m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.04 04:20
658
К.Номинжин: Карнеги Холлд тоглож магадгүй гэхэд итгээгүй

Монголын нэртэй дуучин бүсгүй АНУ-ын алдарт Карнеги Холлын Стерн Аудиториум буюу хамгийн том танхимд  Грэммийн хошой шагналт Кристофер Тиний уран бүтээлд оролцон таван хэлээр дуулж, хөгжмийн урлагийнхнаас өндөр үнэлгээ авсан тухай Нью Йоркийн концертын шүүмжээс олж уншсан  юм. Энэ хүн бол та бидний сайн мэдэх, дуучин К.Номинжин байв. Өдгөө АНУ-д уран бүтээлээ амжилттай туурвиж яваа түүнийг “Масс агентлаг”, тэр дундаа “mass.mn”-ий уншигчидтай онлайнаар уулзуулж байгаадаа баяртай байна.

  • Юуны өмнө дэлхийд алдартай Carnegie Hall”-д дуулсанд тань баяр хүргэе. Тэр том тайзан дээр гарахад төрсөн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач?
  • Нэгдүгээр сард дуулах санал хүлээн авч, CD-ний бичлэгт ороод, Карнегид тоглож магадгүй гэж сонсоод бараг итгээгүй. Болсон хойно нь л болъё гээд ээж, ааваас өөр хүнд хэлээгүй. Бичлэг амжилттай болоод, тоглолтонд бүр олон дуу дуулаач гэсэн. Тэгээд Нью Йорк хотруу аялж, хоёр өдөр оркестр, найрал дуучидтай сургуулилаад  дөрөвдүгээр сарын 13-нд тоглолтондоо оролцсон.
  • Олон хэл дээр нэг дууг дуулсан уу, эсвэл хэл бүрийнх нь үндэсний дууг эгшиглүүлэв үү?
  • Хөгжмийн зохиолч Кристофер Тинийн сонгодог хөгжмийн зохиолын аялгуунд, “ус”-ны тухай сэдэвтэй олон үндэстний эртний хэлбэрийн яруу найргаар бичигдсэн таван өөр дууг дуулах завшаан тохиосон юм. Дөрөв нь зохиолчийн “Грэмми” шагнал авсан бүтээлийн хэсэг, нэг нь түүний аялгуунд дөнгөж сая миний бичсэн монгол шүлгээр бүтсэн дуу юм.
  • Грэмми шагнал хүртсэн дэлхийн хэмжээний хүний тайлан тоглолтонд оролцож таван дуу дуулна гэдэг хэн хүнд олдохгүй завшаан. Энэ үйл явдлын эхлэл нь юу байв? Танд анх санал тавьсан юм уу?
  • Анх би 18 настай байхдаа” Хөөмий- Тайко ансамбль”-ийг зохион байгуулж, Монгол болон АНУ-д айлчлан тоглолт хийхэд нь туслан, орчуулагчийг нь хүртэл хийсэн. Тэгж байхдаа АНУ болон Японы нэрт хөгжимчид, продюсеруудтай ажилласан юм. Тэд намайг олон хэлээр дуулдаг, шүлэг дуу зохиодог гэж мэдсэн. Хөгжмийн зохиолч Кристофер Тин өөрийн хоёр дахь цомогт дахин олон хэлээр дуу бичнэ гэдгийг мэдээд япон продюсер түүнд монгол хэлийг оруулаач гэж санал болгосон юм уу гэж ойлгосон. Эсвэл хөгжмийн зохиолч өөрөө  анхнаасаа тэгж шийдсэн юм уу мэдэхгүй. Тэгээд би өөрийн дуулсан дуунуудыг илгээж, монгол хэлээр цасны тухай шүлэг бичих даалгавар авсан. Намайг эртний болоод сонгодог яруу найргуудын хэсгүүдийг нийлүүлж дуундаа шүлэг бич гээд, Монголын Эзэнт Гүрний харьяанд байсан Төвд, Орос, Солонгос, Хятадын яруу найргийг англи хэл дээр явуулсан юм. Тэгсэн чинь “цасан луу цагираглаад” гэх шиг бүр сонин дуу болох гээд байхаар нь Монголынхоо эртний яруу найргийг судалсан чинь ёстой л цалин мөнгөн хүрэмтэй, цагаан цасан нөмрөгтэй гээд цастай нутаг гэхэд бүтэн дуу болчихоор зохиол олдоогүй. Өөрөө хэдэн үг эвлүүлээд: “Цас наранд уярна” гэдэг нэрээр бас нэг жаахан гүн ухааны шүлэг бичээд дуулсан. UBS телевизийн Одгэрэл эгч Лос Анжелест зочилж байх үеэр энэ дуун дээр дөнгөж ажиллаж эхэлж таарсан. Ээж, Одгэрэл эгч хоёртойгоо бас их зөвлөлдсөөн. 
