m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.12 08:57
567
Ажил хэрэгч эрэгтэйн хувцас

1.Гадуур хувцас

Эрэгтэйчүүд гадуур хувцас, малгайгаа өнгө нийцүүлэн сонгоно. Өөрөөр хэлбэл, бараан-бараан, цайвар-цайвар гэх мэт. Албан ёсны буюу ёслол хүндэтгэлийн, фрак, смокинг, хар костюм зэрэгт хар, бараан өнгийн пальто, хар малгай өмсөнө. Фрак өмссөн бол цилиндр малгай, смокинг, костюм өмссөн бол бүрх малгай зохимжтой. Албан ёсны арга хэмжээнд өнгө алаглуулсан буюу шар, ягаан, хурц ногоон зэрэг өнгийн хувцас өмсөхөөс аль болохоор зайлсхийх хэрэгтэй.

2.Цамц

Цамц нь костюмны дэвсгэр өнгөнд зохицож, хамгийн чухал нь зангиатай уялдаж байх хэрэгтэй. Цамцыг үргэлж цэвэр, индүүдсэн, захыг зөв угааж цэвэрлэсэн байхын дээр товч, тээглүүрийг бүрэн товчилж өмсөх нь зүйтэй. Цамцыг сонгохдоо захыг бүрэн товчлоод долоовор хуруугаа шургуулж үзнэ. Хуруу чөлөөтэй орж байвал сайхан таарч байна гэж үзнэ. Ханцуй нь пиджакны ханцуйнаас 1,5-2 см орчим цухуйж байх ёстой.

Ёслолын хувцас дээр заавал цагаан өнгийн цамц өмсдөг ёстой. Баяр ёслолын ажиллагаанд болон үдэшлэг уулзалт, театрт хар, бараан костюм өмсвөл цагаан цайвар өнгийн цамц хамгийн зохимжтой харагддаг. Хатуулгатай захтай, урт ханцуйтай цагаан цамцыг фрак, ёслолын хар, бараан костюмтай өмсөнө. Фрактай өмсөх цамцны энгэр нь гялгар, олон нугалаастай байх нь зүгээр. Хагас хатуулгатай захтай урт ханцуйтай зөөлөн цагаан цамцыг ёслолын формын хувцас, смокинг, хар костюмтай өмсөнө. Смокингтай өмсөх цамцны ханцуй нь эргэдэг бөгөөд гоёлын товч /запонки/ зүүх зориулалттай байдаг. Гоёлын товчыг зангианы хавчаар, цагны төмөр оосрын дагуу сонгоно./шармал хавчаартай бол шармал запонки г.м/ Бусад төрлийн костюмд өнгө дагасан буюу эсвэл зөв контрасттай хослох цамц өмсөх нь зүйтэй.

3.Зангиа

Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл болдог. Ажил хэрэгч эрэгтэй ямар костюм дээр ямар өнгийн цамц өмсч, ямар зангиа зүүх нарийн урлагийг төгс эзэмшивэл зохино. Зөв сонгож, сайхан зангидсан зангиа нь үнэтэй костюм, сайн чанарын цамц, гуталтай хоршин бүрэн цогц болдог.

Зангиаг сонгохдоо костюм, цамцны өнгийн дагуу тод байж эсвэл костюмны өнгө оролцсон хээтэй байх нь хамгийн зохицол сайтай, төв харуулдаг. Өдөр тутам, ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд зүүх зангиа нь нэг өнгийн, цулгуй байхаас гадна өнцөг гаргасан, дөрвөлжин, гурвалжин, гонзгой дөрвөлжин, хээтэй, ташуу судалтай эсвэл дугуй толботой байх нь зохимжтой. Зангианы урт, богино нь костюм, бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээг хааж байхаар зангидах нь зүйтэй. Орчин үед зангианы өргөн 5-9 см болжээ.

Эрвээхэй зангиаг сонгодог загварын костюм, ёслолын хувцас дээр зүүнэ. Цагаан өнгийн эрвээхэй зангиаг фрак, хар өнгийнхийг нь смокинг, судалтай болон цоохор толботой харыг хар костюмтой зүүнэ. Хар өнгийн ердийн урт зангиаг ёслолын формын хувцас, гашуудлын үед хар костюмтэй зүүнэ.

Эрэгтэйчүүд зангианы оронд алчуур зүүх болжээ. Цагаан алчуур албан ёсны бүх хувцсанд тохирно. Бусад өнгийхнийг костюмны өнгөнд нийцүүлнэ. Энгэрийн халаасны алчуурыг энэ зарчмаар сонгох боловч гол төлөв зангианы өнгөтэй хослуулах нь илүү зохимжтой.

