
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, оны төгсгөлд өргөн барьсан төсвийн тодотголын асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тус бүлгийн зүгээс төсвийн тодотголын хүрээнд өөрчлөхөөр төлөвлөсөн улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 70 хувьд хүргэхийг эсэргүүцэж байгаа юм.
МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөржин хуралдаж, төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ дэд хороодын бүрэлдэхүүнд орох гишүүдийг томилохыг шийдвэрлэжээ. Тэдний хэлж буйгаар Шийдлийн Засгийн газрын оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотгол сайн шийдэл, үр дүн гарахаар төсөв биш. Гэхдээ бүлгийн дүгнэлт эцэслэж гараагүй. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ хэмээлээ.
2015 оны төсвийн тодотгол сайн шийдэл, үр дүн гарахаар төсөв биш
Учир нь тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа 2015 оны төсвийн тодотголд анхаарч эл асуудалд нухацтай хандахын тулд ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ахалж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа Су.Батболд нар багтжээ.
МАН-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ “Эдийн засгийн асуудал маш хүнд байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удаа дараа хэлж байгаа. Эдийн засаг хүндэрсэн үед төсвөө тодотгож, төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр багасгах, түүнтэй холбогдуулж төсвийн зардлыг бууруулах төсөв оруулж ирлээ. Энэ нь ард иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед сайн шийдэл биш. Гэхдээ улс орон хүнээр яривал хүндээр өвдсөн байна. Тиймэээс өвдсөн үед яаралтай эмчлэх шаардлагатай. Эм жоохон гашуун байгаа нь бидэнд хүнд тусах байх. Хэдийгээр эм гашуун ч гэсэн өвчинд тустай. Мөн хоёр намын гэрээнд тусгаснаар гадаад өрийг нэмэгдүүлэхгүй. Цаашид гаднаас нэмж зээл авахгүй гэсэн тохиролцоо хийж Засгийн газарт хамтарсан. Харамсалтай нь Шийдлийн Засгийн газрын өргөн барьсан төсөвт өрийн таазыг 70 хувьд хүргэх төсөл орж ирлээ. Өнөөдрийн хуулиар 40 хувь байх ёстой. Одоо нэгэнт авсан зээлийг буцааж өгч чадахгүйгээс өнөөгийн байгаа түвшинд нь буюу 55 хувьд байлгах ёстой" гэлээ.
Мөн МАН-ын бүлэг алдарт эхийн одонгийн мөнгийг ялгавартай олгох тал дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Учир нь алдарт эхийн одонгийн мөнгийг 200 мянга орчим эхчүүд авдаг гэсэн судалгаа байдаг. Тэдгээр эхчүүдийн 90 хувь нь 55-аас дээш настай. Хэрэв хүүхдүүд нь 18 нас хүрсэн гэж үзвэл эхчүүдийн 90 хувь нь алдарт эхийн одонгийн мөнгө авах боломжгүй болох аж. Тиймээс алдарт эхийн одонгийн мөнгийг цаашид олгох нь зүйтэй гэсэн байр суурийг МАН-аас илэрхийллээ. Түүнчлэн 0-18 насны хүүхэд бүрт сар болгон олгодог 20 мянган төгрөгт жилд 246 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 95 тэрбумыг хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг хүүхдийг алагчилж ялгаварлах нь зөв үү, буруу юу гэдэг талаар ярилцаж байж шийдлээ гаргахаар болжээ.
МАН-ын бүлэг алдарт эхийн одонгийн мөнгийг ялгавартай олгох тал дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлэв
Мөн малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн татвар ногдуулж болох эрхийг орон нутаг дахь ИТХ-д олгох нь хямралыг давах гарц биш гэж МАН-ын бүлэг үзжээ.
Түүнчлэн төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд тус бүлэг хямралаас гарах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой гэсэн саналыг хүргүүлэхээр болжээ.
Хямралаас гарах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой гэсэн саналыг хүргүүлнэ