  • “Цалин мөнгөн дуулгатай
  • Цанатын даваа минь амгалантай
  • Цасан шуурга цагийн эрх
  • Цайлган сэтгэл монгол зан
  • Алсын алсад одод анивчина
  • Аянчин жинчин айсуй байна
  • Аагтай цайгаа уудалъя юу даа
  • Айсуй зочноо угтъя уу даа
  • Цас, наран хамтдаа орших хорвоод
  • Цалгин бялхах хайр мину зээ
  • Цас наранд уярна”  гэж дуулдаг. Тэгтэл өмнөх цомгийн өөр хэлийн дуунуудыг дуулах саналыг надад бас тавьж, Карнегийн их танхимд нэг биш бүр олон дуу дуулах болж хариуцлага өндөрссөн. (инээв)
  • Үгийг нь харахад үнэхээр сайхан, омогшил төрөхүйц санагдаж байна. Дуугаа дуулж дуусаад за энд нэг ингээд алдчихлаа шүүч гэдэг юм уу өөрийгөө чамламаар санагдсан зүйл байсан уу?
  • Тайзан дээр, найрал хөгжим, найрал дуунд уяраад заримдаа юу болоод өнгөрснийг дүгнэхэд хэцүү. Хонгорзул багш маань Карнегид билүү Роял Алберт Холл-д билүү дуулж дуусаад үзэгчид таг чимээгүй байхаар нь тайзан дээр унтчихлаа гэж бодсон, тэгсэн чинь алга нижигнүүлээд ташаад эхлэхээр л дуулж дээ гэж мэдсэн гэсэн. Дуулсан бичлэгээ гарахаар юу болж өнгөрснийг харна даа. Одоохондоо бол сэтгэл өөдрөг л байна.
  • сэтгэл өндөр, тоглолтын дараа зургаа хамт авахуулъя гээд л, хөгжмийн зохиолч, удирдаач 2 маань бас сэтгэл хангалуун байсан.
  • Тайз засалт, микрофоны дугаралт нь мэдээж өндөр түвшинд байсан биз?
  • Тийм шүү. Гол нь 300 хүний симфони найрал хөгжим, 600 шахам хүнтэй найрал дуу, “органик хөгжим” гэж хэлдэг шүү дээ. Дижитал хөгжмөөс мэдээж өөр, маш олон хүний сэтгэл зүрх хамт дуулахаар дугаралт үнэхээр өөр байсан. Олон хүний сүнсний хүч, зохиолынхоо хүчтэй нийлж үзэгчдээ сайн цэнэглэсэн байх гэж бодогдож байна. 2800 гаруй хүний суудалтай заал дүүрэн байсан, хөгжмийн зохиолч маань алдартай, яг ийм өмнөх бүтээл нь Грэмми авсан болохоор тэр биз.
  • Ямар жанрын дуу дуулав?
  • Яг тэр гэж тодорхойлоход бэрх... ардын өнгө аястай, олон үндэстний соёлыг бас бага сага тусгасан гэхдээ л сонгодог хөгжмийн бүтээл байсан. Би болохоор монгол дуундаа ардынхаа дуу, поп дуу, броудвэй маягийн дуулалтыг бүгдийг оруулах шаардлага гарсан. 
