m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.12 13:49
1566
Дэлхийн сонгодог бүжгийн жүжиг: Хунт нуур

Балет буюу сонгодог бүжиг нь Ballery гэдэг латин үгнээс гаралтай бөгөөд XV зуунаас Европод үүссэн гэж үздэг байна. Дэлхий дахины үзэгчдийн хараа болон сэтгэлийг баясгадаг сонгодог бүтээлүүдийн нэг нь Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Хунт нуур” балет юм.

Оросын суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковский

Петр Ильич Чайковскийн “Хунт нуур” хэмээх үзэсгэлэнт гүнж Одетта, хан хүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх балетаа 1875-1876 онд дөрвөн үзэгдэлтэйгээр зохиожээ. Тэрээр арван дуурь, гурван бүжгийн жүжиг, долоон симфони зэрэг нийтдээ 80 гаруй уран бүтээл туурвиж дэлхийн сонгодог болон хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн юм. Түүний “Хунт нуур”, “Нойрсож буй гоо үзэсгэлэн” , “Цөмөөхэй” бүжгийн жүжиг буюу балетийг нь одоо ч олон орны сая сая үзэгчид шимтэн үздэг билээ.  “Хунт нуур” балет нь хамгийн анх Москвагийн “Их театр”-т 1877 оны гуравдугаар сарын 4-нд тоглогдож үзэгчдийн хүртээл болж байв. Петр Ильич Чайковскийн өөрийн найруулгаар хамгийн анх 1884 онд Англид, 1888 онд Прагвайн Үндэсний театрт тоглогдож байсан ба Чайковский өөрөө удирдан тоглуулсандаа сэтгэл маш хангалуун байжээ.

“Хунт нуур” балет хамгийн анх Москвагийн “Их театр”-т 1877 он

Анна Собесченская Одеттагийн дүрд 1877 он

Энэ цаг үеэс хойш “Хунт нуур”-ын тайзны болон хөгжмийн найруулга хэд хэдэн янзаар өөрчлөгдөн дэлхийн олон орны театруудад тоглогдох болсон байна. 1895 онд Мариус Петипа Лев Иванов нар  "Хунт нуур"-ыг шинэчлэн найруулж Сант-Петрбургийн театрт тоглуулах болсон байна. Сант-Петербург дэх эзэнт гүрний теат­рын Ерөнхий удирдаач хөгжмийн зохиолч Рикардо Дриго Чайковскийн хөтөлбөрийг хянан засварлаж тавьж байжээ.

 

Хунт нуур Сант-Петрсбургийн театрт 1895 он

 

Перина Леньяни Одеттагийн дүрд 1895 он

Хунт нуур Сант-Петрсбургийн театрт 1937 он

Хунт нуур Сант-Петрсбургийн театрт 1940 он

“Хунт нуур” Москвагийн “Их театр”-т 1901 онд дахин тоглогдлоо

“Хунт нуур” балет 1911 онд Лондон, Монте-Карлогийн тайзнаа тоглогдлоо

1940 онд Сан-Францискогийн балетийн театр "Хунт Нуур" балетийг тоглуулахаар болсон нь анх удаа Оросын балет АНУ-ын тайзнаа тоглогдох болсон хэрэг байв. Энэ нь тухайн үедээ Оросын соёл урлагийг АНУ-ын тайзнаа таниулсан томоохон алхам болж байжээ. 

" Хунт нуур" 1940 онд Сан-Францискогийн тайзнаа

"Хунт нуур" балет нь тайзны чимэглэлийн хувьд маш чамин тансаг, хөгжим яруу төгс, зохиомж нь нарийн, ер нь маш өндөр түвшинд бүтээгдсэн балет тул жүжигчдээс маш өндөр ур чадвар шаарддагаараа онцлог юм. Иймээс тайзны бүтээл болон төрсөн цагаасаа үе үеийн үзэгчдийн үзэх дуртай балет байсаар ирсэн билээ.