Улиран одож буй 2014 он монголчуудын хувьд баяр баясал, амжилт бүтээл, алдаа оноо зэрэгцсэн жил болж өнгөрлөө. “MASS.MN” сайтын хамт олон 2014 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна.
УЛС ТӨР
Шинэчлэлийн Засгийн газар огцров
МАН-ынхан АН-ын зарим гишүүдтэй хамтран Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан.
Учир нь эдийн засгаа элгээр нь мөлхүүлсэн гэх шүүмжлэлийг МАН-аас хүртэж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 дугаар сарын 2-ны өдөр Шинэчлэлийн Засгийн газрыг илүү үр дүнтэй ажиллуулахын тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай болж ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.
Харин үүнээс тав хоногийн дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар тогтоолын төслийг баталсан билээ. МАН-ын дайралт багасах үед Ерөнхий сайд МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээг дур мэдэн байгуулсан нь гал дээр тос нэмэв. Түүний эл үйлдлийг АН-ын “Шонхор”, МоАХ фракцынхан эсэргүүцэж МАН-тай хамтран аравдугаар сарын 16-ны өдөр огцуулах саналаа УИХ-д өргөн барив.
Харин тогтоолын төсөлд улс орны эдийн засаг, нийгмийн салбар бүхэлдээ хямралд орж, иргэдийн амьдрал ахуй уруудан доройтсоныг дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт нотолж байгааг уг УИХ-ын тогтоолын төсөлд онцлон дурджээ. Ялангуяа валютын ханшийн хямрал, төлбөрийн тэнцлийн алдагдал хэр хэмжээнээсээ хэтэрч, олон мянган аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж, ажилгүй, орлогогүй монгол хүний тоо эрс нэмэгдсэнийг Засгийн газрын алдаатай бодлогын илрэл гэж дүгнэсэн юм.
Ерөнхий сайдыг огцруулах саналыг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүдийн 54.5 хувь буюу олонхийн саналаар түүнийг огцруулах шийдвэрийг гаргасан юм. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хоёр жил, гурван сарын турш Засгийн эрх барьснаар АН-ын түүхэн дэх хамгийн удаан засаг барьсан Ерөнхий сайдаар тодров.
Шийдлийн Засгийн газар байгуулагдав
Энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилох шийдвэрийг гаргасан. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Ардчилсан намын ҮЗХ-оос гаргаж, үүнийг нь УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж, Ерөнхийлөгч соёрхон, улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцорсны дараа УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж байсан ч АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноос Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсон даруйдаа Ардчилсан намын ҮЗХ-оос гаргасан шийдвэрийн дагуу УИХ-д суудалтай бүх нам, эвсэлтэй Засгийн газарт хамтарч ажиллах санал хүргүүлж, улмаар хамтрахаар болсон билээ.
Шинэчлэлийн Засгийн газарт сөрөг хүчин байсан МАН, АН-аас гаргасан саналыг хүлээн авч намын бус ард түмнийхээ эрх ашгийг бодож, улс орны эдийн засгийг сайжруулахын тулд ийм шийдвэрийг гаргалаа хэмээн Шийдлийн Засгийн газарт хамтарсан. 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр УИХ хуралдаж Шийдлийн Засгийн газрын бүтцийг 15 яам, 18 сайдтай байх асуудлыг шөнө дөл болтол хэлэлцэн Монгол Улсын Засгийн газар элэг бүтэн болсон.
Ардчилсан намаас томилогдсон сайд нар:
1. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
2. Хууль зүйн сайд Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
Монгол Ардын намаас томилогдсон сайд нар:
1. Шадар сайд У.Хүрэлсүх
2. Сангийн сайд Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг
5. Зам тээврийн сайд Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
“Шударга ёс” эвслээс сонгогдсон сайд нар
1. Монгол Улсын сайд М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар ажиллаж байна.
Дэлхийг Монгол руу хандуулсан төрийн айлчлал
Жил бүр Монголд дэлхийн бусад орны төрийн өндөрлөгүүд ирдэг ч 2014 онд мөнхийн хөрш их хоёр гүрний тэрийн тэргүүн айлчилсан нь Монголын зүг дэлхий анхаарахад хүргэсэн.
Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай 26 гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг байгуулсан. Энэхүү гэрээ хэлцлүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий стратегийн баримт бичгүүд болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн наймдугаар сарын 21-22-ны өдөр айлчилсан. Хятадын удирдагч 11 жилийн өмнө манай улсад айлчилж байсан бөгөөд тэрбээр даргын албан тушаалаа аваад анх удаа Монголд ирсэн нь энэ юм.
Үзэглэсэн гэрээ хэлцлийн дийлэнх нь буюу 16 нь эдийн засаг, банк санхүү, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг зохицуулсан баримт бичгүүд байлаа. Мөн “Ялтан шилжүүлэх гэрээ” болон Хятад улсын далайн боомтуудаар дамжуулан Монгол Улс далайд гарцтай болсон зэрэг олон чухал түүхэн гэрээнүүдийг үзэглэсэн юм. Хятадад ойрын таван жилдээ 1000 оюутан нэмж сургах, цаашлаад Засгийн газрын тэтгэлгийг нэмж 1000 оюутанд олгох сайн мэдээг дуулгасан. Мөн Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байгааг онцолж байлаа.
БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлалын хоёр дахь өдрөө УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлсэн бөгөөд энэ үеэр Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс ишилж, монгол ардын зүйр үгсээр чимэг хийсэн нь албан ёсны айлчлалд төдийлөн анзаарагдаад байдаггүй дотно уур амьсгалыг бүрдүүлсэн хэмээн зарим хэвлэл мэдээллийнхэн онцолж байв.
