m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.05 04:02
148
Архидалтгүй Өвөрхангай болоход ойрхон байна

Архинаас үүдэлтэй хэрэг, зөрчил маш ихээр гарах болж,  хувь хүн,  айл өрх төдийгүй улс оронд аюулын харанга дэлдээд удлаа. Харин сүүлийн үед архинаас татгалзсан ажлыг төрийн байгууллага хийсээр байгаа нь сайшаалтай. Өвөрхангайчууд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2014-2017 оны хооронд  хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөр өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхэлсэн. Мөн сар шинийн баярыг архигүй тэмдэглэх захирамжийг аймгийн Засаг дарга гаргэжээ.  

Сар шинийн баярыг архигүй тэмдэглэх уриалгыг гаргасан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт гэмт хэргийн асуудал байна. Хэдийгээр тус аймагт согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурч  байгаа ч эзлэх хувийг нь харах юм бол ноцтой хохироосон гэмт хэргийг 66.6 хувь, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн 46.5 хувь нь, золгүй байдлаар нас баралт болон өөрийнхөө амь насыг егүүтгэсэн хэргийн 36.5 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа нь маш ноцтой асуудал юм. Хоёрт гэр бүлийн  ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 73.4 хувь нь архитай холбоотой байна.

“Архи тамхины эсрэг” өдөрлөг

Иргэдэд гарын авлага тараалаа

Гуравт архины шалтгаант эмгэг өөрчлөлт болоод архины донтой, удаа дараа архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн тоо огт буурахгүй байгааг албаны хүмүүс онцлов. Дөрөвт ДЭМБ-тай хамтран хийсэн судалгаанаас үзэхэд архины хэрэглээ өндөр байна. Архидан согтуурч байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа аж. Тийм учраас “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг боловсруулсан байна.  

Эдгээр асуудлаас хамгийн чухал нь согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж  байгаа газруудын нэг нь  тус аймгийн цагдаагийн газар юм.

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч С.Оюунболдтой уулзаж ярилцлаа.

- "Архидалтгүй- Өвөрхангай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цагдаагийн газар гол үүрэгтэй. Та бүхэн хэрхэн ажиллаж байгаа вэ?

 -2014 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 126 гарсан. Урд оныхтой харьцуулахад 31.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол өнгөрөгч онд Аймгийн Засаг даргын захирамжаар “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүүлж эхэлсэнтэй холбоотой.

Урд оныхтой харьцуулахад 31.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнтэй холбогдуулан долоо хоног бүрийн баасан гарагт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарж борлуулахгүй гэсэн дүрмийг шинээр мөрдөж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийтдээ манай цагдаагийн газраас 21 нэгдсэн болон тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж ирлээ. Үүнээс 48 зөрчил илэрсэн. Тусгай зөвшөөрөлгүй архи зарах, цаг хэтрүүлэн ажиллах гэх мэт зөрчил дутагдал гарсан. 1876 ширхэг архи согтууруулах ундааг улсын орлого болгохоор мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэж өгсөн. 2876 тамхи тусгай зөвшөөрөлгүй зарж байсан иргэнийг хуулинд заасан үндэслэлийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд манай цагдаагийн газраас 21 нэгдсэн болон тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж ирлээ. 

-Тусгай зөвшөөрөлгүй болон цаг хэтрүүлсэн ажилласан тохиолдолд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 -Тусгай зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн ажилласан тохиолдолд иргэнийг 35000-50000 төгрөгөөр, аж ахуй нэгжийг 200000-250000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч байна.

-Удаа дараалан зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Удаа дараалан зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэлхи арга хэмжээ авдаг.

-Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг хичнээн байгууллага байдаг вэ?

-Өвөрхангай аймгийн хэмжээнд 387 аж  ахуй нэгж байгууллага байна.

-Сумдад энэ хөтөлбөр хэр хэрэгжиж байна вэ?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг,  Богд, Хайрхандулаан, Нарийнтээл гэсэн сумдад ажилласан. Саяхан Богд, Гучин-Ус, Баруунбаян-Улаан сумдад зөвшөөрөлгүй худалдаа гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Үүнтэй холбогдуулан 302 литр архи, 1885 ширхэг тамхи хурааж авч улсын орлого болгохоор мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэж өгсөн. Бусад иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авсан.

-Сумдуудад ямар төрлийн зөрчил түлхүү гарч байна вэ?

-Сумдад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг их үйлдэгдэж байна.

-Нийгэмд чиглэсэн ажил хэр их зохион байгуулдаг вэ?

-Уг хөтөлбөрийн хүрээнд хувийн болон төрийн байгууллага, сургуулиудад сургалт семинар зохион байгуулж ажилласан. Мөн сэрэмжлүүлгийг эдгээр байгууллагуудад тараасан.

-Сургуулийн насны хүүхэд архи согтууруулах ундааг хэрэглэх тохиолдол хэр их байна вэ?

- “Архи-Хүүхэд”  гэсэн хэсэгчилсэн арга хэмжээг  2014 оны арваннэгдүгээр сарын 24-нд зохион байгуулж ажилласан. 14 баар, цэнгээний газарт шалгалт хийж хоёр зөрчил дутагдал илрүүлсэн. Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гарсан.

Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа хэрэглсэн зөрчил гарсан.

“Архи бидний сонголт биш” аян

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагынхан өөрсдөө манлайлах ёстой. Архидан согтуурснаас гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршгийг хүмүүст мэдрүүлэх зорилгоор Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Мөн  архи, согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоог шинэчлэн тогтоох шаардлагатай.  Нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа  худалддаг 800 гаруй цэг бий. Гэтэл 114 мянган хүн амтай Өвөрхангай аймагт 480 гаруй цэг байгаа нь дэндүү олон.

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 28-аас нэгдүгээр сарын 4-ийг хүртэл гэмт хэргийн шинжтэй 21 дуудлага ирсэн байна. Үүнээс архидан согтуурсан үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт дийлэнхи хувийг эзэлсэн байна. Шинэ жил болон баярын өдрүүдэд харьцангуй дуудлага багатай, тайван өнгөрсөн хэмээн тус аймгийн цагдаагийн газраас мэдээлсэн юм.