Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа Биеийн тамир, спортын газрын дарга, аймгийн заан Б.Чимэддоржтой ярилцлаа.
-Танай аймгийг бөхийн удам угшлаар сайн уламжлалтай гэдэг. Тэгэхээр аймагт томилолтоор ажиллах хугацаандаа бөх хүнтэй эхлээдуулзсан нь Та. Иймээс өөрийн чинь бөхийн замналыг сонирхох гэсэн юм.
-Би Халх голынх. Уг нь Хэрлэн суманд төрсөн. 2001 онд “Шонхор” дээд сургуулийг төгсөөд аймагтаа бөхийн дасгалжуулагчаар ирсэн. Түүнээс хойш нэг хэсэгтээ барилдаж бас бөхийн төлөө зүтгэж явна.
-“Шонхор”-т суралцаж байхдаа хэр барилдсан бэ?
-Гайгүй л барилдаж байлаа. Бөхийн өргөөнд болдог аймаг, цэргийн цолтны барилдаанд түрүүлж үзлээ. Улсын цолтой бөхчүүдийн дунд бужигнаж заримтай нь өгөө, аваатай байсан үе бий.
-Ямар хүмүүсээр бөхийн эрдэм заалгаж байв даа?
-Дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Ганбат, гарьд Б.Гантогтох нарын олон багш байсаан. Тэд энэ л сургуулийн “бүтээгдэхүүн”-үүд шүү дээ уг нь.
-Хамт сурч байсан нөхдөөс чинь улс, аймгийн цол хүртсэн бөх олон уу?
-Бий бий. Улсын харцага Э.Батбаатар, улсын начин Н.Сэр-Од, Ш.Тогтохбаяр гээд л. Аймгийн цолтнууд ч зөндөө дөө.
-Нэг нь өөрөө биз?
-Тийм ээ. Би аймагтаа 3-4 удаа шөвгөрсөн. Аймгийн заан цолыг Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор үзүүрлэж авсан. Тэр жил Б.Талынбүүвэй аймгийн начин цолтойдоо түрүүлсэн юм.
-Б.Талынбүүвэй чинь ах дүү хоёр бөх байдаг билүү?
-Б.Хатанбүүвэй, Талынбүүвэй гэж ах дүү хоёр хоёулаа аймгийн арслан. Ер нь манай аймгийн бөхийн замнал түүхэнд ах дүү бөхчүүд олон шүү. Бүр эхнээс нь ярихад л Хас, Хасын хүү Өлзийсайхан, Өлзийсайханы хүү Эрдэнэ-Очир гээд ах дүү гурвуул улсын арслан. Ховор юм шүү. Сүүлийн үеийнхнээс хэлбэл улсын начин Гантулга, Гансүх, аймгийн арслан Энхбаатар, Ариунмөрөн гэж байна. Энэ нь Дорнод нутаг бөхийн их уламжлалтай гэдгийг харуулж байгаа хэрэг шүү дээ. Улсын цолтны эгнээ ч өсч байгаа. Улсын начин Г.Пүрэв-Очир, Д.Цогзолдорж, М.Чимэддорж, Ж.Гансүх гээд явж өгнө. Уламжлал гэснээс Цэцэнхан аймаг алдартай бөхчүүдтэй байсан түүх бий. Улсын арслан Л.Балсан, Ш.Гилэг, гулзгай хэмээх У.Дамчаа, Х.Өлзийсайхан нар байж.
-Өөрөө ямар мэхийг голчлон хийдэг бөх байв?
-Бөхийн сургуульд дөрвөн жил хоолыг хороож олон аавын хүүдтэй бөхийн эрдэмд суралцсан болохоор олон л арга мэх мэддэг болсон. Тэр дотроос өөрийн болгосон нь зүүн хонгодох. Түүгээрээ дамжаад хөл авдаг.
-Чөлөөт, жүдогоор хичээллэдэг үү?
