m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.26 04:36
842
Танасан гэсэн таагүй үгээр халхавч бүү хийгээсэй

МҮОНРТ-ийг тойрсон хэл ам тасрахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хамгийн сүүлд тус телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар энэ сарын 8-ны өдрийн захирамжаар МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг ажлаас халах тушаал гаргасан юм.Тэднийг ийнхүү ажлаас халах болсон шалтгааныг дурдвал Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн бол дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр халах тушаал гаргасан байдаг.  

Харин Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг ажлаас халсны дараа буюу энэ сарын 23-ны өдөр шинэ удирдлагуудыг дахин томилсон. Тодруулбал МҮОНРТ-ийн дэд захирлаар Ц.Лхагвадаш, МҮОНТ-ийн захирлаар О.Батцэнгэл нарыг томилсон билээ. Гэсэн ч маргааш нь буюу энэ сарын 24-ны өдөр  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлаас халах тухай дээрх захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг эргүүлэн ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийг гаргалаа.    

Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр гараагүй байхад Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарын орны хүмүүсийг М.Наранбаатар захирал аль хэдийн томилсон нь хууль бус үйлдэл байлтай. Харин одоо нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир тэднийг албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүй ёсны хэрэг болов уу.

 

Түүнчлэн УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох эсэхийг хэлэлцсэн юм. Тус зөвлөлийн гишүүдэд Б.Батбаяр, Д.Нямсамбуу, Б.Золбаяр, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, З.Энхболд нарын хүмүүс нэр дэвшсэн бөгөөд тэд УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч томилогдсон билээ. Энэ үеэр тэдэнд хандаж хатуу болоод үнэн үгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Энэ зөвлөл 2005 онд анх байгуулагдсан юм. Түүнээс хойш бие даачих байх, хараат бус болж, улс төр, засгийн газрын гар хөл болохгүй байх гэж их горьдож байлаа. Харамсалтай нь одоо хүртэл энэ биелэлээ олсонгүй. Монголд хэвлэлийн эрх чөлөө хэзээ бий болох вэ, Улстөрчдийн гарт хэвлэл мэдээллийн байгууллага байсан цагт нар гарахгүй. Харин эдгээр нэр дэвшиж байгаа хүмүүс хэн нэг улстөрчийн хараанд бүү ороосой гэж хүсч байна" гэж хатуухан хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Баярцогт ”МҮОНРТ одоо HD болох хэрэгтэй. Шууд дамжуулалттай, шуурхай байх ёстой" хэмээсэн.

МҮОНРТ одоо HD болох хэрэгтэй

Харин УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж дорвитой хэдэн үг хэлэв. Тэрбээр ”Төсвийн 50 хувь нь алга болчихсон аймшигтай газарт та нар очиж байна. Хувийн телевизийн 100 хүний гаргаж болох эфирийг 700 хүн явуулж байгаа. Мөн МҮОНРТ хулгайн кино гаргахыг зогсоох шаардлагатай. Та бүхэн үүнийг цэгцлээрэй. Байнгын хороотойгоо холбоотой байж сайн ажиллаарай" гэсэн үүрэг даалгаварыг өгөөд гаргасан билээ.

Харин УИХ-ын дарга  өчигдөр хэлсэн үгнээсээ болж МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэд албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан юм.

Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хүргүүлсэн шаардлагын хариу болгож чуулганы хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс уучлалт хүсч, хэлсэн үгэндээ залруулга хийлээ. Тэрбээр ”Хэлсэн үгийг минь та бүгд буруу ойлгосон байна. Сайн ойлгохын бол телевизийн 100 хүний хийдэг ажлыг 700 хүний хүчээр хийдэг гэж ярьсан .Тэрнээс биш 700 хүнийг архи уудаг талаар яриагүй юм. Архидалт аймшигтай,замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамааралтай. Олон жилийн түүхтэй хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан байгаа. Тэр нь захирал Н.Наранбаатарыг тойрон хүрээлж байгаа дарга нарт хамаатай. Тийм учраас энэ байдалдаа анхаарч ажиллахыг сануулж, Үндэсний зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд хандаж ийм үг хэлсэн. Энэ үг уран бүтээлч та бүгдэд буруу ойлгогдсон бол уучлалт гуйж байна. Харин миний хэлсэн үгийг ашиглаж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө та бүхнийг бослого, тэмцэлд уриалж байгаа удирдлагуудынхаа санаархалд битгий автаарай гэдгийг сануулъя. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНРТ-ийн удирдлага түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүсээс уучлалт гуйхгүй. Үүгээр өчигдөр орой хүргүүлсэн  МҮОНРТ-ийн шаардлагын хариуг өгч байна” хэмээлээ.  

Архидалт аймшигтай,замбараагүй байдал гэдэг нь МҮОНРТ-ийн М.Наранбаатар тэргүүтэй дарга нарт хамааралтай

 

Түүнчлэн МҮОНРТ нь үндсэн гурван чиглэлээр орлого олдог. Нэгдүгээрт төсвийн дэмжлэгээр, хоёрдугаарт айл өрхүүдээс авдаг хураамжнаас, эцэст нь нийгмийн шинж чанартай зар сурталчилгааны төлбөр зэргээс орлогоо олдог аж. Жил бүрийн төсөвт МҮОНРТ-ийн зардал багтдаг. Ирэх жилийн төсөвт гэхэд  энэ нь 7.2 тэрбум төгрөгөөр яригдаж байсан. Гэсэн ч энэ их хэмжээний мөнгийг МҮОНРТ-д хуваарилах шаардлагагүй хэмээн УИХ-ын зарим гишүүд эсэргүүцсэнээр 50 хувийг нь буюу 3.6 тэрбум төгрөгийг МҮОНРТ зарцуулах болсон. Гэсэн ч төсвөө 50 хувь тануулсан тус газрын хувьд 3.6 тэрбум гэдэг цаашид үйл ажиллагаагаа явуулахад хангалттай их мөнгө. Тэгэхээр танасан гэсэн таагүй үгээр халхавч хийлгүй төсөвлөж өгсөн 3.6 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулаасай.

Танасан гэсэн таагүй үгээр халхавч хийлгүй төсөвлөж өгсөн 3.6 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулаасай

Эцэст нь МҮОНРТ-ийн үйл ажиллагаа сайжрах эсэх нь Үндэсний зөвлөлийн гишүүдээс гадна удирдлагуудаас хамааралтай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.