  • Хаана ямар чиглэлээр сурч байгаа вэ?
  • Дуулаач, англи хэлний мэргэжлээр зэрэг сураад, голдуу эчнээ, зайнаас сурч байна. Саяын цомог тоглолт шиг санал ирдгээс болоод АНУ-д байхаас өөр аргагүй байх юм. Дэлхийд нэртэй мюзиклүүдийг Монголд анх маш амжилттай тавьсан  “Сити” Их Сургуулийн уран бүтээлийг үзээд энэ сургуульд бас давхар сурч байгаа. Сургууль маань маш орчин үеийн, шинэлэг сургууль.  Өндөр шаардлага тавихын зэрэгцээ урлагийнхныгаа онцгойлон дэмжиж, зохиол, дизайн, уран бүтээл, тоглолтоор нь кредит олгох зэргээр уран бүтээлийнхээ хажуугаар боловсрох бололцоог хангаж өгдөг. Жишээ нь, миний төгсөлтийн ажил уран бүтээл бичих,  мюзиклд дүр бүтээх гэсэн том шаардлагыг хангах ёстой байгаа.  АНУ-ын Холливудэд “Actor’s Studio”-д төлбөртэй сурч байгаад  одоо тэтгэлэгтэй сурч байна. Энэ маань зөвхөн кино жүжигчид бэлтгэдэг сургууль. Тайзны хүнд хэрэгтэй гэж бодоод 2009 оноос хойш энд сурч байгаа. Холливудэд шавь сургалт их дэлгэрсэн газар. Поп, джаз дуулаач, кино жүжгийн чиглэлээр олон сайн багш нартай ажиллаж сурч байна. Рожер Лав багшийн дараа Паулет МкУильяамс гэдэг нэрт джаз дуучнаас бас сурч байна. Жүжгийн багш маань “Actors Studio”-гийн  Эрик Клайн. Монголдоо  УГЖ  уртын дуучин Хонгорзул багш,  дэлхийд нэртэй балетчин Алтанхуягийн багш Лхагвадорж багш, төгөлдөр хуурын Лхагваа багш зэрэг хамгийн шилдэг, гол нь шавиа гэсэн чин сэтгэлтэй урлагийн мастеруудаар мэддэг чаддаг бүхнээ заалгасан. Хонгорзул багш маань Карнеги холлын Их Танхим болох Стерн Аудиториумд “Хэрлэнгийн Баръяа”-г цурайтуулсан ганц монгол байсан нь тохиолдлын биш хэрэг.  Миний ажил амьдралын замыг чиглүүлэгч хамгийн гол багш бол Төгс Их Багш Чин Хай. Манай монголчуудын зарим нь намайг 14 наснаасаа цагаан хоол идэж,  оюун санааны бясалгалын зам мөрийг сонгосныг мэднэ. Миний амьдралын нэг номерын боловсрол,  тэргүүний  ажил  энэ юм.
  • Ирээдүйн төлөвлөгөө?
  • Ойрын ирээдүйд бол шинэ уран бүтээл, мюзикл л байна даа. Холын ирээдүйг хэлж мэдэхгүй.
  • Монголдоо ирж амьдрах талаар боддог уу? Эсвэл монголчуудад зориулсан уран бүтээл гаргах талаар?
