m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.05 02:08
356
Эх орондоо эргэн ирсэн сүмогийн “муу хөвгүүн”

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тухай алдарт “Forbes” сэтгүүл дээр гарсан нэгэн нийтлэлийг толилуулъя.

Түүнийг “Сүмогийн Майкл Жордан” гэлцдэг. Тэрбээр 11 настайдаа амьдралын хатуу хөтүүг амсаж, 17-тойдоо сүмоч болохоор харийн орныг зорьж, 22-тойдоо өөрийн авьяас чадлаараа олсон мөнгөөрөө улсынхаа тэргүүн баячуудын нэг болж чадсан билээ. Өдгөө 32 настай Долгорсүрэнгийн Дагвадорж бизнесийн салбарт ч муугүй амжилтад хүрчээ.

Монголын шилдэг бөхчүүдийн нэг Долгорсүрэнгийн отгон хүү Дагвадорж шинэ бөхөөс ёкозүна цолонд хүртлээ ердөө 24 башё (сондгой тоотой саруудад зохиогддог тэмцээнийг ийн нэрлэдэг) зарцуулсан нь сүмогийн түүхэнд дээд амжилт юм. Улаанбаатарын төвд орших, хоймортоо мянганы хүн Чингис хааны хөргийг залсан саруулхан офистоо үрчийсэн костюмтай том биетэй эрхэм биднийг угтлаа. Дагвадорж ажлын шугамаар долоо хоног гадагшаа явж ирээд аян замынхаа тоосноос ч салж амжаагүй байгаа нь энэ. Тэрбээр барилдаж байхдаа буюу 2003 онд “Ди-Жи” хэмээх хувийн компаниа байгуулжээ. Их аваргын гэр бүл өдгөө тус улсын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцааны 56 хувийг хянадаг. Түүнчлэн нэрт сүмочийн мэдэлд улсын цирк, цэвэр усны үйлдвэр, брокерийн пүүс, Монголын эртний нийслэл Хархориноос холгүй орших сувиллын газар байдгаас гадна олон тооны нүүрс, ашигт малтмалын олборлолтын лицензүүдийг эзэмшдэг аж.

Энэхүү бяцхан бизнесийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч тэрбээр “Магадгүй бөх хүний зөн совин надад Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвийг харахад тусалсан байж болох юм. Миний хувьд цагаа олж, бизнест хөл тавьсан гэж боддог. БНХАУ-ын зүгээс нүүрсний эрэлт хэрэгцээ багасч байгаа ч тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 13.2 хувиар нэмэгдсэн нь таатай боломж” хэмээн ярих. Дагваа англиар муугүй ойлгох ч сэтгүүлчидтэй ярилцахдаа орчуулагчаар дамжуулж харьцаж байв. Цаашид илүү олон салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж буй нь түүний ярианаас ойлгогдож байлаа.

Их аварга ирээдүйн түнш, Нью-Йоркийн “Firebird Management” сангийн ажилтан Жеймс Пассинтай сүмогийн ачаар танилцжээ. Тэд анх 2005 оны нэгэн башёгийн үеэр үдийн хоолон дээр уулзсан гэдэг. Жилийн дараа Пассин Монголд айлчилж, 2010 онд хамтарсан хөрөнгө оруулалтын сангаа байгуулж, компанийнхаа 130 сая ам.долларыг Монголд оруулсан юм. Тэрбээр Дагвадоржийн асар их нэр хүндийг ашиглан томоохон төслүүд дээр хамтран ажилласны дүнд Монголын хөрөнгийн бирж дээрх томоохон хувьцаа эзэмшигч болж чадсан юм. Жеймс хамтрагчаа магтахаа мартсангүй “Тэр бол бүдүүн хадуун бөх биш, жинхэнэ алсын хараатай бизнесмэн. Дагвадорж улс орныхоо эдийн засагт юу тохиолдохыг маш эртнээс харж чадсан гайхалтай мэдрэмжтэй залуу” гэв. Тэд сайхан нөхөрлөсөн бөгөөд Дагваа ахынхаа хамт 2011 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулагч “Firebird Management” сангийн 40 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Нью-Йоркийг зорьж байв. “Монголын алдарт аваргууд хүрэлцэн ирсэн нь манай зочдод үнэхээр гайхалтай бэлэг болж чадсан шүү” хэмээн Пассин дурсаж байна.       