Үдлээд буцсан В.Путин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр ажлын айлчлал хийсэн билээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг дагалдаж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Трутнев, Эрчим хүчний сайд Александр Новбак, Алс дорнодын хөгжлийн сайд Александр Галушка, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин болон бизнесийн салбарын бусад төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд багтсан билээ.
ОХУ-ын удирдагч 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа мөн айлчилж байв. Тэрбээр гурав дахь удаагаа Монголд хөл тавьсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс 15 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал гэрээ хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хооронд 30 хоногийн хугацаатай визгүй зорчих асуудлыг шийдвэрлэсэн юм. Мөн тэрбээр Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан олон арга хэмжээнд оролцсон. Тухайлбал Жуковын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай зоог барьсан билээ.
Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлал хэдийгээр Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулагдсан ч худалдаа-эдийн засгийн харилцааны талаар онцлон ярилцсан байдаг. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн ажлын айлчлал долоон цаг гаруй үргэлжилсэн ч хоёр улсын найрамдал харилцааг идэвхжүүлж, дахин сэргээсэн гэж болохуйц түүхэн айлчлал болсон хэмээн хоёр тал үзсэн билээ.
ЭДИЙН ЗАСАГ
Үйлдвэрүүд үүдээ нээлээ
Эдийн засаг хүнд, ашиг гэхээсээ илүүтэй алдагдал дагуулсан нь Монголд хэд хэдэн үйлдвэр үүдээ нээж гэгээтэй мэдээг монголчуудад хүргэсэн.
Энэ онд дотоодын дөрвөн том үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд дотоодын зах зээлийн 30-80 хувийг хангах хүчин чадалтай нь юутай сайн.
Хөгжлийн банкны гаргасан судалгаанаас үзэхэд, энэ онд экспортын өсөлтийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах чиглэлээр Хөгжлийн банкнаас Уул уурхайн салбарт 416.5 тэрбум төгрөг, Үйлдвэрлэлийн салбарт 395.7 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрүүдийн салбарт 269 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийсэн нь улс орны нийгэм, эдийн засагт бодитой нөлөөлөхүйц үр дүн гарч байгаагийн илрэл болж байна хэмээн шинжээчид үзэж дүгнэв.
Тодруулбал, санхүүжилт авсан байгууллагууд, үйлдвэрээ нээж, зарим нь тоног төхөөрөмжөө шинэчлэн, өргөтгөж амжилттай ажиллаж байна.
1.Монгол Улсын анхны металлургын цогцолбор “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр”-ийн нээлт боллоо.
2.“Эрдэнэт хивс” компани үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийлээ. Тус хамт олон дэлхийн 19 оронд бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн.
3.“Монгол Ташуур Констракшн” ХХК –ийн "Цагаан замаскны үйлдвэр"үүдээ нээлээ. Плитаны цавуу, цагаан цавуу, хөөсөнцөрийн цавуу, хар замаск зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 65 хувийг хангах төлөвлөгөөтэй хамт олон ажлаа эрчимтэй хийсээр байна.
4.“Best Shoes” ХХК-ийн гутлын үйлдвэр үүдээ нээсэн. Дэлхийд алдартай Итали, Герман технологиор өдөрт 800 хос гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээний 30 хувийг хангах хүчин чадалтай үйлдвэртэй боллоо.
Аж ахуй нэгжүүд олноор хаалгаа барив
Хувийн хэвшлийнхнээс цалингаа тавьж чадахгүй болсон аж ахуйн нэгжийн тоо улсын хэмжээнд нэмэгдэж түрүүч нь хаалгаа барьж байгаа судалгааг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагааас гаргасан байна. Арван сар огт цалин тавиагүй аж ахуйн нэгж олон байгаа бол, хамгийн багадаа л гэхэд хоёр сар цалин огт өгөөгүй нь бас бий.
Энэ оны есөн сарын байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барьсан хэмээн албаныхан хэлж байгаа. Харин Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавын мэдээлснээр УБЕГ-т бүртгэсэн мэдээллээр бол жилд 10 гаруй мянган аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, 500 орчим нь хаагддаг юм байна. Тухайлбал 2012 онд 14434 байгуулагдаж 204 хаагдсан, 2013 онд 15998 байгуулагдаж 513 хаагдсан, 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 13143 шинээр байгуулагдаж 609 байгууллага хаагдсан байна.
Харин ТЕГ-ын ирүүлсэн мэдээллээр хаагдсан 54337 аж ахуй нэгжээс байгуулагдсан цагаасаа хойш огт татварын тайлан ирүүлээгүй 5571, байгуулагдсан цагаасаа хойш огт үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж 19358 байна. 2013 онд үйл ажиллагаа явуулж байгаад өнгөрсөн оноос Х тайлагнаж байгаа 5692, энэ онд үйл ажиллагаа явуулсан гэж тайлагнасан нь 10838 байгаа гэнэ.
Түүнчлэн Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэлийн мэдээлснээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар бизнес регистрийн санд 110.4 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Эдний 56.1 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 54.3 мянга нь үйл ажиллагаа огт явуулаагүй аж.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Төрийн түшээдэд халтай жил -2014
Засгийн газрын тэргүүн бодлогын алдаа, эдийн засгийн эрчимтэй үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтаг, шалтгааны улмаас суудлаа тавьж өгсөн. Түүнээс ч олон асуудал тойрон эргэлдсээр. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний мөнгө завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, туслах М.Тулга, Н.Алтанхуягийн охин Сангийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан А.Саранзаяаг энэ хэрэгт татан шалгасан нь олны анхаарал татав. Хэрэгт холбогдсон хүмүүс ямар ч хамааралгүй асуудлаар, улс төрийн санаа зорилготой ийм хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл өгсөөр байв. Шалгалтын ажил үргэлжилсээр А.Саранзаяад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгон Л.Гансүх, М.Тулга нарыг шалгах ажил үргэлжилсээр байна.
