддог. Үүнийг нь эцэг, эхчүүд анзаардаггүйд харамсдаг. Хүүхдүүдээ юунд сонирхолтой болох авьяасыг нь нээж хөгжүүлэх тал дээр дутмаг гэнэ. Түүн дээр шавьлан ирж байгаа хүүхдүүдийн 99 хувь нь ямар нэгэн хэмжээгээр авьяасаа нээн, юунд дур сонирхолтой болохоо мэддэг гэсэн юм. Монгол хүүхдүүдийн сэтгэлзүй болон бүтээлч санаа их өвөрмөц, дахин давтагдашгүй гэдгийг тэдний хийсэн бүтээлээс харж болно хэмээн Б.Батцоож багш өгүүлэв. Хүүхдүүддээ тэрбээр бүтээл бүхэн үнэ цэнэтэй хэмээн хэлэх дуртай аж. Ялангуяа өөрийнхөө гараар хөдөлмөрлөж хийсэн бүхэн амттай байдаг гэдгийг захидаг гэнэ.
Модыг зорж, хасаж хийдэг тул сийлбэрийг хасах урлаг гэдэг ажээ
Иймдээ ч тэрбээр уран бүтээлч хэсэг нөхөдтэйгээ нийлэн “Бодлын хэлхээ” ТББ байгуулан олон улсын байгууллагаас дэмжлэг аван алсмагдмал гэр хороололд амьдардаг болон дугуйланд явах боломжгүй хүүхдүүдэд сийлбэр болон уран зураг зааж өгдөг болжээ. Ямар учраас ийм ажил эхлүүлэх санаа төрснийг нь сонирхвол “Хүн өөрийнхөө гараар юм хийгээд сурчихсан байхад яадаг ч байсан идэх хоолтой, хоосон хонодоггүй юм. Иймээс гэр хорооллын амьдралын боломж тааруу ч хүүхдүүдийн авьяас, хүсэл сонирхолийг нээж, нэг зүйлч гэсэн сайн хийдэг болж мэргэжилтэй, ажилтай болоосой гэсэндээ, тэдэнд чаддаг зүйлээрээ бага ч болов оюуны хөрөнгө оруулалт хийхсэн гэсэндээ уг үйл ажиллагааг эрхэлж байгаа” гэлээ.
Шавьлан ирж байгаа хүүхдүүдийн 99 хувь нь ямар нэгэн хэмжээгээр авьяасаа нээдэг
Сийлбэрчин хүний дотор эрхтэн эрүүл байдаг аж. Учир нь үргэлж модны үнэр үнэрдэгт оршиж байгаа юм. Мод үнэртэйгээс гадна амьтай хэмээв. Тухайн модны судал, яр зэргийг хараад бүтээлийн санаа төрөхөөс гадна мод нь бараг өөрөө бүтээлийн санаа сэдэл өгдөг гэнэ.
Монголчуудын хувьд сийлбэр гэхлээр л монгол гэр, авдар, бурханы гүнгэрваа зэрэг хэрэглээний зүйлсээр ойлгодог байсан бол сүүлийн жилүүдэд урлаг тал руугаа бүтээл туурвих болжээ. Монголын сийлбэрийн урлал сүүлийн үед үндэсний онцлогийг шингээсэн модерн урсгалруу явах хандлагатай болж иржээ. Б.Батцоож багшийн шавь нараас арван хэдэн нь сийлбэрчин мэргэжлийг сонгон ажиллаж хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж байгаа гэнэ. Модон сийлбэрийн хувьд холимог техник буюу чулуу, арьс, цаас гээд төрөл бүрийн зүйлсийг ашиглаж болдогоороо онцлог аж. Гэхдээ сийлбэр дотроо мөсөн, чулуу, элсэн зэрэг олон төрлөөр урлагийн бүтээл хийж болно.
Хүн өөрийнхөө гараар юм хийгээд сурчихсан байхад яадаг ч байсан идэх хоолтой, хоосон хонодоггүй
Модыг зорж урладаг тул хасах урлаг хэмээн нэрлэдэг аж. Жоохон л алдаа гаргах юм бол засаж болохгүй тул уран ухаанаар, нарийн ур гаргаж сийлбэрийг хийдэг гэнэ. Сүүлийн үед сийлбэрийн машин оруулж ирэн янз бүрийн зүйл хийх болсонд тэрбээр сэтгэл гонсгор байгаа ч гараар хийсэн машинаар урласан бүтээл бүр ялгаатай хэмээн хэлсэн юм.
Хүний гараар хийсэн бүхэн үнэ цэнэтэй гэдгийг түүнтэй ярилцах үеэрээ мэдэрсэн юм. Тэрбээр хасах урлагийн багш ч гэсэн ч харин ч хүүхдүүдийг уг урлагт хөтөлж яваа “нэмэх урлагийн” багш хэмээн тодотгомоор байна.
Хүүхдүүдийг уг урлагт хөтөлж яваа “нэмэх урлагийн” багш хэмээн тодотгомоор байна