m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.25 07:30
547
Карл Маркс Коммунизмын эцэг

Карл Хенрих Маркс нь XIX зууны томоохон сэтгэгчдийн нэг байв. Тэрээр ардчилсан үзэлтэй еврей гэр бүлээс гаралтай бөгөөд шашин нь хуульч, эмчээр ажиллахыг зөвшөөрдөггүй байсан учраас түүний аав лютеранизм буюу лютераны  шашинд оржээ. Карл Маркс 1835 онд Бонны их сургуулийн хууль, гүн ухааны тэнхимд элсэн орсон бөгөөд дараа нь Берлинд үргэлжлүүлэн суралцсан юм. 1842 оноос тэрээр Кёльн дахь сөрөг хүчний “Ринын сонин”-ны ахлах редактороор ажиллаж эхэлжээ.

Пруссын засгийн газраас хавчлага үзүүлж байсан тул 1843 нд уг сонин хаагдаж, Маркс Парис хот руу нүүн тэндээ Арнольд Ругтэй хамтран цагаач иргэдэд зориулсан сэтгүүлээ гаргах болов. Гэсэн ч энэхүү сэтгүүлийн ганц дугаар л хэвлэгдсэн юм. Түүнд Маркс ард иргэдийг уриалсан өөрийн үзэл бодлоо анх удаа нийтэлж байжээ. Тэрээр “Ажилчин анги” хувьсгалт тэмцлийн замаар капитализмыг нуран унагаж, оронд нь нийгмийн ардчилсан тогтолцоог байгуулах ёстойг зарлаж байлаа. 1844 онд Маркс философич, Германы ажилчны хөдөлгөөний тэмцэгч хожмоо түүнтэй хамтран коммунизмыг үндэслэсэн Фридрих Энгельс (1820-1895)-тэй танилцсан юм.

Энгельс чинээлэг худалдаачны гэр бүлээс гаралтай нэгэн байв. Гэтэл Маркс мөнгө олохдоо авъяасгүй байсан бөгөөд эхнэрийх нь инжинд дагалдаж ирсэн хөрөнгө дуусаад ирмэгч гэр бүлийнхээ хамтаар найзынхаа мөнгөөр амьдардаг болжээ. 1845 онд Маркс улс төрийн үзэл бодлоосоо болон Парисаас хөөгдөн Брюссельд очсон юм. Тэрээр Энгельсийн хамтаар “Германы үзэл баримтлал” зэрэг бүтээлээ туурвиж нийгмийн өөрчлөлтийг өдөөдөг хүч нь шашин болон философи юм гэсэн үзлийг шүүмжилж байлаа. Түүнийхээр эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг өдөөдөг жинхэнэ хүч нь хүнийг бүх талаар тэгш байдалд хүргэдэг эдийн засгийн процесс юм.

Маркс коммунист холбоог хамтран байгуулсан бөгөөд 1847 онд уг холбоондоо гишүүнээр элсжээ. 1848 онд тэрээр Энгельсийн хамтаар “Коммунист тунхаглал” хэмээх коммунист холбооны хөтөлбөрийг боловсруулсан байна. Тэд хамтдаа нэг, хоёрдугаар социалист интернационал хуралд оролцсон юм. 1848 оны хувьсгал ялсны дараа Маркс Бельгээс хөөгдөн гарсан бөгөөд үлдсэн амьдралаа Лондонд өнгөрүүлжээ. 1867 онд Марксын гол бүтээл болох “Капитал” бүтээлийн тэргүүн боть хэвлэгдэв. Энэ бүтээлдээ тухайн үеийн эдийн засгийн байдлыг судалж, шүүмжилсэн байлаа. Түүний энэ үзэл нь марксизм хэмээн нэрлэгдэж үлджээ. Өөрөөр хэлбэл түүхийн дийлдэшгүй хүч бол үйлдвэрлэгч хүчний хөгжил болон ангийн тэмцэл юм гэж тэрээр тайлбарласан юм.

“Нөхцөл байдал нь мэдлэгийг тодорхойлдог” гэвч үнэн чанартаа “мэдлэг нь нөхцөл байдлаар тодорхойлогддог” буюу үзэл санаа, соёл урлаг, философи ухамсар нь хүний материаллаг нөхцөл байдлаас үүсдэг байна. Тийм нийгэмд бурхан, шашин байх боломжгүй ажээ. Карл Маркс 1883 оны гуравдугаар сард нас барсан юм.