Ерөнхий сайдаас гадна Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэл ам таталсан олон асуудлын зангилаа болсон. Г.Сарангэрэл гэх бүсгүйгээс үүдсэн энэ асуудал эцэстээ цагдаагийн дарга нар нь сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажил зохион байгуулсан болж хэд хэдэн хурандаа ажлаа өгсөн. Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар УИХ хаалттай хуралдан завсарлагааны үеэр мэдээлэл өгсөн гишүүд “УИХ-ын гишүүн, сайд хүн ийм алдаа гаргаж болохгүй” гэж байв. Ерөнхийлөгч ч адил ийм шүүмжлэл, сануулга хэлж байв. Зөөлөн сандлаасаа салсан, дэвшсэн, хэрэгт татагдсан гээд 2014 он төрийн түшээдэд хатуу сануулга өгсөн, халтай жил байлаа.
ТҮҮХЭН ОЙ
Халх гол хамаг олны бахархал
“...Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ...” хэмээн Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зохиосон дууль олны сэтгэлийг эх орноо хайрлах тэмүүлэлд өөрийн эрхгүй хөтөлдөг.
Эх орныхоо газар шорооны төлөө амь хайргүй мөр зэрэгцэн туладаж явсан түүхт ойн 75 жилийн ой энэ ойд тохиож, Шадар сайд асан Г.Тэрбишдагваар ахлуулсан Ажлын хэсэг олон ажил зохион байгууллаа.
“Халхын голын ялалт-75” үзэсгэлэнг нээн, олон нийтэд толилуулж, ОХУ-ын Эрхүү муж, Улаан-Үдээс ойн арга хэмжээнд оролцох залуусын цуваа Монголыг зорьсон. Зөвхөн нийслэлд төдийгүй энэ оны наймдугаар сарын 29-нөөс эхлэн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорнод аймаг мөн Халх гол суманд тусгай хөтөлбөрөөр аялал зохион байгуулсан нь хойч үедээ баатарлаг буурлуудын гавьяаг мөнхөлсөн ажил болов. Ойн арга хэмжээнд ОХУ-ын цэргүүд хүрэлцэн ирж, сүрт жагсаалаа Халх гол суманд хийж техник хэрэгслээ ойд оролцогсдод сонирхуулав.
Зөвхөн Монголд бус ОХУ-д мөн эрдэм шинжилгээний хурал болж энэ дайнд тулалдаж явсан Оросын ахмад дайчид оролцон дурсамжаа хуваалцсан юм.
Халх голын байлдаанд оролцсон буурлуудаас 34 ахмад дайчин амьд сэрүүн байгаа бөгөөд тэдэнд Засгийн газраас 100 сая төгрөг өглөө. Буурай нараас баярын арга хэмжээнд оролцох боломжгүй нь олон байсан. Тиймээс ахмадуудын гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан Украин, Казкастан, Беларусийн төлөөлөл Халх голын дайнд оролцсон бөгөөд тэднээс долоон дайчин амьд сэрүүн байгаа юм. Тэдний хамгийн залуу нь 95 настай юм.
ЗЭВСЭГТ ХҮЧИН
Энхийг сахиулагчид Монголыг онцолж байна
Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай "UNMISS" энхийг сахиулах ажиллагаа 2011 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд энэ онд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолооор UNMISS ажиллагааг өргөжүүлж, үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгосон.
Уг тогтоолын дагуу БНХАУ, Гана, Балба, Этиоп улсууд тус бүр 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоныг Өмнөд Судан улс руу нэмж илгээсэн. Мөн UNMISS ажиллагааны цэргийн хүчийг бүсийн командлалд хувиарлан зохион байгуулсан бөгөөд Хойд бүсийн олон улсын хүчний командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайханыг томилох шийдвэрийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан юм. Тэрбээр Энэтхэг, Этиоп, Гана зэрэг улсуудын батальоныг захирах эрхийн төлдөө өрсөлдөхдөө найман хүнийг ардаа орхиж шалгарч чадсан юм.
ЭРҮҮЛ МЭНД, ШИНЖЛЭХ УХААН
Дэлхийн шилдэг эрдэмтэн Монголоос төрлөө
Дэлхийн шинжлэх ухааны академиас /The world academy of sciences/ Монгол Улсын эрдэмтэн академич, доктор, профессор Гансүхийн Цэрэнчунтыг “2014 оны дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодрууллаа.
Г.Цэрэнчунт нь иммуногисто хими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгааныг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношилгоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгчээ.
Ийнхүү хавдрын эсрэг хийж буй цогц эмчилгээ судалгааны ажлаараа дэлхийн шилдэг эрдэмтэн болсон тэрбээр Дэлхийн болон АНУ-ын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, анагаах ухааны доктор, профессор Анагаах ухааны их сургуульд багшилж байснаас гадна Германы Гумболдтын их сургуульд эмч, эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2006 онд Монгол Улсын Шилдэг эрдэмтэн, 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг эрдэмтэн, 2012 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбарын Оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарч байв. Түүний бүтээлээс дэлхийн 700 гаруй эрдэмтэн өөрсдийн ажилдаа ашигласан гэх бөгөөд хавдрыг эмчлэх эм гаргаж авахдаа ч мөн хэрэглэжээ.
БОЛОВСРОЛ
Боловсролын хөтөлбөрийн шинэчлэл албан ёсоор эхэллээ
2014 оны шинэ хичээлийн жилээс үндэсний хэмжээнд “Бага боловсролын сургалтын цөм" хөтөлбөрийг албан ёсоор орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өмнө нь нэг жилийн хугацаанд 40 лаборатори сургуульд туршив. Шинэ хөтөлбөрт хэрэгжүүлэх зорилтот ажлын хүрээнд бага ангийн нийт 13310 багшийг бэлтгэн, сургасан юм.
