Мао Зэдун нь Хунань мужид чинээлэг тариачны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1911 онд Хятадад хувьсгал гарахад хувьсгалт армид элсэн орсон бол 1912-1918 оны хооронд Чангша хотод суралцсан юм. Улмаар 1921 онд болсон Хятадын коммунист намыг байгуулах хуралд оролцон намын үйл хэрэг, үзэл баримтлалыг хөдөө тосгодуудад түгээх ажлыг хийх болсон байна.
Чухам тэр үедээ Мао коммунистууд тариачдыг хувьсгалын гол хүч болох ёстойг ойлгосон гэдэг. 1924-1949 оны хооронд Хятадад иргэний дайн өрнөсөн бөгөөд уг дайнд Мао идэвхтэй оролцож байсан юм.Цзянси-ээс Шаньси хүртэл явсан Хятадын ажилчин тариачны улаан армийн давшилт, Их аян буюу Хятадын төрийг тухайн цагт удирдаж байсан гоминданы намтай өрнөсөн тулааны үеэр тэрээр намынхаа удирдлагыг бүрэн авсан байна. Гоминданчуудтай хийсэн тулаанд коммунистууд ялалт байгуулснаар 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Мао Зэдун Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаныг зарлан тунхаглажээ.
Мао Хятадын Коммунист Намын Төв Хорооны дарга болсныхоо дараа эхэндээ зөвлөлтийн коммунист намын үйл хэргийг үлгэрлэн дуурайж байлаа. Гэсэн ч Сталин нас барсны дараа тэрээр зөвлөлтийн коммунистуудыг хувьсгалын үзэл суртлаасаа урваж байна хэмээн шүүмжилж, өөрсдийн коммунист үзэл суртлыг боловсруулан, дэлгэрүүлэхийг зорих болов. 1958 онд тэрээр Их Үсрэлт буюу улсын үйлдвэржилт, хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилго бүхий хөтөлбөрийг зарласан юм. Чухам ингэж хятадын хөдөө тосгодуудад төмрийн үйлдвэр бий болж, хөдөө аж ахуйг хүний хүчээр хөгжүүлэх болсон ажээ. Гэвч уг хөтөлбөрийн үеэр тус улсад 20-40 сая хүн өлсгөлөнгийн улмаас нас барсан юм. Ийнхүү боловсруулсан хөтөлбөр нь үр дүнгээ өгөөгүй учир, мөн нам доторх зөрчил улам дэвэрснээр Мао БНХАУ-ын төрийн тэргүүний албан тушаалаасаа буусан байна. Харин 1966 онд Мао эрх мэдлээ эргүүлэн олж авахын тулд капиталист үзэл баримтлалыг дэмжигчдийн эсрэг Соёлын хувьсгалыг зарлав. Түүний эл үйл хэрэгт хожмоо Дөрвийн бүлэг гэж нэрлэгдэх болсон маршал Линь Бяо, Цяан Цин, Ван Хунвэнь, Яо Вэньюань нар оролцсон ажээ.
Тэд зорилгоо хэрэгжүлэхийн тулд дан залуучуудаас бүрдсэн “Улаан гвардчууд”-ыг ашигласан бөгөөд үүний улмаас хэдэн арван сая хүн хэлмэгдсэнээс хэдэн сая нь нас барсан юм. Тэд маш олон эрдэмтэн мэргэдийг хөдөө тосгод руу цөлсөн бөгөөд улмаар улаан хамгаалагчдын хорлон сүйтгэх ажиллагаа хяналтаас гарч эхэлжээ. Ийнхүү залуучуудын дунд Маог агуу удирдагч хэмээн тахин шүтэх үзэл хүчээ авч түүний бичсэн “Мао удирдагчийн бодол” хэмээх улаан ном хятад айл бүрт байх болов. 1969 онд Мао Зэдун соёлын хувьсгал дууссаныг зарласан боловч үнэн хэрэгтээ энэ нь түүнийг нас барж, дөрвийн бүлгийнхэн хоригдсоноор дууссан юм.