Тоглоом нь бага насны хүүхдийн сэтгэлийн ханамжийг бий болгодог гол хүчин зүйл гэнэ. Эрдэмтэд тоглоом тоглох нь тэдэнд бие бялдрын хөгжил, сэтгэлзүйд дэмжлэг өгөөд зогсохгүй сайн муугийн ялгааг ялгахад нь тусалдаг гэж үзэж байна.
Тоглоом тоглож буй хүүхэд баяр хөөртэй, харилцааны эерэг нөлөөллүүдийг үүсгэж байдаг аж. Нөгөөтэйгүүр тогтлоомын дүрэм журмыг сурч боловсруулж өрсөлдөх чадвар, тактик бодлого зохиож сурдаг учиртай. Мөн багаараа тоглох тоглоом нь тэдний цаашдын нийгмийн амьдралын хэв маяг, идэвх, байр суурийг тавьж өгдгөөрөө давуу талтай. Эрдэмтдийн тодорхойлсноор тухайн хүүхдийн хүн чанар тоглоомонд бүтээж буй дүрээр илэрдэг гэнэ. Зарим асран халамжлагчид хүүхдийнхээ тоглохыг хязгаарлах тохиолдол ажиглагддаг. Хүүхэд байнга тоглохыг эрмэлзэж байвал энэ нь түүний ирээдүйн амьдралын идэвх, нийгэмд эзлэх байр суурийн илрэл болдог ажээ. Багадаа тогпож байсан тоглоом нь хүүхдийн ирээдүйн мэргэжлээ сонгоход нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн амжилт гаргах мэргэжлээ тоглоомоороо илэрхийлдэг байна. Тухайлбал хөгжмийн зэмсгээр тоглодог байсан хүүхдийн ой ухаан, учир шалтгааныг ялгах систем илүү хөгжиж ирээдүйд математикч, зохиолч эсвэл хөгжимчин болох магадлал өндөр байдаг нь анзаарагджээ. Харин тоглоом бүр сайн нөлөөтэй биш аж. Тухайлбал эрэгтэй хүүхдийг байнга буугаар тоглуулах муу гэнэ. Энэ нь тэдний сэтгэхүйд асуудлыг хүчээр шийдэх ойлголт төрүүлдэг. Түүнчлэн ганцаараа тоглох тоглоомууд хүүхдийг зожиг ганцаардмал байдлаар хүмүүжүүлдэг аж. Нөгөөтэйгүүр электрон тоглоом сэтгэн бодох чадварт муу нөлөөтэй. Хүүхдийн хувьд оньсон тоглоом нь хамгийн сайн нөлөөтэй аж.