Энэхүү хөтөлбөрийн талаар холбогдох албаны мэргэжилтнүүд “Өмнө нь багш мэдээлэл дамжуулж, хүчээр хүүхдэд ойлгуулж байсан бол одоо хүүхдүүд өөрсдөө мэдээллээ цуглуулж багцлан, олсон мэдээлэл дээрээ ажиллаж өөрсдийгөө хөгжүүлдэг, багш түүнд нь тусалдаг болж байгаа” хэмээн онцлов.
Боловсролын салбарт хийсэн бас нэгэн томоохон ажил бол "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Японы Засгийн газартай хамтран есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд Японы Засгийн газраас жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаанд төлөх юм. Хөтөлбөрийн хүрээнд Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургана. Ингэснээр чадварлаг 1000 эрдэмтнээр боловсон хүчнээ нэмэгдүүлэх боломжтой болсон.
Ийнхүү боловсролын салбартаа анхаарснаар дэлхийд данстай монгол иргэн олон болох боломж нээгдлээ.
НИЙГЭМ
Ажиа гэгээнтэн төрийн түшээдийг нойрноос нь сэрээв
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 жилийн дотор нэг ч хүүхдийн эмнэлэг баригдаагүй бөгөөд өнгөрсөн жил Баянгол дүүрэгт 100 хүүхдийн ортой эмнэлэг ашиглалтад орсон юм. Энэ эмнэлгийг Ажиа Ринбүүчи хандив цуглуулан зургаан давхар, Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг барих санаачилгаа гарган ажилласан нь биеллээ олж, өнгөрсөн есдүгээр сард үүднээ нээлээ. Уг эмнэлгийг барих явцад хөрөнгө мөнгө дутсан ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар босон Монголын үрс эмчлүүлж байна.
-Ажиа Ринбүүчи: Суварга шүтээн босгох нь буян боловч хүүхдийн эмнэлэг барих нь цаглашгүй буян болой хэмээн хэлсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг 23 ортой, жилд 800-900 хүүхэд эмчлүүлдэг байж. Шинэ эмнэлэгтэй болсноор цусны эмгэгтэй хүүхдийг хүлээн авах ор хүрэлцээтэй болжээ. Мөн Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж буй бүх төрлийн хавдартай хүүхдүүдийг шинэ эмнэлэгтээ шилжүүлэн авахаар болсон нь хүнд өвчтэй хүүхдүүд болон тэдний ар гэрт сэтгэлийн дэм өгсөн ажил боллоо.
УИХ-ын гишүүд сэтгэл байвал юу хийж болдгийг мэдэрсэн үү Их эвсэл буюу Шийдлийн Засгийн газрынхан анхны хурлаараа хүүхдийн эмнэлэг байгуулах тухай ярилцан Зам тээврийн яам байрлаж буй барилгыг эмнэлэг болгох ажлыг шуурхайлахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэгдэв.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
ЦЕГ-ын даргын суудлын халаа сэлгээ
Улиран одож буй 2014 онд хууль хяналтын байгууллагын хувьд хөдөлгөөнтэй жил болж өнгөрлөө. Хууль зүйн сайдын тушаалаар эдгээр байгууллагуудад нилээдгүй өөрчлөлт орж, шинэ хууль журмын дагуу албан үүргээ гүйцэтгэх болсон. Тэр дундаа ЦЕГ-ын даргын халаа сэлгээний асуудал олны сонирхлыг татсан үйл явдал болсон юм.
Өнгөрөгч наймдугаар сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Харин цагдаагийн байгууллагын даргыг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан тодорхойгүй хэвээр үлдсэн юм. Б. Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс 14 хоногийн дараа С.Баатаржавыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилсон.
Б.Билэгт өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүх гомдлыг хүлээн авч арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хуралдсан. Шүүх бүрэлдэхүүн сайдын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзээд С.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажилд эргүүлэн томилохыг Засгийн газарт даалгасан байдаг.
Гэтэл жинхлээд удаагүй байсан С.Баатаржавын суудал ганхаж, ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилж, гомдол мэдүүлээд байсан Б.Билэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаалд очсон.
Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдгийн адил цагдаагийн дүүрэг, хэлтсийн дарга нар ч энэ хооронд хэд хэд солигдоод амжсан. Нэг дарга солигдох бүрт түүнтэй хамт болон ойр ажиллаж байсан хүмүүс даргын тушаалд томилогдон суудлаа сэлгэж нүүдэл суудал, халаа сэлгээ ихтэйгээр 2014 оныг үдлээ.
СОЁЛ УРЛАГ
Их театрыг “Алтан хоолойтнууд” эзэгнэв
Дуурийн дуучин, балетын жүжигчин бүрийн мөрөөдлийн тайз Москвад бий. Мэдээж энэ бол “Их театр”. Нэр нь хүртэл сүрлэг энэ театрын тайзнаа 1960-аад онд анхны монгол дуучин хөл тавьж, тэр ч бүү хэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Греминий дүрд дуулсан байдаг.
Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, профессор Цэвэгжавын Пүрэвдорж агсны энэ амжилтыг буухиалсан хүн нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан. Тэрбээр 1983-1984 онд Их театрын тайзнаа “Чио Чио сан”, “Тоска”, “Евгений Онегин” дуурийн гол дүрд дуулж байсан юм. Дэлхийн шилдэг таван театрын нэгд монгол хүн гоцолж, ОХУ-ын уран бүтээлч, хөгжимчин, дуучидтай хамтран ажилласан гэхээр бахархахгүй байхын аргагүй.