  • Монгол маань оюун санааны хуьд их өндөр түвшинд байдаг гэгээлэг орон. Эх орондоо сайн сайхныг түгээн дэлгэрүүлэхэд оролцох хүсэл эрмэлзэл маш их. Уран бүтээлийнхээ хажуугаар нийгэмдээ хандсан олны тусын тулд юм хийх юмсан гэж их хүсдэг. Монголдоо одоогоор яг суурин байж, ажиллаж чадахгүй байгаа ч хааяа ирж очин, арга хэмжээнд оролцох, мөн өөр бусад арга замаар хамтран ажиллаж л байна. Жишээ нь, надтай манайхан холбогдож, англи хэлийг хэрхэн амжилттай сурах тухай зөвлөгөө авахыг их хүсдэг. Тэгэхдээ чанартай сургалтанд суух гэхээр төлбөрийг нь дийлэхгүй байна гэж их олон хүн хэлдэг болохоор эцэг, эхийнхээ тусламжтайгаар Английн Макмиллан гэдэг боловсролын компаний онлайн-танхим хосолсон чанартай сургалтыг  “алиа морь цэг ком” (www.aliamori.com) -оор хямд үнээр хүргэж, өөрөө АНУ-аас анги бүртэй долоо хоногт нэг удаа интернетээр холбогдож, англи хэлний ярианы дадлага хамтдаа хийх болсондоо их баяртай байгаа. Хүмүүс ч  их баярлаж байна. Итгэлийг нь дааж, өгөөжтэй сургалт явуулахыг хичээнэ. Цаашид үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.
  • тусгайлан зориулсан уран бүтээлийн хувьд гэвэл СИТИ сургуулийнхаа уран бүтээлч оюутнуудтай хамт мюзикл тавих төслийг захирал Байгальмаа багштайгаа боловсруулж эхлээд байна. 
  • Таныг цагаан хоолтон гэдгийг мэдэхгүй хүн ховор. Энэ хэвээрээ байгаа юу?
  • Хэвээрээ, одоо бүр веган буюу ургамал хоолтон болсон.
  • Мэдээж цагаан хоолтон гэхээр ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах хайр, өөрийнхөө эрүүл мэндийг бодож буй дэглэм гэсэн хоёр зүйл хамгийн түрүүнд санаанд ордог. Таны хувьд аль тал нь давамгайлдаг вэ?
  • Хамгийн гол нь амь хөнөөсөн хүнснээс татгалзаж, бидний “эх болсон” хамаг амьтныг алж идэхгүйн тулд л цагаан хоолтон болсон. Тэгэхэд би 14 настай байсан. Одоо бол хойч ирээдүй үеийнхээ эрх ашгийг  бодож, байгальд ээлтэй ургамал хоолны дэглэмд шилжин орсон. Билл Гейтс, Аль Гор, Билл Клинтон нарын хүмүүс энэ сонголтыг хийж, үлгэр дуурайл үзүүлж байна. Харин эрүүл мэнд сайжрах, сэтгэл санаа өөдрөг байх бол миний хувьд бонус.
  • Хол байхад мэдээж монголынхоо тухай боддог л байх. Эх орондоо болж буй үйл явдлуудаас эмзэглэж боддог сэдэв?
  • Бясалгагч болоод 10 жил гаруй болж байгаа болохоор аль болох өөдрөг сайн сайхан зүйл дээр төвлөрч, түүнийг сэтгэлдээ болоод эргэн тойрондоо бүтээж явах юмсан гэж хичээдэг. Бие биенээ хайрлаж хүндэлж, авах гэж биш аль болох өгч амьдраасай. Гэхдээ “Яасан харанхуй юм гэж халаглахын оронд ядаж ганц зул  барь” гэдэг. Өсч том болсон миний үеийнхэн ээж, аав, ард олондоо эрхэлж суух биш олонд хэрэгтэй юм хийж эхлэх цаг болсон. Миний санаачилсан хамгийн анхны нийгэмдээ хандсан төсөл Луна Бланка Цагаан Хоолны Газар маань амжилттай ажиллаж байна. Морин жилдээ “Алиа Морь.ком” нэртэй эрдмийн аяны хурдан хүлгийг ард түмнийхээ боловсролын тусын тулд сойж, гараагаа эхлүүллээ.
  • Ярилцсанд баярлалаа. Та бид хоёрын яриа олон монгол залуучуудад эрч хүч хийгээд урам өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаашдын ажил үйлс тань үргэлж дэлгэрч яваг гэж ерөөе.
  • Баярлалаа