Цагдаагийн албаны шинэчлэл, хууль тогтоомжийн дагуу цагдаагийн хэлтэс бүр хийсэн ажлыг тайланг иргэддээ танилцуулдаг болсон. Энэ нь цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах нэгэн чухал арга хэмжээ хэмээн үзэж байгаа юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2014 оны үйл ажиллагааны тайланг хорооны иргэдэд өнөөдөр танилцууллаа.
Уг тайлант хуралд цагдаагийн хэлтсийн удирдлагууд, алба хаагчид мөн хороодын иргэд оролцсон юм. Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Иргэдийн зүгээс гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах мөн оюутнуудыг эргүүлийн ажилд сайн дураар оролцуулах, зөвшөөрөлгүй архи, тамхи худалдан борлуулж байгаа газруудад хяналт тавих зэрэг санал хүсэлтийг цагдаагийн удирдлагуудад хүргүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагчийн ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганбаяр
-Өнөөдрийн үйл ажиллагааны талаар тайлбарлахгүй юу?
-Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дүүргийнхээ иргэдэдээ 2014 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулж байна.
-Өнгөрөгч онд онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн үү?
-Онц ноцтой гэмт хэрэг өнгөрөгч онд манай цагдаагийн хэлтэст бүртгэгдсэнгүй. Аливаа гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэхийн тулд эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч хамтын хүчээр үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байна.
-Ямар төрлийн гэмт хэрэг түлхүү үйлдэгдсэн бэ?
-2014 онд иргэдийн өмчийг хулгайлах төрлийн гэмт хэрэг түлхүү гарлаа. Манай дүүргийн хувьд гэвэл хүн амын нягтрал ихтэй учраас хулгайлах төрлийн гэмт хэрэг гарах магадлал өндөр байдаг.
-Иргэдийн зүгээс цагдаагийн хэлтэстэй холбоотой ямар санал хүсэлтийг дэвшүүлж байна вэ?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодыг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах мөн орцны жижүүрийг эргүүлд ажиллуулах мөн олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал хүсэлтийг иргэдийн зүгээс уламжилж байна. Манай хэлтсийн зүгээс камер, гэрэлтүүлэгтэй болгох шаардлагатай газрын судалгааг дүүргийн удирдлагуудад хүргүүлсэн байгаа.
-Энэ онд ямар төлөвлөгөөний дагуу ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2015 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр түлхүү ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 2014 онд иргэдийн өмчийг хулгайлах төрлийн гэмт хэрэг түлхүү гарлаа. Манай дүүргийн хувьд гэвэл хүн амын нягтрал ихтэй учраас хулгайлах төрлийн гэмт хэрэг гарах магадлал өндөр байдаг.
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэн, урамшуулалт эргүүл Б.Уртнасан
-Урамшуулалт эргүүлээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Манай дүүрэгт урамшуулалт эргүүл 2014 оноос эхлэн ажилласан. Тэр үеэс урамшуулалт эргүүлээр ажиллаж байна.
-Урамшуулалт эргүүл ажиллах нь ямар давуу талтай байдаг вэ?
-Урамшуулалт эргүүл бол нийгмийн хэв журмын зөрчил болоод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй. Иргэд, олон нийт цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах дэвшилтэт арга болж чадсан гэж үздэг. Мөн бид хөдөлгөөнт эргүүлтэй хамтарч ажилладаг.
-Урамшуулалт эргүүлийн ажиллах нөхцлийг хангах тал дээр ямар ажлыг хийж байна вэ?
-Урамшуулалтын эргүүлийг сарын 70.000 төгрөгөөр урамшуулж байсан. Цаашид ажиллах идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Дүүргийн Засаг даргын тамгын газраас 200.000 төгрөгний урамшуулал олгодог болсон.
-Та ямар чиглэл үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Би өөрийнхөө оршин суудаг орчны 10 гаруй байрыг хариуцан ажилладаг. Мөн СӨХ, орцны жижүүр, иргэдтэй холбоо тогтоон мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн алба хаагчдад мэдээллэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаан дэмжлэг болон ажиллаж байна.