Тэгвэл монголчууд, тэр тусмаа Дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг найман гоцлооч өнгөрөгч арван нэгдүгээр сарын 20-нд Их театрын тайзнаа “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо амжилттай хийсэн билээ.
Ноднингоос хэрэгжиж эхэлсэн “Монголын алтан хоолойтнууд” төсөл энэ жил эрчээ авч, ийнхүү Их театрт хүрлээ. Монголын сонгодог урлагийг төлөөлж УДБЭТ-ын найман гоцлооч ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Их театрт тоглож, тэндээ театрын үзэсгэлэнгээ гаргасан юм.
Тэр тусмаа эх орныхоо нэрийг дуурсгаж, хамт олноороо тоглолт хийж байгаа нь дуучдын хувьд мартагдашгүй үйл явдал болсон нь дамжиггүй.
Холливуд монголчуудад үүдээ нээлээ
Холливудын энэ оны хамгийн өндөр өртөгтэй кино хэмээн нэрлэгдэж буй “Марко Поло” киноны нэг, хоёрдугаар ангид СТА, жүжигчин Б.Амарсайхан тоглосон. Телевизийн 10 ангитай энэ кино 90 сая ам.доллараар бүтэж буй.
“Netflix Inc” компанийн "Марко Поло" арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөс нийтийн хүртээл болж эхэлсэн. Мөн энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотын Central Park West & West 67 th street -д "Марко Поло" киноны нээлт, "Улаан хивсний ёслол" болж жүжигчин Б.Амарсайхан гэргийн хамт уригдаж оролцсон. Олон орны алдартай жүжигчид алхсан улаан хивсэн дээр, "Говь" компанийн урласан цагаан шаргал өнгийн монгол үндэсний ноолууран дээл, нүүдэлчин монголчуудын гоёл чимэглэлээр хослон гангарсан Б.Амарсайхан эхнэрийн хамт хамгийн содон харагдаж байв.
Киноны найруулагч "Амараа монгол жүжигчин, тэрээр энэ кинонд яг л монголоороо тоглосон нь хамгийн гайхалтай байсан шүү. Түүний тоглолтыг хараад би уйлсан" хэмээн ярьсан нь монголчуудыг хэр чадалтай, чадвартайг гэрчиллээ. Энэ кинонд 34 орны жүжигчид тоглож, 700 гаруй хүнтэй баг ажилласан.
Кино “Марко Поло” гэдэг нэртэй ч үйл явдал нь тэр чигтээ Хубилай хааны аж амьдралыг харуулдаг. Энэ кинонд Монголын хөөмийчид тоглох шаардлага гарч ССАЖЯ-нд хүсэлт ирүүлснээр жүжигчин Оргил, “Алтайн оргил” хамтлагийн хөгжимчин Г.Зоригоо, “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг гурав явжээ. Тэд Хубилай хааны хүү Чингүүнийг нэгэн тулаанд оролцохоос нь өмнөх оройн үйл явдлыг харуулсан хэсэгт тоглосон аж.
Монголын түүх, Монголын жүжигчид Америкийн төдийгүй, дэлхийн кино урлагийн тавцанд омог бардам гарч ирэх эхлэлийг Амараа тавилаа. Энэ бол түүний Монгол улс, монголчуудынхаа өмнө байгуулсан том гавьяа, том бахархал.
СПОРТ
“Герман машин”-ы дөрөв дэх түрүү
Өнгөрөгч зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 13-ны өдрүүдэд бөмбөрцгийн бүх хүний анхаарал Өмнөд Америкийн хамгийн том улс Бразил руу чиглэж байлаа. Учир нь самба бүжгийн эх оронд нэр хүнд, хамрах хүрээгээрээ олимпийн наадамтай эн зэрэгцэхүйц хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн зохиогдсон билээ.
Тэртээ 1950 онд Мундиалийг нутагтаа залж, шигшээ тоглолтод хөрш Уругвайн багт харамсалтайгаар хожигдож байсан тус улс 64 жилийн дараа хөлбөмбөгийн их баярыг дахин хүлээж авсан нь энэ. Тийм ч учраас бразил хүн бүр “Селесао”-г олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө заавал түрүүлэх ёстой хэмээн үзэж байв. Түүний хажуугаар эдийн засгийн хямралтай үед спортын том арга хэмжээ зохиолоо, хөлбөмбөгт зарцуулж буй их мөнгөө ард түмэндээ зориулсан бол дээр байсан юм гэх “тэрслүү үзэлтэнгүүд” ч цөөнгүй байсан.
Гэвч Луис Фелипе Сколаригаар удирдуулж, Неймараар толгойлуулсан Бразилийн амбиц ихтэй баг дөнгөж дөрөвдүгээр байр эзлэх нь тэр. Тэд тэмцээний хагас шигшээд дэлхийн аварга болох ерөөлтэй Германы шигшээд 1:7-гоор элэглүүлж, тэр шокноосоо гарч чадахгүй байсаар хүрэл медалийн төлөөх тулаанд Голландад 0:3-аар дийлдсэн юм.
Харин хэзээ ч, ямар ч үед сэтгэл санаагаар унадаггүй, багийн тоглолтыг эрхэмлэдэг “Герман машин” цаанаа л нэг өнгөлөг байсан нь дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиану Роналду тэргүүтэй Португалийг 4:0-ээр бутниргэсэн эхний тоглолтоос л анзаарагдсан. Улмаар немцүүд учраа бүрээ төвөггүйхэн буулгаж авсаар шигшээ тоглолтод Лионель Месси тэргүүтэй Аргентинтай алтан цомыг булаалдахаар шалгаран үлдэв. Дэлхийн шилдэг таван довтлогчийн гурав нь тоглодог ч тааруу хамгаалалтынхаа улмаас сүүлийн жилүүдэд байнга ганзага хоосон буцах болсон аргентинчуудыг Алехандро Сабелья нэгтгэн зангидаж чадсаны дүнд 24 жилийн дараа ДАШТ-ий финалд шалгарсан юм.
