m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.15 06:45
1366
Цанын баазууд аюулгүй ажиллаж байна уу

Өвлийн улирал ирж хүмүүс тэр бүр агаар салхинд гарах боломжгүй болдог. Утаа угаараас хол амралтаа идэвхитэй өнгөрөөчих амралт зугаалгын газар байдаг ч стандартын шаардлага хангасан нь цөөхөн бололтой. 

Нийслэлд ойр, иргэдийн хамгийн ихээр зорин очдог гэх гурван газар болох  Хандгайт, Sky resort, UB цанын баазтай танилцсан юм. 

“Хандгайт”-ын цанын бааз өмнө нь Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны мэдэлд байсан. Ардаа харж хандах эзэнтэй байсан энэ цанын бааз хувьчлагдсанаасаа хойш цанын бааз гэх утгаа алдсан ч "Хандгайтын цанын бааз" гэж мэдэх бүх хүмүүс өдийг хүртэл зорьсоор байгаа. Үүнийг ч ашиг хонжоо хайсан хүмүүс овжноор ашиглаж цана, чарга, тэр ч байтугай түрээсийн гэрээ амандаа багтсан үнээр түрээслэдэг аж. Мөн тус цанын бааз үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлын талаар хэзээнээсээ санаа тавьдаггүйг олонтоо бичиж, ярьж байсан ч энэхүү цанын бааз дээр байдал хэвээрээ л байгаа юм байна. Энд үйлчлүүлж цана, чаргаар гулгаж байгаад бэртэл авсан хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд 2006 онд л гэхэд 96 хүн, 2007 онд 75 хүн чаргаар гулгаж байгаад бэртсэн бол 2008 оны өвөл 232 хүн ямар нэгэн байдлаар бэртсэн ба эдгээр хүний 50 орчим хувь нь бага насны хүүхэд байжээ. Гэхдээ дээрх тоо зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бүртгэлд бүртгэгдсэн нь. Тэгвэл бэртсэн ч эмнэлэгт хандаагүй хэчнээн хүн байгааг хэлж мэдэхгүй юм.

Ялангуяа шинэ оны дараахан буюу нэгдүгээр сарын 2-ны өдөр “Хандгайт” битүү хүний хөлд дарагджээ. Мөн л орлогоо бодохоос аюулгүй ажиллагааны дүрэм журам үйлчилдэггүй, зохион байгуулалт, хяналт байхгүй энэ газарт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан юм. Энэ тохиолдолд хурдаа аван гулгаж явсан хүүхдүүдийн буруу гэх үү салхинд гарч байгаад амиа алдсан иргэнийг буруутгах уу. Ямартай ч энэ газрыг аюулгүй байдлаа хангах хүртэл түр хаасан байгаа аж.

Харин нийслэлээс баруун зүгт Найрамдал зуслан явах зам дагуу байрлах "UB цанын бааз" харьцангуй чөлөөтэй, үнэ ханшийн хувьд хямд байсан юм. Энд хүн тийм ч их биш байлаа. Нэг чаргыг 12000 төгрөг төлж аваад өдөржин гулгаж болох аж. Мөн дээш өгсөх болон гулгадаг зам нь тусдаа бөгөөд дээрээс гулгаж ирсэн хүмүүсийг хурдан хугацаанд замаас холдуулах, аваар ослоос урьдчилан сэргийлэх баг ажиллаж байлаа. Энэ цанын баазын гулгах зам нь ч төдийлөн эгц өндөр биш болохоор хүүхэд голдуу хүмүүс их ирдэг байна. Хүмүүс чаргаар гулгахын зэрэгцээ бэлэн хоол ундаа авч ирэн агаарт цайлж байлаа. Харин энд орсон багахан цас нь гулгахад төдийлөн хангалттай биш учраас хиймэл цас нэмж өгчээ.

Тус газрын ажилтан хэлэхдээ: "Манай цанын бааз юуны өмнө аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллахыг эрхэм болгодог. Тэгэхдээ иргэд бас өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Хүмүүс хүүхдээ авч ирчихээд өөрсдөө согтуу үйлчлүүлэх, хүүхдээ зөнд нь хаях, мөн гулгаж байгаа хүний өөдөөс яваад байдаг. Хэлэхээр уурлах хэрэлдэх зэргээр асуудал их байна. Хэдий бид аюулгүй ажиллагаагаа хангаж ажилласан ч иргэд бас ухамсартай байгаасай гэж хүсэж байна" гэлээ.

Ингээд нийслэлийн иргэдэд цанын баазын стандартыг мэдрүүлж үйлчилдэг гэх “Sky resort”-той танилцлаа. Юуны өмнө энд эмх цэгцтэй. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр хавьгүй илүү байдаг аж. Мөн долоо хоногийн өдөр бүр ямар нэг хөнгөлөлт урамшуулалтай байдаг юм байна. Тэгэхдээ л улирлын чанартай ажилладаг болоод ч тэр үү үнийн хувьд хэн бүхэн очоод тоглоод, гулгаад байх боломжгүй юм. Энгийн өдрүүдэд зөвхөн хүүхэд л гэхэд 36,500 төгрөгөөр гурван цаг л гулгадаг бол хувцас хэрэглэл гээд бүр илүү үнэтэй болно. Тэгээд амралтын өдөр энэ үнэ бүр их өсөж 44,000-69,500 төгрөгт хүрдэг байна. Монголын нөхцөлд ийм үнээр байнга очиж тоглох байтугай өвөлдөө ганц ч очих боломжгүй хүмүүс олон байдаг. Тус цанын баазад хүмүүс мөн л ихэвчлэн хоолоо өөрсдөө бэлдэж ирээд идэх нь элбэг байна. Учир нь эндхийн ямар ч хоол байсан бүгд 10,000 төгрөгний үнэтэй байлаа. Иргэд таван хүн зөвхөн хоолоо 50,000 төгрөгөөр идэж байхаар энэ мөнгөний талаар л хангалттай хоол хүнс бэлдээд ирэх боломжтой болохоор гэрээсээ авчирч идсэн нь дээр гэж байлаа.

Энэ жилийн хувьд цас бага орсон болохоор Хандгайтаас бусад хоёр газар нь хиймэл цас нэмсэн байв. Цанатай, чаргатай, цастай газрын талаар хийсэн бяцхан сурвалжлага маань ийнхүү өндөрлөж байна.