Танд зангиа үүссэн түүхээс сонирхуулахад Хойд Европт алба хашиж байсан ромын легионерууд хүйтнээс хамгаалахын тулд хүзүүгээ даавуун туузаар ороож хоёр үзүүрийг нь энгэр рүүгээ унжуулдаг байж. XYI – XYIII зууны үед хоёр давхар цагаан туузан зангиаг сүм хийдийнхэн, эмч нар, настайчууд зүүдэг байжээ. XYIII зууны төгсгөл рүү зангиа нэлээд түгээмэл хэрэглэгдэх болж. Энэ талаар Онорэ де Бальзак гарын авлагандаа зангиаг хэрхэн зангидах талаар бичсэн байдаг.

4. Гутал

Хэрэглээний соёлыг даган гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж, арчилж байх хэрэгтэй. Таны гутал үргэлж шинэ мэт гялалзаж байх ёстой. Шороо тоостой, маажиг гутал ямар ч үнэтэй сайхан загварын хувцасыг гутааж, сүргүй харагдуулна.

Хар гутлыг албан ёсны бүх арга хэмжээнд, фрактай лакан гялгар хар гутал өмсөнө. Зузаан резинэн ултай гутлыг албан ёсны арга хэмжээнд өмсдөггүй. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд өсгий тэгш/элэгдэж хазайгаагүй/ ширэн ултай гутал өмсөх нь илүү зохимжтой байдаг.

Ажилдаа болон өдөр тутам өмсөх гутлыг сонгохдоо арчилж, цэвэрлэхэд хялбар, чанартай, бөх талыг нь харах нь зүйтэй. Ажилд өмсөх гутал, тэлээ нь бараан буюу хар эсвэл хүрэн байвал ажил хэрэгч, энгийн байдлыг илтгэдэг. Костюм гутал хоёр өнгө дагуу байх ёстой. Хар бараан костюм дээр цайвар өнгийн гутал, мөн тас хар өнгийн костюм дээр хүрэн, бор гутал тун зохимжгүй харагдана.

Гутлаа тэлээ, цүнх, хэтэвч, цагны оосортойгоо зохицуулах нь эр хүнийг дэгжин харагдуулна.

5.Оймс

Костюм дээр шагайгаар болон шилбэний доогуур татсан богино оймс өмсдөггүй. Шилбэний дунд эсвэл шилбэний оройгоор татсан урттай оймс өмсөнө. Оймсны өнгө зангианы дэвсгэр өнгөтэй таарахын зэрэгцээ өмднөөс цайвар байх ёсгүй. Элдэв зураг, хээ, хатгамалтай оймсыг ажил хэргийн үед өмсдөггүй.

6.Тэлээ

Чанартай, сураар хийсэн, үнэтэй тэлээ эр хүний гоёл болдог. Тэлээг сонгохдоо гутлын өнгөтэй адилыг сонгоно. Бүсний хэмжээг тааруулахдаа тэлээний хэл гурав дахь нүдэнд тохирч байхаар сонгоно. Тэлээний өргөн нарийнийг сонгохдоо өөрийн биеийн онцлогийг харгалзана. Арал тоног нь хэт том, гялгар төмөртэй, товруутай тэлээг костюм дээр мөн ажилдээ зүүхгүй. Тэлээний арлыг цагны оосор, үангианы хавчаар зэргийн өнгөтэй хослуулж болно.

7.Хэтэвч

Соёлтой боловсон хүн бүрийн хэвшвэл зохих зүйлийн нэг нь хэтэвчийг тогтмол авч явж зөв хэрэглэж сурах явдал юм. Эрэгтэй хүн аль болох нимгэн, овор багатай авсаархан хэтэвч сонгох нь зүйтэй. Мөн эдэлгээ даахуйц бөх, оёдол сайтай, хатуулгатай хэтэвчийг өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

8.Цаг

Эр хүний хувьд үнэтэй, сайхан бугуйн цаг, үзэг онцгой чухал гоёл болдог. Эр хүний хувьд эрдэнэсийн чулуун бөгжнөөс илүү цаг чухал үүрэгтэй байдаг. Иймээс чанартай, загвар сайтай бас үнэтэй цаг сонгох нь нэр төрийн хэрэг юм. Цагны оосор суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резин оосор, хэт этгээд чамин хийцтэй цаг костюманд зохихгүй.

9.Бусад...

Боловсон эр хүн биедээ үргэлж цэвэр алчуур авч явдаг.  Ариун цэврийн зориулалттай энэ алчуурыг баруун халаасанд хийдэг./солгой бол эсрэг байж болно/ Мөн тамхины асаагуур, үзэг, гар цүнх эрчүүдийг чимнэ. Костюм дээр хавтас, дээрээ богино бариултай гар цүнх хамгийн зохимжтой