m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.03 01:53
3747
Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ

Автомашин, үйлдвэрийн утаанаас үүдсэн агаарын бохирдол өсөн өндийж буй  хотын оршин суугчдын амьсгалах агаараас хумсласнаар гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдалд орж, эрүүл мэнд хийгээд гоо сайханд ноцтой аюул  заналхийлдэг. Нойр хүрэх, толгой байнга өвдөх, стресст орох, уушгины үрэвсэл, зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлалыг хэдэнтээ нэмэгдүүлэгч хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн зайлсхийх вэ?

Бид хүчилтөрөгч, азот, устөрөгчийн холимогоор амьсгалдаг. Тэр дундаас хүний биеэр гемоглобиныг  тараадаг учир бодисын солилцоо болон исэлдэх үйл явцад оролцдог байна. Хүний организмд явагдаж буй исэлдэлтийн дүнд эс дэх шимт бодисууд  шатаж, ус болон эрчим хүчийг бий болгоно.  Харин хүчилтөрөгчгүй орчинд хүний тархины үйл ажиллагаа 2-5 минут зогсдог аж. Иймээс хүчитөрөгчийн хий хүнд зайлшгүй шаардлагатай бөгөөд экологийн бохирдлоос болж хүн биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авч чадаагүй тохиолдолд бодисын солилцоо муудаж, элдэв эмгэгт нэрвэгдэх нь ихэснэ. Түүнээс гадна хүний арьс өнгөө алдаж, эрт үрчлээтэх, харлах, сэвхтдэг байна.

Агаар дахь хүчитөрөгчийн хувь 20-21 байхад хүн хэвийн амьсгалдаг аж. Харин бүгчим, олон хүнтэй газар агаар дахь хүчилтөрөгчийн хувь 16-17 болтлоо буурснаар толгой өвдөх, нозоорох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Нэгэнт л агаарын бохирдол, амьдран буй орчноо өөрчилж чадахгүй тохиолдолд организмаа хүчилтөрөгчөөр хангахын тулд нэмэлт үйлчилгээ авах нь илүү үр дүнтэй, эрүүл мэндэд тустайг мэргэжилтнүүд онцолдог.

Хүчилтөрөгчийн ингаляци

Хүчилтөрөгчийн ингаляци буюу нэгэн төрлийн хиймэл амьсгалыг багтраа, хий ханиалга, уушгины хатгаа, сүрьеэ, зүрхний өвчтэй хүмүүст хийдэг. Амьсгал нь боогдсон, цочролд орсон, илүүдэл жинтэй хүмүүст сайн нөлөө үзүүлэхээс гадна цусны эргэлтийг сайжруулж, ядаргаа тайлан, арьсыг өнгөлөг толигор болгоно. Тусгай гуурсан хоолойгоор хүчилтөрөгчийн хольцыг  өвчтөнд соруулах бөгөөд хэр удаан хугацаагаар, ямар давтамжтай хэрэглэхийг нь эмчтэй зөвлөх ёстой. Хүчилтөрөгчийн хольц бүхий баллоныг эмийн сангаас худалдан авч гэрийн нөхцөлд хэрэглэж болох ч хугацаа, давтамжийг анхаараарай.

Харин хүчилтөрөгчийг дангаар нь сорж болохгүй, учир нь өндөр тунгаар хэрэглэбэл уушги, бөөр гэмтэж, зарим тохиолдолд сохрох аюултай. Мөн хүчилтөрөгчийн концентрацийг саун, баар, ажлын өрөө болон гэртээ тавьж болно.

Мезотерапи

Хүчилтөрөгчөөр баяжуулсан бэлдмэлийг тусгай аппаратаар арьсны гүнд оруулах энэ үйлчилгээний дүнд цусны эргэлт эрчимжиж, арьсны уян хатан чанар сайжран, үрчлээтэх, сэвхтэх, унжихаас сэргийлэхээс гадна целлюлит багасна. Мезотрапийг  гоо сайхны болон эмчилгээний зорилгоор мэргэжлийн салон, эмнэлэгт хийдэг, арьсны нөхөн төлжих чадварыг сайжруулдаг  тул элдэв шарх, сорви арилгахад тустай. Мезотрапийн үед өвдөх, цус гарах зэрэг хүндрэл гарч болзошгүй тул эмч, эмнэлэг салоноо зөв сонгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ихэнх тохиолдолд бэлдмэл, техникээ буруу сонгосон, эмч, мэргэжилтэн алдаа гаргасан, хэрэглэхийг хориглосон болон хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүн хэрэглэснээс хүндрэл гардаг.

Хүчилтөрөгчийн ваннд орох

 

Хүчилтөрөгчөөр баяжуулсан устай ваннд орох нь тайвшруулах, булчин, холбогч эд, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, нойргүйдэл, стресс, сэтгэл санааны хямралыг арилгах, артерийн даралтыг тэнвэржүүлэх, арьсыг сэргээх, нөхөн төлжүүлэх, зөөлрүүлэх, чийгшүүлэх шидтэй.

Хүчилтөрөгчийн ваннд орохдоо усны халуун хүйтнийг биеийн температуртай ойролцоо байхаар тохируулаарай. Харин зарим төрлийн харшил, хорт хавдар, бамбай булчирхайн эмгэг, сүрьеэтэй болон жирэмсэн эхчүүд ийм ваннд орохыг хориглодог.

Хүчилтөрөгчийн коктейль

Хүчилтөрөгчөөр баяжуулсан коктейль нь амралт сувиллын газар, гэр гээд хаана ч хэрэглэж болох, биед тустай, хүч тамир оруулах, бодисын солилцоог сайжруулж, ядаргаа тайлах үйлчилгээтэй. Ургамлын ханд болон жүүс,  95 хувийн хүчилтөрөгч бүхий хөөс бүхий эл коктейль илүүдэл жинтэй тэмцэгчид, жирэмсэн эхчүүд, ядаргаанд орсон хүмүүст илүү тохиромжтой. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, бодисын солилцоо, дархлалын системийг сайжруулахыг хүсвэл долоо хоногт 1-2 удаа ууж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Агаар амьсгалах

Дээр дурдсан аргуудаас гадна хамгийн эрүүл, хэн нэгний заавар зөвлөгөө шаардлагагүй, мөн бие хийгээд сэтгэлийн эрүүл мэндэлд таатай эмчилгээ бол салхинд гарах. Хотын утаа, түгжрэл, хүн, ажлын ачааллаас түр амсхийж байгалийн сайханд амрах, загасчлах, дугуйгаар болон явган аялах нь хүчилтөрөгчийн дутагдалд орохоос аврах, басхүү стресс, хямралаас ангижрах оновчтой арга билээ.