
Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам, Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл ангид нийт 46 оюутан хичээллэж байна.
Тэгвэл өнөөдөр 13 оюутан, багш нар БСШУ-ны Сайд Л.Гантөмөрөөс батламж гардан авлаа. Тэднээс долоон багш, инженерийн чиглэлийн магистр, доктор, болон зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах бол зургаан оюутан техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах аж.
Энэ талаар тус төслийн ажлын албаны дарга Д.Намсрайгаас тодрууллаа.

-Сонгон шалгаруулалтаа хэрхэн явуулав. Гол тавигдах шаардлага юу байсан бэ?
-Төслийн хүрээнд сонгон шалгаруулалтыг онлайн хэлбэрээр явуулж 320 гаруй хүүхэд хамрагдсанаас шалгарсан 50 хүүхдийг 1,5 жилийн бэлтгэлд хамруулсан байгаа. Энэ хүүхдүүд дотроос магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах нийт долоон багш, судлаачдыг Японы талаас хүлээн авах их, дээд сургуулиуд болон олон улсын Жайка байгууллагаас тавьсан шаардлага, МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон Англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгаруулсан. Гол шаардлага нь япон хэлний N2 түвшний шаардлагыг хангасан байх ёстой юм.
Оюутнуудын тэнд суралцаж төгсөх бүх зардалыг улсаас дааж байгаа тул нэлээд хатуу гэрээ хийсэн байгаа. Гэрээний дагуу суралцаж төгссөн оюутнууд буцаж ирээд таван жил улсад ажиллах бөгөөд тэднийг суралцах хугацаанд ар гэрээс нь батлан дааж барьцаа хөрөнгө байршуулсан болохоор элсэгчид маань нэлээд хариуцлагатай суралцана гэдэгт итгэлтэй байгаа.
Тийм болохоор эх орныхоо итгэл найдварыг өвөртлөн яваа залуустаа амжилт хүсэн эхний ээлжийн оюутнууддаа батламжаа гардуулсандаа баяртай байна.

Орхоны Банзрагчгарав: 2011 онд МУИС-ийг Биотехнологич мэргэжлээр төгсөж, 2014 онд МУИС-ийн Молекул биологи, генетикийн магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр Тоохокүгийн эм зүйн их сургуульд “Залесовын зэдгэлжийн фитохимийн болон биологийн судалгаа” сэдвээр судалгаа хийх бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн докторын сургалтын хөтөлбөрт гурван жил суралцана.
-Энэхүү тэтгэлэгт хамрагдсан сэтгэгдэл ямар байна. Төгсч ирээд хийхийг хүсч буй гол ажил тань юу вэ?
-Мэдээж 100 хувийн тэтгэлгээр суралцах ийм том боломж өгсөн улс эх орондоо маш их баярлаж байна. Илүү ихийг сурч мэдээд эх орныхоо эмийн ургамал, гоо сайхны бүтээгдэхүүнийг судалж, шинжлэх ухааны шинэ бүтээл гаргах зэргээр бодож буй ажил их байгаа. Тэнд очоод өөр олон шинэ санаа оноо олж авна гэдэгтээ итгэлтэй байна.

