Оросын химич, зохион бүтээгч Дмитрий Иванович Менделеев 1834 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Сибирийн Тобольскд Иван Павлович Менделеев болон Мариа Дмитриевна Менделеев нарын отгон хүү болон мэндэлжээ. Түүний эцэг дүрслэх урлаг, улс төр болон гүн ухааны багш хүн байсан боловч золгүйгээр хараагүй болж багшийн ажлаа орхисон учир ээж нь гэр бүлийнхээ төлөө ажиллаж, зогсолтонд орсон шилний үйлдвэрээ дахин сэргээж эхэлсэн байна.
Түүнийг 13 настай байхад эцэг нь нас барж, удалгүй шилний үйлдвэр нь гал түймэрт өртсний дараа буюу 1950 онд Дмитрий Санкт-Петербург рүү явж, дээд сургуульд элсэн орсон ажээ. Сургуулиа төгссөний дараахан тэрээр сүрьеэ өвчин тусч, Крымын хойг руу нүүсэн бөгөөд тэнд байх хугацаандаа Менделев Симферополын нэгдүгээр гимназийн шинжлэх ухааны мэргэжилтнээр ажиллаж байгаад өвчнөө эдгэсний дараа буюу 1857 онд Санкт-Петербургт эргэн ирсэн байна. Дмитрий Менделеев хоёр удаа гэр бүл зохион зургаан хүүхдийн эцэг болсон юм. Тэр хэдийгээр олон улсад танигдан нэр хүндийн оргилд хүрээд байсан ч гэр бүлийн маргаантай байдал, элдэв цуурхал зэргийн улмаас Оросын шинжлэх ухааны академид гишүүн болж чадахгүй байлаа.
1861 онд тэрээр солонгон орны тухай болон органик хими гэсэн Оросын анхны сурах бичгийг зохион, хэвлүүлэв. Менделеев газрын тосны бүтцийг шинжлэх болон газрын тос боловсруулах үйлдвэрийг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний үелэх системийг үүсгэн бүтээсний гавьяаг үнэлэн Нобелийн шагнал хүртээх санал удаа дараа гарч байсан ч дэмжигдээгүй гэдэг. Дмитрий Менделеев Оросын эзэнт гүрэнд метрийн системийг нэвтрүүлэн, Оросын химийн холбоог байгуулахын зэрэгцээ өөрийн ихэнх цаг заваа физик, химийн шинжлэх ухаанд харамгүй зориулсан юм. Тэрээр 1907 онд Санкт Петербург хотод хатгалгааны улмаас нас баржээ.
Нэрт эрдэмтний нэрээр нэрлэгдсэн шинжлэх ухааны хүрээлэн, сургуулиуд, үндэсний хэмжүүрийн хүрээлэн, сурган хүмүүжүүлэхийн холбоо, хөшөө дурсгал, гудамж гэх мэт олон газрууд байдаг. Үүнээс гадна түүний зохиосон үелэх системийн 101 дэх цацраг идэвхт элементийг Менделевиум хэмээдэг ажээ. Тэрээр ер бусын сонирхолтой, ажилсаг хүн байсан гэдэг. Түүний ачаар 1899 онд Орос оронд жин хэмжүүрийн хууль нэвтэрсэн юм. Д.И. Менделеевийн бүтээсэн нийт ажлын ердөө 20 орчим хувь нь химийн шинжлэх ухаантай холбоотой бол бусад нь өөр өөр салбарт хамаарагдаж байжээ.
Менделеевийн үелэх систем
Үелэх системд химийн элементүүд нь өөрсдийн атомын дугаарын дарааллаараа багаас их рүү байрладаг. 1863 оны байдлаар 56 элемент мэдэгдээд байсан бөгөөд шинэ элементүүдийг шинж чанараар нь ангилах гэж оролдох явцдаа үелэх систем бүтээх санаагаа олсон гэдэг. 1869 онд уг үелэх системийг бүтээсэн нь түүний нэрээр нэрлэгдэх болжээ.