Гэвч шувтаргын тулаанд Месси ба түүний нөхдөд аз таарсангүй, харин Йоахим Левын сэлгээгээр оруулж ирсэн Марио Гётцегийн багтаа хожлын гоолыг бэлэглэснээр Германы хөлбөмбөгчид дэлхийн аваргын алдрыг түүхэндээ дөрөв дэх удаагаа хүртлээ.
Шинэ тивд болсон ДАШТ-д анх удаа Европын баг түрүүлсэн, польш гаралт Германы довтлогч Мирослав Клозе Бразилийн Роналдогийн 15 гоол оруулсан рекордыг эвдэж, тус тэмцээний бүх цагийн мэргэн бууч болсон, Луис Суаресын хазалт... гээд “Бразил 2014”-ийг тодотгох үйл явдлууд олон.
Хар далайн эрэгт болсон цагаан олимп
Улиран одож буй 2014 оны онцлох үйл явдлуудын нэг нь ОХУ-ын Сочи хотноо болсон өвлийн олимпийн XXII наадам байлаа. Түүхэндээ хоёр дахь удаагаа олимпийн наадмыг зохион байгуулж буй (өмнө нь “Москва 80” зуны олимпийг зохиож байв) хойд хөрш маань дээрх арга хэмжээнд 50 тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь “Бээжин 2008”-ын рекордыг эвдсэн төдийгүй өмнө бүх “цагаан олимп”-ийн төсвийг нийлүүлснээс ч их юм. Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү олимпийн наадмаар шинэчлэгдсэн Орос орныг дэлхий дахинд танилцуулахыг зорьж, түүнийгээ ч амжилттай хэрэгжүүлэв.
Олимпийн наадам эхлэхээсээ авахуулаад 16 хоногийн турш сүр дуулиантайхан болсон. Путины бодлогыг эсэргүүцэгч хэд хэдэн орны төрийн тэргүүнүүд олимпийг хясан боож Хар далайн эрэгт хөл тавьсангүй, нээлтийн ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан олимпийн таван цагаригийн Америк тивийг бэлгэдсэн улаан цагариг техникийн саатлын улмаас нээгдсэнгүй. Дээр нь үүнийг хариуцагч техникийн ажилтан нас барсан байдалтайгаар олдсон нь дуулиан шуугианыг бүр дэвэргэсэн.
Энэ мэтээр өрнийн хэвлэл эхэндээ оросуудыг гоочилж байсан ч удалгүй сөрөг мэдээлэл цацахаа больсон. Учир нь оросууд үнэхээр шилдгийн шилдэг олимпийг зохион байгуулж чадсан юм. Түүгээр зогсохгүй тамирчид нь ч нутгийн дэвжээн дээрээ гайхалтай байж АНУ, Канад, Герман, Норвеги зэрэг өвлийн спортын их гүрнүүдийг ардаа орхин, багийн дүнгээр тэргүүлсэн. Тэдний супер амжилтад солонгос шорт-трекч Виктор Ан, америк сноубордчин Вик Уайлд нарын легионер тамирчдын нөлөө багагүй байсныг дурдах нь зүйтэй байх.
Сайнтай ч, саартай ч “Азийн олимп”
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Азийн зуны спортын наадам өнгөрсөн намар БНСУ-ын Инчон хотноо болсон билээ. “Шар тив”-ийн 45 орны 9500 тамирчин хурд, хүчээ сорьсон тус наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 234 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Түүхэндээ байгаагүй өнөр өтгөн бүрэлдэхүүнтэй оролцсон манайхан мөн л түүхэндээ байгаагүй өндөр амжилтыг үзүүлж 5 алт, 4 мөнгө, 12 хүрэл хүртэж, багийн дүнгээр XVI байр эзэллээ. Тодруулбал Инчонд жүдоч М.Уранцэцэг (48 кг), Д.Төмөрхүлэг (66 кг), Н.Түвшинбаяр (-100 кг), урт бууны тамирчин Ч.Нарантуяа, боксчин Д.Отгондалай нар маань алтан медалиар энгэрээ мялаасан. Хэдий медальд хүрээгүй ч гэсэн сагсан бөмбөгч охид, залуус маань гайхалтай тоглолтыг үзүүлж, анх удаа тивийн шилдэг найман багийн тоонд багтаж, хөгжөөн дэмжигчдээ омогшууллаа. Түүнчлэн ТОП 4-өөс өөр төрлөөр буюу тэквондогийн тамирчин маань хүрэл медаль хүртсэнийг онцлох нь зүйтэй байх.
Гэхдээ бүх зүйл дандаа шулуун дардан байсангүй, Зохион байгуулагч Өмнөд Солонгосын тал манай боксын найдваруудын нэг Н.Төгсцогтын ялалтыг улаанцайм луйвардсан, Монгол-БНСУ-ын эмэгтэй жүдочдын багийн тэмцээний өмнөхөн манайхны хоолонд эмэгтэй хүний хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийж тамирчдыг маань төдийгүй улсаар нь доромжилсон, Азийн наадмын албан ёсны блогт манай сагсчдыг Хятадынх гэж андуурч бичсэн...гээд жишээ олныг дурдаж болно.
Энэ мэт сайнтай, саартай “Азийн олимп”-д монголчууд анх удаа 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, үзүүлж байгаагүй өндөр амжилтаа үзүүллээ.