-Бөхийн хүрээнд хожуухан орсон болохоор их спорт руу нэг их хандаж чадаагүй ээ. Тэгээд ч дасгалжуулагчаар эхлээд удирдах ажилд цөөнгүй жил хүчин зүтгэж явна. Сүүлийн үед зодоглох ч тоотой болж. Харин бөхийн сургууль төгсөх үеэсээ бусдын адил Бөхийн өргөөнд барилдаан алгасалгүй очоод байсан бол аймгийн заанаас өөр цолтой бөх байсан болов уу гэсэн бодол байдаг юм.
-Танай аймгийн аль нутгаас бөх төрөх нь илүү байдаг вэ?
-Цагаан-Овоо, Сэргэлэн сумаас л илүү болов уу. Аль ч үеийнхнийг бодсон тэр.
-Үндэсний бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монголын үндэсний бөх дээд хөгжилдээ дөхөж байгаа л гэж боддог. 256, 512 бөх зодоглуулна гэхэд асуудал гарахгүй болж. Харин аймагт 128 бөх барилдууллаа гэхэд хаашаа юм бэ гэх шахуу л байдаг юм.
-Тантай уулзсаных бусад төрлөөр аймгийн спортын амжилтыг лавлах нь зөв байх. Тэгэхээр танай аймагт спортын бааз суурь хэр сайн бэ?
-Спортын шинэ ордонтой болсноор аль ч төрлийг жигд хөгжүүлэх боломж бий болсон. Манай спортын ордон эзэнгүй, өөрөөр хэлбэл секц дугуйлан хичээллэхгүй байх цаг гэж бараг байхгүй дээ. Мөн аймгийн төвд наадмын талбай, стадионыг засч сайхан болгосон. Үндэсний сурын улсад байхгүй талбай манайд бий. Бас хөлбөмбөгийн талбай байгуулсан. Ер нь тусдаа байр, талбайгүй төрөл бараг байхгүй шүү. Үндэсний бөхийн том өргөө байдаг. Одоохондоо засвартай байгаа. Ийм болохоор Дорнодын тамирчдын амжилт тун дөнгүүр, бокс, үндэсний сур зэрэг төрлөөр улсдаа гайхуулдаг гэж болно.
Спортын шинэ ордонтой болсноор аль ч төрлийг жигд хөгжүүлэх боломж бий болсон
-Амжилтаасаа товчхон хэлбэл...?
-Боксын спортоор улсад тэргүүлж байна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбаатарын шавь нар тив, дэлхийд нэрд гарч байна. Хамгийн сүүлд гэхэд Ч.Отгондалай Азийн наадмаар тивийн аварга боллоо. Ер нь улсын шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тал хувь нь Дорнодоос гаралтай байдаг. Волейболд Дорнодынхон бүр 1970-аад оноос нэрд гарсан. Үндэсний сур бол манай аймгийн нэг брэнд шүү дээ. Энэ төрөлд ганц хөдөлмөрийн баатар нь манайх. Тэгээд улсын мэргэчүүлийг тоолоод барамгүй дээ. Өнгөрсөн оны сүүлчээр болсон үндэсний спортын наадамд манай сурчид тэргүүлсэн. Үндэсний сур гээд ярих болохоор л Дорнодын харваачдын тухай хэлэх болдог юм. Манай сурчид жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ хийж хичээллэдэг. Сурын хоёр ч том талбайтай. Аймгийн биеийн тамир, спортын байгууллага улсын хэмжээнд сүүлийн 5-6 жил эхний гуравт жагсаж байгаа.
-Чөлөөт бөхөөр жаахан хоцронгуй байгаа гэдэг үү?
-Тиймэрхүү нь үнэн. Сүүлийн хэдэн жил жаахан алгуур хөгжиж байгаа төрлийн нэг нь манай хувьд чөлөөт бөх. Одоо холбооны ажил тогтмолжиж дэвжээтэй болоод хүүхдүүдээ сонгож аваад секц, дугуйлангууд тогтмол хичээллэж байна. Жүдогоор бол манай бөхчүүд тун гайгүй л дээ. Дэлхийн аваргын анхны медальтан бөх ч төрлөө.