Авлига, залилан, гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах гэмт хэрэг нь эдийн засагт хор хохирол учруулж, шударга өрсөлдөөнийг сааруулан, тэгш бус байдал, хууль бус явдлыг гааруулж, эдийн засгийн буурай хөгжилтэй орнуудыг сүйрүүлж мэдэх аюул занал учруулж байна.
Австралийн Холбооны Цагдаагийн газар болон Вьетнам улсын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цагдаагийн Ерөнхий Газар хоорондын урт хугацааны хамтын ажиллагаа нь өмнөд болон зүүн өмнөд Азийн 19 орны цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдээс авлига, залилан, гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах зэрэг үндэстэн дамнасан ноцтой гэмт хэргүүдийг мөрдөн шалгах талаарх цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр мэдлэг, туршлага, арга зүйгээ хуваалцаж хамтран ажиллах чухал бааз суурь болж байна.
Азийн бүсийн хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтнуудын сургалтын хөтөлбөр (АБХСБУАСХ)-ийн 33 дахь удаагийн арга хэмжээг авлига, залилан мэхлэх гэмт хэрэг, гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн асуудлаар зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээ Австралийн РМИТ их сургуулийн Ханой хот дахь салбарт эхэлсэн бөгөөд Азийн бүсийн 17 орны 20 цагдаагийн албан тушаалтан оролцож, хил дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэх үйл ажиллагаанд суралцдаг.
Вьетнам улсад суугаа Австралийн Элчин сайд энэ сургалтын талаар “хүнд, ноцтой гэмт хэргийн ихэнх нь хил дамжсан шинж чанартай байна. Улс орнуудын цагдаагийн байгууллагууд гэмт хэрэгтэй дангаараа тэмцэх боломжгүй гэдгийг бид ойлгосон. Засгийн газрууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэд нэгдэн нийлэх шаардлагатай бөгөөд энэхүү сургалтын хөтөлбөр нь цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах, мэдлэг, туршлагаа хуваалцах, итгэлцлийг бий болгох боломжийг олгож байна” гэж хэлэв.
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд өмнөд, зүүн өмнөд Азийн орнууд болон Австралийг оролцуулаад нийт 25 орны цагдаа, хууль сахиулах байгууллагын 600 гаран албан хаагч энэ сургалтад хамрагджээ.