Бөхийн орны хүчтэнүүд дэлхийн дэвжээг эзэгнэсэн жил
Хэдэн жилийн өмнө чөлөөт, жүдогийн тамирчид маань дэлхийн аваргын ганц хүрэл медаль, шагналт байр төдийхнөөр нүүр тахалдаг байсан үе ард хоцорч жил бүр л дэлхийн аварга мэндлэх болж.
Өнгөрөгч есдүгээр сарын 8-14-нд Узбекистаны Ташкент хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 60 кг-ийн жинд зодоглосон “Алдар” спорт хорооны тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд охин урамтай сайхан барилдсаар аваргын алтан медалийн эзэн боллоо. Хэнтий аймгаас гаралтай тэрбээр их аварга Асашёорюүгийн дэмжлэгээр эмэгтэй бөхөөрөө дэлхийд тэргүүлдэг Японд нэг хэсэг чөлөөт бөхийн эрдэм заалгаж байсан бөгөөд ДАШТ-д анх удаа зодоглосон хэдий ч ОХУ-ын Наталья Гольтц, Японы Кацүки Сакагаки, Финландын Олли Петра Маарит, Азербайжаны Юлия Раткевич нарыг дараалан сөхрүүлсээр аваргалсан юм. Дөнгөж 19-хөн настай түүнд тив, дэлхий, олимпийн дэвжээнд олон сайхан амжилт үзүүлэх боломж, ирээдүй байна даа. Түүнчлэн Ташкентын дэвжээнээс ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа (75 кг) ээлжит медалиа хүртэж ясны бөх болохоо баталсан.
Эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран (65 кг) “Будапешт 2013”-ын амжилтаа давтаж, ноднин медалийн оосроос атгаад алдаж байсан Э.Ням-Очир (61 кг) алдаагаа залруулж медаль хүртлээ. Тэрбээр хүрлийн төлөө Беларусийн бөхөд бүхэл бүтэн долоон оноогоор хожигдож явсан ч шаргуу ажилласаар найман оноо дараалж аван гайхалтай ялалт байгуулсан юм.
Мөн ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон Ганбатын Болдбаатар маань түрүүлж, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын таван жилийн өмнөх амжилтыг давтав. Хэсэгтээ Турк, Тайвань, Казахстаны бөхчүүдийг төвөггүйхэн ялж гарч ирсэн тэрбээр хагас шигшээд Гүржийн Амиран Папинашвилиг, шигшээ барилдаанд дэвжээний эзэн ОХУ-ын Беслан Мудрановыг сөхрүүлж төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тэрчлэн эмэгтэйчүүдийн багийн барилдаанд манай охид Казахстаныг 4:1-ээр, Куба, Польшийг 3:2-оор тус тус хожин мөнгөн медалийн болзол хангасан.
Чөлөөт, жүдогийнхон дэлхийн дэвжээнээс ийн хос алтан медальтай ирсэн бол арлын Японд ноёрхлоо тогтоосон сүмочид маань 2014 оны зургаан башёгийн зургуулангийнх нь түрүүг авлаа. Тухайлбал их аварга Хакүхо М.Даваажаргал Эзэн хааны цомыг тавантаа өргөж, нийтдээ 32 түрүүлсэн амжилтаар домогт Тайхо аваргатай тэнцэж ирэв. Одоо тэрбээр ганцхан удаа түрүүлэхэд сүмогийн бүх цаг үеийн шилдэг бөх болно.
Түүнчлэн энэ оны гуравдугаар сарын башёд озэки Какүрюү М.Ананд 14-1 амжилтаар манлайлж, их сүмогийн 71 дэх ёкозүна цолтон болсон. Мөн сүмод ганцхан жил барилдахдаа дээд зиндаанд түрүүлэх шахаж, сэкивакэ цолонд хүрсэн залуу бөх Ичининожё А.Ичинноровын тухай дурдахгүй байхын аргагүй. “Малчин сүмоч” хэмээх хочоороо алдаршсан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат үлэмж биет энэ залууг тун удахгүй сүмогийн оргил цолонд хүрэхэд бүү гайхаарай.
ДЭЛХИЙ
Хамгийн залуу Нобелийн шагналтан Малала Юсуфзай
Охидын боловсролын төлөө тэмцэгч өдгөө 17 настай Малала Юсуфзай охин Нобелийн шагналын түүхэнд хамгийн залуу энх тайвны шагналтан болсон нь энэ оны онцлох нэгэн үйл явдал байв. Тэрээр 2009 онд өөрийн амьдардаг нутаг болох Пакистаны баруун хойд нутагт Талибанчууд хэрхэн ноёрхлоо тогтоосон талаар “Би Би Си” агентлагт захидал бичиж тэмцлээ эхэлж байжээ.
Талибанчууд хоёр жилийн өмнө түүний сууж явсан сургуулийн автобусыг нь мөшгөн хөөж охины тархинд буудаж байсан юм. Үүний дараа тэрээр “Талибанчууд миний биеийг буудсан ч хүсэл мөрөөдлийг минь хэзээ ч буудаж чадахгүй” гэж хэлж байжээ. Эмнэлгээс гарсны дараа тэрээр олон улсын уулзалтуудад оролцон өөрийн дуу хоолойгоо хүргэв. Тэрбээр одоо хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ажиллаж байгаа юм.
Маш хүчтэй түрэмгийлэл, дарамтан доор хүүхдүүдийн эрхийн төлөө тэмцэж буй түүний тэмцэлд Нобелийн шагналын хорооноос онцгой ач холбогдол өгсөн юм.
