m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.20 03:20
271
“You can" ОУ-ын дуучдын тэмцээний сүүлийн шатанд S4 хамтлаг шалгарчээ

Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Тэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд Бээжин хотын төв телевиз BTV-ээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээнд оролцож эхний шатандаа тэнцээд байгаа юм. “S4” хамтлагийн хувьд өнгөрсөн оны арванхоёр сард Хөх хот болон Бээжинд алдартай “Эргүна” хамтлагийн тоглолтонд урилгаар оролцох гэж явахдаа тус тэмцээний саналыг авчээ. Тоглолтын бэлтгэлийн хажуугаар тэмцээний бэлтгэл хийх хугацаа богинохон байсан ч “S4” хамтлагийн залуус маш амжилттай оролцож чадсан юм. Тэмцээний арван шүүгчээс хамгийн өндөр оноог авч, хамгийн шилдэг номер болсон хэмээн үнэлэгджээ.

“You can” нэртэй олон улсын дуучдын энэхүү тэмцээн нь жил бүр зохион байгуулагдаж шилдэг хамтлаг дуучдийг шалгаруулдаг аж. Тус тэмцээнд энэ жил Америк, Орос, Аргентин, Япон, Солонгос зэрэг олон орны уран бүтээлчид оролцжээ. Тэмцээний эхний шатанд тэмцээний журмын дагуу өөрсдийн найруулгаараа хятад дуу дуулсанаас гадна өөрсдийн уран бүтээлээсээ дуулж сонирхуулжээ.  

Тэмцээний эцэсийн шалгаруулалт энэ сарын 24-нд Бээжин хотноо болох бөгөөд сүүлийн шатанд мөн адил Хятад дуу дуулах юм байна. Харин энэ сарын 26-нд орон орноос оролцсон дуучдын дундаас шилдгүүд тодрох юм. “S4” хамтлагийн хувьд өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог арвинтай байсан бөгөөд үзэгчдэд хэд хэдэн ковер уран бүтээл хүргээд амжсан бөгөөд энэ ондоо багтааж анхны цомгоо гаргахаар төлөвлөжээ.