m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.06 02:19
1246
Герпес буюу Хомхой долоох

 Герпес нь вирусээр үүсгэгддэг ба үүсгэгч нь хүний биед байнга оршиж ямар нэг шалтгаанаас идэвхжсэн үед өвчин үүсгэх шинж чанартай болно. Хүний бие махбодийн эсэргүүцэл буурах, гэнэт даарах, хүнд өвчин(хатгаа ), стересс зэрэг шалтгаанаас вирус нь идэвхждэг гэж үздэг.

Герпес биеийн аль хэсэгт туурсанаас хамаарч : уруулын герпес – хомхой долоох, амны салст бүрхэвчийн герпес, могой яр, бэлэг эрхтэний герпес гэж ангилна.

Хомхой долоох
Эртнээс ард түмний дунд хомхой долоох гэж нэрлэгдэж ирсэн. Даарах, ханиад хvрэх гэх мэт халуурах шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчнүүдийн үед хүйтэн халууны гэнэтийн цочролын улмаас уруул орчмын хэсэгт загатнаж улмаар улайн хавдаж цэврүү үүснэ. Энэ нь өвдөлт өгч загатнана. Дээрх эмгэг нь амь насанд аюулгүй боловч уруул орчмын хэсэг нь мэдрэлийн судал ихтэйгээс байнга загатнаж мөн гоо сайханы талаасаа ч гэсэн хүнд тааламжгүй байдал үүсгэдэг. Цэврүү үүсээгүй зөвхөн загатнаж эхэлж байгаа үед нь вирусийн эсрэг сонгомол vйлчилгээтэй тосон түрхлэг (ацикловир гэх мэг) хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Цэврүү үүссэн үед нь иод, метилин хөх, брилиант ногоон гэх мэт ариутгагч уусмал түрхэж хатаах нь үр дүнтэй. Цэврүүг хагалах, бохир зүйлээр оролдох нь нянгийн халдвар орж улмаар өвчин хүндрэхэд хүргэнэ.
Эмчийн заавраар эмчилгээг хийнэ.

Амны салст бvрхэвчийн герпес
Тууралт нь цэврүү хэлбэртэй түүнийг тойроод цацраг хэлбэрийн хүрээ үүсгэсэн байдаг. Цэврүү хагарч дугуй хэлбэрийн шарх үүсгэнэ. Цэврүү нь өвдөлттэй байдаг. Хоёрдогч халдвар орсноос үрэвсэл үүснэ. Амны хөндийд хэвийн үед олон тооны эмгэг үүсгэгч нянгууд байх ба амны салст бүрхэвчийн бүрэн бүтэн байдал алдагдах үед эдгээр нянгууд нь үрэвсэл үүсгэнэ.

Могой яр
Могой яр нь нэг ба хэд хэдэн хавирганы дагууд гэмтэл болон бусад өвчний шинж тэмдэггүйгээр өвдөлт өгч хэсэг хугацааны дараа хавирганы дагуу арьсан дээр өвөрмөц тууралт үүснэ.

Бэлэг эрхтэний герпес
Энэхүү өвчин нь бэлгийн замаар дамжина. Гадна бэлэг эрхтэн (эмэгтэйд- бэлгийн уруул, үтрээ, эрэгтэйд – боовны толгой) загатнах, өвдөх шинж илэрнэ. Мөн герпесийн цэврүү гарч улмаар хагаран шарх үүсгэж хоёрдогчоор нянгийн халдвар орж үрэвсэл үүсгэнэ. Иймээс шинж тэмдэг илрэх үед эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх цаашид хүндрэхээс сэргийлнэ.