Стресс гэж бид ярихдаа түүний нөгөө тал болох гоо сайхан гэдэг асуудлыг орхигдуулж байжээ. Өнөөгийн “галзуу” цаг үед стресс хүний сэтгэл санаа төдийгүй гадна төрх байдалд “тусаж” сөрөг нөлөө үзүүлж олон асуудлыг бий болгодог.
Батга.
Хүн сайн, муу гээд хэдий чинээ олон асуудалтай байна, нүүрэнд нь төдий чинээ их батга гардаг ажээ. Хэлэлцээ, ажил хэрэгч уулзалт, шинэ төсөл, нууц амрагтайгаа тохирсон болзоо, том баярын бэлтгэл гээд бүх асуудал хүний нүүр царайнд ямар нэгэн байдлаар тусаж байдаг. Стресс нь бөөрний булчирхайн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж кортизоны гормоны эрчтэй ялгаруулалтыг өдөөдөг. Энэ гормон нь биеийн эрчим хүчний нөөцийг чөлөөлж ачааллыг хөнгөн давж туулахад тус дэм болж тесторен гэсэн өөр нэгэн гормоныг илүү ихээр ялгарахад хүргэдэг. Тесторен нь арьсны тослог байдлыг нэмэгдүүлж түүнээс улбаалан батга гардаг юм.
Нүдний доорх хөх туяа, хавдалт.
Хүн унтахгүй бол цусны эргэлт, тунгалгийн тогтолцооны эргэлт саатаж бие дэх шингэн эд эс дотор ихээр хуримтлагдсанаар, тухайлбал нүдний эргэн тойронд хөх туяа, хавдалт бий болдог.
Үрчлээ.
Стрессээс болж зүрх, элэг зэрэг биеийн чухал эрхтэний цусан хангамж нэмэгдэнэ. Хорвоод ор хоосноос юу ч бий болдоггүй билээ. Зүрхэнд цус ихээр хэрэгтэй болоход бусад эрхтнээс цусыг нь тухайлбал арьснаас татан авдаг. Түүнээс улбаалан арьсны эд эсийн төлжилт удааширч арьсан дээр үрчлээ бий болж өнгө зүсээ алддаг.
Загатнаа, арьс гуужилт.
Стресс нь тухайн хүнд “нуугдмал” байсан харшлийг илрүүлж аль хэдийнээ илэрсэн харшлыг сэрээдэг. Хүний биеийн хамгаалах систем нь стрессийн байдлын улмаас харшил өдөөгчийг цусанд шингэж арьсан дээр загатнаа, арьс гуужилт үүсэж арьс улайдаг.
Байнгын арчилгаа.
Оо энгэсэг түрхдэг хэвшсэн дэглэмээсээ татгалзах нь буруу. Арьсаа арчлахгүй байх нь байнга арчилж байхаас санаа амар нь амар л даа. Арьсаа чийгшүүлж байнга арчин цэвэрлэж байснаа болих нь эмэгтэй хүний сэтгэл санаанд тэр даруй нөлөөлнө. Тэр үед урьдынхаа илүү хүчин чармайлт гаргаж илүү их зардал гаргах болдогыг эмэгтэйчүүдэд сануулахад илүүдэхгүй биз ээ.