Зүүн Украин дэлхийн халуун цэг болов
Украины Крым түүхэн цаг үеэсээ Оросын ашиг сонирхлын цэг байсаар ирсэн. Тус улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх эхэлсэн дотоодын мөргөлдөөн нь даамжирч, улс төрийн эргэлт болсон билээ. Энэ оны гуравдугаар сард Крымийг ОХУ бүрэлдэхүүндээ нэгтгэж авснаар энэ бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гаарч, байдал хурцдав.
Удаан үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд 4000 хүн амиа алдаж, 540 000 гаруй хүн хөрш зэргэлдээ улс уруу дүрэвжээ. Үүсээд байгаа хямралд олон улс ОХУ-ыг буруутай гэж үзэн АНУ, Европын холбооны улсууд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь ОХУ-ын эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөхөд хүргэсэн билээ. Ямартаа ч энэ оны хувьд зүүн Украин дэлхий нийтийн геополитикийн халуун цэг болоод байна.
Шинэ тахал-Эбола
Энэ оны гуравдугаар сард Баруун Африкт анх дэгдэж эхэлсэн эбола вирусээр өвчлөгсөд 19300 хүрээд байгаа ба одоогийн байдлаар 7500 хүн нас бараад байна. Гвиней, Либер, Сьерра-Леоне улсуудад халдвар авсан тохиолдол хамгийн өндөр байгаа бөгөөд өвчний тархалтыг зогсоох зорилгоор сургуулиудыг хааж, олон нийтийн газруудад хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Халдвар тархаад буй халуун цэгт нийт таван сая орчим сургуулийн насны хүүхэд байдаг ажээ. Хэдийгээр олон улсын эрдэмтэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ч уг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга болон эмчлэх эмчилгээ хараахан гараагүй байна.
Шүхэртэй хувьсал дэлхийн анхаарлыг татав
Хонгконгийг 1997 онд Их Британаас буцааж авснаасаа хойш хятадууд тус хотод “Нэг улс, хоёр тогтолцоо” гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард Хонконгийн захирагчийг Бээжингээс томилох шийдвэр гарсан нь олныг дургүйцлийг хүргэв. Тиймээс эсэргүүцэн жагсаал хийв. Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд хууль сахиулахынхан нулимс асгаруулагч, даралттай ус ашигласан.
Тэд биеэ хамгаалах гэж шүхэр барин ижилссэн нь “Шүхэртэй хувьсал” гэх нэрийг дэлхийд таниулав. Жагсагчдын төлөөлөл арванхоёрдугаар сарын 3-нд бууж өгснөөр суулт хийж байсан залуусыг цагдаа нар хүч хэрэглэн тараахыг оролдов. “Бид бууж өгөхгүй, тэмцэл одоо л эхэлж байна” гэснээр байдал хурцдав. Энэ тэмцэл хэ үр дүнтэй байхыг ирэх онд харах л үлдэж байна.
Ар араасаа хөвөрсөн онгоцны сүйрэл
Малайзын нийслэлээс Бээжин хотыг чиглэн ниссэн“ Malaysia Airline” компанийн 370 нислэгийн дугаартай онгоц замынхаа дундаас алга болж онгоцонд явсан 239 ор сураггүй алга болсон нь олныг цочирдуулсан үйл явдал болсон. Онгоцны ул мөрийг хайж 40-өөд орны эрлийн баг хамтарч ажилласан ч үр дүнд хүрээгүй. Хүмүүсийн дунд аймшигт осол байв уу, алан хядах ажиллагаа байв уу, барьцаанд байна уу гэсэн асуултын хариу одоо ч тодорхойгүй.
Удалгүй “Malaysia Airline” компанийн өөр нэг онгоц осолдов. МН-17 нислэгийн дугаартай 298 хүнтэй Амстердамаас Куала Лампур луу явж байсан Боинг 777-200 онгоц Украины Донецк хотын орчимд пуужинд оногдон осолдсон нь гэмгүй олон хүн амь насаа алдав. Энэ гэмт үйлдлийн буруутай этгээд нь одоо хэр нь тогтоогдоогүй бөгөөд Украин, ОХУ хоёрын дунд байсаар байна.
Севолыг тойрсон эмгэнэлт явдал
Энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Инчон боомтоос Чэжү арал руу явж байсан Севол нэртэй хөлөг онгоц осолдсон. Уг онгоцонд 476 хүн байснаас 293 нь энэ хорвоог үүрд орхисон. Инчон хотын Данвон ахлах сургуулийн 250 сурагч аялах гэж яваад ихэнх нь амь үрэгдсэн нь зөвхөн Солонгосын ард түмнийг төдийгүй дэлхийг айдаст автуулав. Осол Солонгосын нийгэмд шуугиан дэгдээж тэр нь хилийн чандад газар авав. Энэ эмгэнэлт явдлаас болж БНСУ-ын Ерөнхий сайд огцорч, Ерөнхийлөгчийнхөө тушаалаар албандаа эргэн суусан зэрэг үйл явдаг үргэлжилсэн билээ.
Севол онгоцны ахмад жолоогоо дадлага туршлагагүй залуу хүнд шилжүүлснээс энэ хэрэг үүдсэн гэж шинжээчид дүгнэсэн. Тэрбээр огцом эргэлт хийснээр ачаа тээш нь нурж нэг талдаа бөөгнөрсөнөөс уг онгоц живсэн юм. Түүнээс гадна 987 тонн ачаа тээх ёстой ч хөлгийн ахмад 3608 тонн ачаа тээвэрлэсэн нь ослын гол шалтгаан болсон.
Хөлгийн ахмад 69 настай Ли Чжун Сокд 36 жилийн хорих ял өгсөн бөгөөд сурагчдын багийг удирдаж явсан Ансан сургуулийн захирал хүүхдүүдийн эцэг, эхээс уйчлал гуйн амиа егүүтгэсэн.