m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.26 07:31
1993
Монгол Улсын 28 Ерөнхий сайдын хөрөг

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. Ингээд 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар Ерөнхий сайдыг МАХН томилдог байв. 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар БНМАУ-ыг тунхаглаж, Ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгдсөн байна. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж эхэлсэн байна. Харин энэ нэрний өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байнаа гэж үздэг бөгөөд Засгийн газрын тэргүүнийг Ерөнхий сайд гэж тооцдог юм.

Ингээд Mass.mn сайтын Гэрэл зураг түүх өгүүлнэ булангийн энэ удаагийн дугаарт үе үеийн Ерөнхий сайдуудын хөргийг толилуулж байна. Тус хөргүүдийг Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлуулсан байдаг билээ.

Анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн

Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1912 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайдаар долоон жил ажилласан байна.

Гончигжанцангийн Бадамдорж  

1919-1920 онд Хаант Монгол улсын ерөнхийд сайдын албыг хашсан.  Монгол улсын шашин, төрийн зүтгэлтэн. 1895 онд Богд хааны зараалаар Санкт Петрбург орж Оросын ззэн хаантай уулзаж, Монголыг Манж чин улсын эрхшээлээс гаргаж, тусгаар улс болох хэрэгт тусламж үзүүлэхийг хүсч байсан анхны элч билээ.

Дамбын Чагдаржав

Ардын түр засгийн газрыг байгуулахад 1921 оны гуравдугаар сараас Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 1921 онд чөлөөлөгдөж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.

Догсомын Бодоо

Монгол улсын дөрөв дэх ерөнхий сайдаар 1921оны дөрөвдүгээр сараас 1922 оны нэгдүгээр сар хүртэл ажиллажээ. Тэрбээр  Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв.

Содномын Дамдинбазар 

Монгол улсын тусгаарлах хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэсэн, тав дахь Ерөнхий сайд нь байв. Түүнийг мөн Барон Унгерний засгийн газар доор ерөнхий сайд байсан гэдэг боловч зарим эх сурвалжууд Дотоод явдлын сайд байсан хэмээн заадаг.

Хичээнгүй сайд хэмээх Б.Цэрэндорж  

1923- 1928 оны хооронд Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайдаар ажиллаж байв. Монголын Автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүний нэг хэмээдэг.

Агданбуугийн Амар

Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1928-1930 оны хооронд долоо дахь, 1936- 1939 оны хооронд 10 дахь Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. Ингээд 1939 онд баривчлагдаж, 1941 онд Москва хотод цаазаар авах ял оноожээ.

Цэнгэлтийн Жигжиджав 

1930 оны дөрөвдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. 1932-1933 онд Худалдаа зам тээвэр, харилцан нэвтрэлцэх яамны сайдаар ажиллаж байв.

Пэлжидийн Гэндэн

1932 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч ЗХУ-д амрахаар яваад 1937 оны 7 сарын 10-д эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагдан баривчлагдаж, 1937 оны 11 сарын 26 ны өдөр ЗХУ-д цаазлагджээ. 1962 онд П.Гэндэнгийн нэр төрийг цагаатгасан хэдий ч 1990 он хүртэл түүний нэрийг хэвлэл мэдээллээр дурдахыг хорьж байсан байна. 1993 онд түүний охин Цэрэндулам амьдарч байсан байшинд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг нээжээ.

Хорлоогийн Чойбалсан

1939 оноос нас барах хүртлээ буюу 1952 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байлаа. Энэ хугацаанд түүнийг олон хүн хэлмэгдүүлэн алсан гэдэг ч Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн гавьяа ихтэй хүн байв.

Юмжаагийн Цэдэнбал

1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. Түүнчлэн тэрбээр БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал цолтой.

Жамбын Батмөнх

Монголын сүүлчийн коммунист удирдагч юм. Тэрбээр Монголын төрийн зүтгэлтэн бөгөөд БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор хүн юм. Тэрбээр Ерөнхий сайдаар 1974 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын 12 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллажээ.

Думаагийн Содном

1984-1990 онд Ерөнхий сайдаар ажиллаж байгаад Ардчилсан хувьсгал ялснаар огцорсон юм.

Шаравын Гунгаадорж

1990 онд зургаан сарын хугацаанд Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр  "Агро" ХХК-ний үүсгэн байгуулагч бөгөөд хөдөө аж ахуйн ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн юм. Мөн 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон ажиллаж байжээ.

Дашийн Бямбасүрэн

Ардчилсан нийгмээс сонгогдсон анхны Ерөнхий сайд байв. Тодруулбал, 1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаад 1990 оны Ардчилсан сонгуулийн дараа есдүгээр сарын 10-нд БНМАУ-ын Засгийн газрын сүүлчийн Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Энэ үе бол Монгол орон социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хамгийн эгзэгтэй хүнд үе байсан бөгөөд тэрбээр олон намын "Эвслийн Засгийн газар"-ыг эмхлэн толгойлж байв.

Пунцагийн Жасрай

Монголын улс төрч, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр 1992-1996 он хүртэл Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байв.

Мэндсайханы Энхсайхан

Гадаад хэргийн яаманд эдийн засагч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, МҮАН-ын дарга тэрбээр 1996- 1998 онд Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байв. Харин одоо шинээр байгуулагдсан Шийдлын Засгийн газарт Монгол Улсын сайдаар томилогдон ажиллаж байна.

Цахиагийн Элбэгдорж 

Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь 1998 онд найман сарын хугацаанд 19 дэх, 2004- 2006 онд Засгийн газрын 23 дахь тэрүүнээр ажиллаж байжээ.

Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгосон ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг юм. 

Жанлавын Наранцацралт

1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан чадварлаг  улс төрчдын нэг юм. Тэрбээр 2007 онд Дундговь аймагт болсон хуралд оролцоод буцаж явах замдаа автомашины осолд орж нас баржээ.

Ринчиннямын Амаржаргал

Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын тав дахь тэргүүнээр 1999 оны 7 сард томилогдсон.

УИХ-д  ардчилсан хүчин олонхи болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болж байсан. Үүнээс хойш дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 Намбарын Энхбаяр

МАХН-ын дарга Н.ЭНХбаяр 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, Ерөнхий сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 Миеэгомбын Энхболд

2006-2007 онд 24 дэх Ерөнхий сайдаар томилогдон ажиллав.

Санжаагийн Баяр

2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1 хувийн саналаар Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Харин 2009 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн юм.

Сүхбаатарын Батболд

Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээж, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байв.

Норовын Алтанхуяг

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр 2012 оны наймдугаар сарын 9-нд томилогдоод 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр  огцорсон юм. Түүний огцорсон шалтгаан нь эдийн засгийн хямрал юм. Тэрбээр хоёр жил, гурван сар ажилласан амжилтаараа Ардчилсан намын түүхэн дэх хамгийн удаан засгийн эрх барьсан Ерөнхий сайдаар тодроод буй.

Чимэдийн Сайханбилэг

Шинэчлэлийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай өрсөлдөж олонхийн саналаар Ерөнхий сайд боллоо. Эдийн засгийг аврах багаа бүрдүүлээд байгаа түүний халамж хасах шийдвэр шинэ он гаргах гэж буй энэ өдрүүдэд иргэдийг багаггүй стресстүүлээд байгаа юм.