УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг шинжлэх ухааны салбарт хийх өөрчлөлтийн талаар мэдээлэл хийсэн. Харин түүний илэрхийлсэн байр суурьтай шинжлэх ухааны салбарынхан санал нийлэхгүй байгаа юм. Тэд ”Монголын шинжлэх ухаан улсын эдийн засгийн хямралыг бий болгоогүй. хэдэн хүрээлэнг нийлүүлэх, харьяаллыг нь өөрчлөх замаар эдийн засгийн уналтыг зогсоохгүй нь тодорхой. Шинжлэх ухааныг хөнөөлгөхгүйн төлөө шинжлэх ухааны салбарт ажиллагсад тэмцлийн бүх арга, хэрэгслийг ашиглах болно” гэдгийг онцолж байв. Тэгвэл тус салбарынхан өнөөдөр эсэргүүцлээ үргэлжлүүлэн Чингисийн талбайд "Шинжлэх ухаанаа аварья" цуглааныг зохион байгууллаа. Өнөөдрийн цуглаанд шинжлэх ухааны салбарын 600 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр цуглаанд оролцогчдын байр суурийг сонслоо.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Засгийн газар оновчтой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна
- Монголын Үйлдвэрчний эвлэл холбооноос шинжлэх ухааны салбарт үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
- Эдийн засгийн хүнд байдлаас гарахад ямар арга хэрэглэж байгааг төр засгийнхан судлах ёстой. Энэ хямралыг дагаж биш сөрж гарч байна. Өнөөдөр ажлын байрыг нь хамгаалж байна, ард иргэдийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, эдийн засгийн хүнд байдлаас гарах гэж оролдож байна. Монгол Улсын Засгийн газраас илэрхийлж байгаа байр суурийг манай шинжлэх ухааны ажилтнууд болон шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг автоматаар нэгтгэж, төсвийн хэдэн төгрөгийг хэмнэлт хэлбэрээр бий болгох гэж байгааг Монголын Үйлдвэрчний эвлэл дэмжихгүй. Өөрстийнхөө хөдөлмөрлөх эрхийн төлөө цуглаан зохион байгуулж байгаа энэ үйлдлийг манай холбоо болон холбооны бүх гишүүд дэмжиж, санал нэгтэй байгаагаа илэрхийлж байна.
- Бодитой үр дүн авчирах хариуг Засгийн газраас өгөхгүй бол дараагийн авах арга хэмжээ юу вэ?
- Шинжлэх ухааны академд ажиллаж байгаа олон мянган үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хамтын тэмцэл үр дүнд хүрэх ёстой. Маргааш хөдөлмөр нийгмийн зөвшилийн улсын гурван талт хэлэлцээр эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэлэлцээрт баримтлах байр сууриа батлах ёстой. Тэгэхээр маргааш хэлэлцээр эхлэхээр Шинжлэх ухааны академ болон хүрээлэнгүүдээс гарч буй энэ саналыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос уламжилна. Энэ хүрээнд Засгийн газар зөв оновчтой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хэрэв үр дүн багатай эдгээр хүмүүсийн тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд манай холбооны гишүүд шат дараалсан үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй байгаа.
Шинжлэх ухааны академийн Үйлдвэрчний холбооны дарга П.Баяр: Шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлээс “Шинжлэх ухаанаа аваръя”цуглааныг өнөөдөр зохион байгуулж байна. Бид шинжлэх ухааны салбартай холбоотой мэдээллээ татаж авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж байна. Ерөнхий сайдын хэлсэн үгэнд тоо тоомшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд гэснийг бид няцааж байгаа. 1997 онд 60-70 байсэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн цөөлж, өнөөдөр 34-35 хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ тоог тоо томшгүй гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Шинжлэх ухааны харъяанд хорин хүрээлэнгийн төв, хоёр туршилтын төв ажиллаж байна. ШУТИС-д тав, Хөдөө аж ахуйн сургуулийн харьяанд дөрвөн хүрээлэн бий. Мөн Эрүүл мэнд спортын яамны харьяанд хоёр хүрээлэн гэх зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд ажиллаж байна. Хүрээлэнгүүдийг их дээд сургуулийн харьяанд шилжүүлнэ гэж хэлснийг бид эсэргүүцэж байна.
Цуглаанд оролцогч эрдэмтэн: Шинжлэх ухааны салбарын хийсэн бүтээсэн зүйлийг ард иргэдэд юу ч хийдэггүй мэтээр ойлгуулж татан буулгах гэж байна. Энэ нь улс орны эдийн засагт хор учруулахаар салбар биш. Манай эрдэмтэд дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй болон монгол улсын хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудын суурь судалгааны үндсэн зорилтуудыг чиглүүлэн ажиллаж ирлээ. Үүний хүрээнд олон асуудал шийдсэн байдаг. Харамсалтай нь тэр бүх ажлууд зөвхөн цаасан дээр үлддэг. Түүнийгээ амьдралд болон хэрэглээнд нэвтрүүлье гэхээр туршилт хийх үйлдвэрлэл технологи байхгүй учир эрдэмтдийн ажил гарч ирэхгүй байгаа. Тиймээс эдгээрийг гаргаж ирэхийн тулд өөрстөө анхаарч, хөрөнгө мөнгийг нь хангалттай хуваарилбал шинжлэх ухааны салбар дэлхийд ойр,улс орондоо бодитой нөлөө үзүүлэх цаг ойрхон байна.