m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.03 11:23
318
"ETV HD" телевиз Хэвлэлийн эрх чөлөөний эрхэмсэг оршихуй шагнал хүртлээ

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан өчигдөр МҮХАҮТ-аас хамтран ажилладаг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлүүдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж, зөвлөл байгуулсан юм. Зөвлөл байгууллагдсанаар эрх чөлөө зөрчигдөх болон санамсаргүй алдаанаасаа болж сэтгүүлчид хохирхоос хамгаалж, сэргийлэх ажээ. Энэ үеэр "ETV HD"  телевиз, “Өдрийн сонин”, “Mongolian economy” сэтгүүл, “Хүмүүн бичиг” зэрэг байгууллагуудыг хэвлэлийн эрх чөлөөний Эрхэмсэг оршихуй шагналаар шагнаж, зөвлөлд элссэн хэвлэл мэдээллийн байгууллагад батламж гардуулан өгсөн юм. МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Бид бүхэн хэвлэлийн эрх чөлөөг амандаа тунхаглаад байгаа. Монгол Улс хэвлэл мэдээллийн байгууллага бүрэн эрх чөлөөтэй байснаар ямар ч зүйл дээр хараат бус бие даасан тэнцвэртэй мэдээллийг хүргэж чадна. Хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагаас бие даасан, хараат бус мэдээ, мэдээллийг хүлээдэг. Нийгэмд зөв, бодит байдлыг тэр чигээр нь хүргэж байвал сайн. Тэрнээс бол хэн нэгэн зөвлөх эрхгүй. Мэдээллийн байгууллагууд Засгийн газрыг магтаад байх биш бодит зүйлийг гаргах хэрэгтэй” гэсэн юм.

 

Уг ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн “Mongolian Mining journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа “Сүүлийн нэг жилд хэвлэлийн эрх чөлөөний тал дээр тодорхой ажлууд хийж, үр дүн нь гарсан байгаа. Түүнчлэн 110, 111 гэсэн эрүүгийн хуулийн хоёр заалт хүчингүй болсоноор сэтгүүлчдэд эрүүгийн ял тулгадаг заалтууд үгүй болсон. Өөрөөр хэлбэл эрх зүйн орчин сайжирсан байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл ирэх намрын чуулганаар орж болзошгүй, мөн редакцын тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль гэх мэт салбарын чухал хуулиуд хэлцэгдэх боломжтой байгаа. Хууль эрх зүйн орчноос гадна мэдлэг боловсролоо дээшлүүлхэд МҮХАҮТ-аас зохион байгуулдаг төрөл бүрийн сургалтууд ихээхэн ач холбогдолтой. Энэ нийгмийг авч явах гол хүмүүс бизнесийнхэн, хэвлэлийнхэн гэж би хардаг. Нийгмийг цэвэршүүлж, манлайлж явах энэ хоёр бүлэг хүмүүст итгэж явдаг” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.  

“ETV” телевизийн Спортын албаны дарга Т.Ганзул “Мэдээллийн томоохон сувгийн хувьд МҮХАҮТ-аас гаргадаг мэдээллийг ашиглаж, мэдээ, материалаа бэлтгэн гаргадаг байгаа” хэмээсэн юм.