m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.13 09:49
102
Д.Лүндээжанцан: Үндсэн хуулиа иж бүрнээр нь судалж байж өөрчлөлт оруулах ёстой

Ардчилсан Үндсэн хууль батлагдсны 23 жилийн ой өнөөдөр тохиож буй. Ойн хүрээнд Үндсэн хуулийг баталсан хүмүүсийн нэг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас зарим зүйлийг тодрууллаа.

-23 жилийн өмнө Ардчилсан үндсэн хуулийг батлахад өөрийн хувь нэмрээ оруулсан хүний хувьд өнөөдөр Үндсэн хууль үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Ардчилсан Үндсэн хууль 23 жилийн турш үүргээ биелүүлсээр ирсэн. Үндсэн хуулийн холч байдал, үндсэн хуулийн шалгуур гэж байдаг. Тэр шалгууруудыг тавиад үзэхэд манай үндсэн хууль ардчилсан нийгмийн харилцааны гол биет загвар бол чадсан.

Үндсэн хууль дотроо тунхагын шинжтэй хууль, хууль болсон үндсэн хууль гэж байдаг. Тэгвэл манай үндсэн хууль хууль болсон үндсэн хуулийн хэмжээнд очиж чадсан. Харин энэ хуулийнхаа үг үсэг бүрийг ойлгож, баяжуулж, бусад хуулиудаараа төгөлдөржүүлж явах ёстой. Харин бид ингэж чадаж байна уу гэдэгтээ дүгнэлт хийх ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Энэ нь хэр зөв юм бэ?

-Манай улс 15-20 жил болоод Үндсэн хуулиа ямар нэгэн хэмжээгээр баяжуулаад явсан түүхтэй. Энэ дагуу өөрчлөгддөггүй хууль гэж байхгүй. Үндсэн хууль ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Гэхдээ Үндсэн хуулийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван том тулгууртай, иргэний нийгэм, ард түмэн нийлсэн нэгэн том барилга гэж үзвэл үүний нэг тоосгыг сугалбал бусаддаа гажиг үүсгэх аюултай. Тиймээс Үндсэн хуулиа иж бүрнээр нь, цогцоор нь судалж байж өөрчлөлт оруулах ёстой.

-Үндсэн хуулийг зөрчиж буй субъект нь юу вэ?

-Төр өөрөө шүү дээ. Үүнийг засаж залруулах үүрэгтэй манаач нь бол Үндсэн хуулийн цэц. Уг нь бүгдийг л эрх мэдлийн хүрээнд харилцан тэнцэл хяналттайгаар хийж өгсөн. Энэ бүх механизмууд үйл ажиллагаагаа сайн явуулах хэрэгтэй. Түүнээс эрх мэдлийн хуваарилалт буюу харилцан хяналт тэнцлийн механизмыг хийж өгсөн юмаа гээд хаячихаж болохгүй. Үүнийг байнгын хөдөлгөөнд оруулж хэрэгжүүлж байж, цааш явна. Түүнээс хар аяндаа биечихгүй шүү дээ.