Харрис Купперманы судалгаагаар гурван сая хүн амтай Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн ойрын арван жилд зургаа дахин өсөх төлөвтэй байгаа юм. 2020 он гэхэд тус улс долларын саятнуудаа хүн амынхаа тоонд харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд эхний тавд орох бүрэн боломжтой ажээ. Дагвадоржийн удирддаг компаниудын аль нь ч үндэсний хэмжээнээс хальж, олон улсын түвшинд очоогүй ч бизнесийнх нь цар хүрээ жилээс жилд өргөжсөөр нийт хөрөнгөний хэмжээ нь 50-75 сая “ногоон”-д хүрчээ.

ЗХУ задарснаар түүний нөлөөнд 67 жил коммунизмаар замнасан Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжих үед ирээдүйн аварга 11 настай байлаа. Тэрбээр нийслэл Улаанбаатар дахь 60 кв.метр байранд эцэг эх, гурван ах, охин дүүгийнхээ хамт амьдардаг байв. Ийнхүү ирээдүйн аварга дөнгөж арваадхан насандаа ходоод хонхолзохын зовлонг мэдэрч, картын бараа, талханд дугаарлаж өсчээ. Ер нь Монголын ард түмэн цоо шинэ бөгөөд бодит байдалтай ингэж л нүүр тулгарчээ. Харин барилдах сонирхолтой хүүхдүүдийг шилж авах зорилгоор япон мэргэжилтнүүд Улаанбаатарт ирж, сүмотой төстэй монгол үндэсний бөхөөр сонгон шалгаруулах барилдаан зохиоход Дагвадорж хялбархан түрүүлж, шинжээчдийн анхаарлыг татжээ. Энэ нь ч аргагүй юм. Түүний аав, тээврийн жолооч Доноровын Долгорсүрэн болон төрсөн хоёр ах Сумъяабазар, Сэржбдээ нар нь энэ спортоор хичээллэдэг байсан болохоор хүүгийн цусанд барилдах авьяас нэвт шингэсэн байлаа. Ингэж Дагвадорж 18 настайдаа сүмогийн замналаа эхэлж, “Такасаго” дэвжээнд Асашёорюү Акинори буюу “Өглөөний хөх луу” нэртэйгээр барилдах болжээ. Найман сарын дараа анхны тэмцээндээ түрүүлсэн бөгөөд удалгүй сүмогийн дээд амжилтуудыг удаа дараалан эвдэх болов. Ялангуяа нэг жилд зохиогддог зургаан тэмцээнд бүгдэд нь түрүүлж, нэгэн өвөрмөц рекорд тогтоожээ. Улмаар 2003 онд сүмогийн оргилд гарч ёкозүна цолыг хүртэв. Тэрбээр зодог тайлах хүртлээ Эзэн хааны цомыг 25 удаа хүртсэн нь түүхэнд дээрээсээ дөрөвдүгээрт орох үзүүлэлт юм.                

Аагтай, адармаатай аваргын амьдралд алдаа, оноо аль аль нь байсан. 2010 оны нэгдүгээр сард Асашёорюү шөнийн клубт менежерээ зодсон тухай хэрэг Японы хэвлэлүүдийн гол бичих сэдэв нь болж хувирав. Хэрэг шүүхэд шилжиж бодит байдал сэтгүүлчийн бичсэнээс арай өөрөөр өрнөсөн нь тодорхой болсон ч энэ бүхэн түүнийг мэргэжлийн спороос нь бүрмөсөн холдуулж дөнгөсөн юм. Японы сүмогийн холбооноос түүнд сайн дураараа зодог тайлахыг тулган шаардсанаар Асашёорюү богинохон хугацаанд тодрон гарч ирсэн шигээ гэнэтхэн сүмог орхилоо. Гэхдээ тэр эргэж ирснээрээ, бизнест хөл тавьснаараа алдаагүй. Сүмод амжилт олдог байсан хурдтай, тэсрэлттэй, хурц зан чанар бизнест нь сайнаар нөлөөлсөн. Түүний америк найз Пассин “Тэр ихэнхдээ даруухан байдаг ч заримдаа маш их эрч хүчтэй, тэмүүлэлтэй нэгэн болж хувирдаг. Эдгээр харилцан адилгүй зан чанаруудын хослол нь түүнийг хүн болгон янз бүрээр ярьж, бичихэд хүргэдэг” гэж андыгаа тодорхойлсон юм.