Өнгөрсөн 2014 онд Монголын кино урлагт нийт 39 шинэ кино мэндэлж тус салбарын зах зээлд дөрвөн тэрбум орчим төгрөг эргэлдсэн гэсэн тооцоог ШӨХТГ-аас гаргасан байна. Тэгвэл 2015 онд илүү олон кино дэлгэцнээ гарах сурагтай. Юутай ч шинэ оны эхээр нээлтээ хийх кинонуудыг танилцуулья.
Шинэ он гарангуут нээлтээ хийсэн кино бол “Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино юм. Тус киноны гол дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, СТА жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон байна.
Харин энэ сарын 9-нд жүжигчин Г.Ундармаагийн “U Film" студийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл ”Тютю” кино нээлтээ хийхээр товоо зарласан юм. Киноны гол дүрийг ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсын оюутан М.Цэрэндолгор бүтээжээ. Уг кинонд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон жүжигчин О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тогложээ.
Мөн “Хас энтертайнмент”-ийн захирал, найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан “Аюултай харилцаа” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд хэдийнэ бэлэн болжээ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, жүжигчин Х.Баярмаа, УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар тоглосон аж.
Түүнчлэн лектор Г.Бандицэрэнгийн найман жил судалгаа хийсний үндсэн дээр бичиж өөрөө найруулан гол дүрд нь тоглосон "Надад итгээч" уран сайхны кино ч тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм.
Харин энэ сарын сүүлээр буюу 22-нд “Кино цамхаг” студийн “Хүүхэлдэй” аймшгийн кино нээлтээ хийхээр болжээ. Уг киног зохиолч Ц.Ууганбаярын “Хүүхэлдэй” хэмээх өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх- Амгалан, зураглаачаар Б.Анхбаяр, Э.Чинзориг нар ажиллажээ. “Хүүхэлдэй” аймшгийн киноны гол дүрд жүжигчин Н.Мөнхсоёл, СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, М.Саранцэцэг нар тоглосон байна.
Мөн “Дээд Гэгээн pictures" кино компанийн шинэ бүтээл "Амьдрал нулимсанд дургүй" уянгын драмын уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах аж. Киноны найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж гол дүрүүдэд жүжигчин А.Туяа, Б.Батзаяа, Ж.Оюундарь, Р.Баттогтох, Ц.Төмөрхуяг нар тогложээ. "Амьдрал нулимсанд дургүй" уран сайхны кино нээлтийн товоо хараахан зарлаагүй байгаа бөгөөд энэ сардаа багтаж нээлтээ хийхээр төлөвлөжээ.