m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.20 07:18
1276
Эх, хүүхэд эрүүл байж, энхрий үрс энх амгалан торниг

Монголчууд бид гурван сая дахь иргэнээ энэ сард хүлээж авна. Энэхүү сэтгэл догдлуулсан агшин тун удахгүй тохиож тэрхүү гурван сая дахь иргэнийг алдаршуулах мөч айсуй.     

Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөө маргаашгүй мэндэлнэ гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй. Тиймээс манай сурвалжлах баг нийслэлийн “Хүрээ” буюу бидний хэлж заншсанаар II амаржих газрыг зорилоо.

Гурван сая дахь иргэнийг хүлээж авах том хариуцлагыг хүлээж буй “Хүрээ” амаржих газрын удирдлагуудаас юуны түрүүнд сурвалжилга бэлтгэх зөвшөөрөл хүслээ. Бидний хүсэлтийг ч тус амаржих газрын эмч,ажилчид найрсгаар хүлээн авч, эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Ариунгэрэл угтан авсан юм.

Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөө маргаашгүй мэндэлнэ гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй

    

2014.01.17  21.30 цаг  "Хүрээ" амаржих газар

Амаржих газрын үүдээр ороход шинээр мэндлэх үрсээ ар гэрийнхэн нь тэсч ядан хүлээнэ. Бид юуны түрүүнд эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Ариунгэрэлтэй цөөн хором ярилцлаа.

С.Ариунгэрэл: Хүүхдийг төрсөн он, сар, өдөр, цаг, минут, секундээр нь бүртгэж байгаа

- “Хүрээ” амаржих газар гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү?

- Манай амаржих газар гурван сая дахь иргэнийг хүлээж авахад бэлэн байгаа. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гурван сая дахь иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлыг яаж хийх, бүртгэлийг хэрхэн үнэн зөв хөтлөх талаар зааварчилгаа өгсөн. Үүний дагуу бүх эх баригч,эмч, сувилагч болон ажилчдад хичээл заасан. Манай төрөхөд энэ талаар зургаан удаа сургалт явуулж, бүх ажилчдыг хамруулсан байгаа. Гурван сая дахь иргэнийг үнэн зөв бүртгэх талаар зааварчилгаа авсан учир манай эмч, эх баригч нар болон дунд мэргэжилтнүүдэд санаа зовох зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл зааварчилгааны дагуу бид ажлаа үнэн,зөв хийж байгаа.

Гурван сая дахь иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлыг яаж хийх, бүртгэлийг хэрхэн үнэн зөв хөтлөх талаар зааварчилгаа өгсөн

- Стандарт хэмжил зүйн газрын цагаар төрөх эмнэлгүүдийн цагийг тааруулсан гэсэн мэдээлэл бий. Ямар цаг байгаа юм бэ?

- Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны нэгдүгээр сарын 15-ны А/5 тоот тушаалд гурван сая дахь иргэнийг үнэн зөв тодруулахын тулд бүртгэлийг яаж хийх вэ гэсэн зааварчилгаа өгсөн. Гэхдээ зөвхөн гурван сая дахь иргэнийг тодруулах үед бүртгэл хийгээд бусад үед бүртгэхгүй гэсэн үг биш. Монгол Улсад төрж буй иргэн бүрийг бүртгэдэг. Хамгийн гол нь гурван сая дахь иргэнийг үнэн зөв бүртгүүлэхийн тулд маш сайн хяналттай байх ёстой. Энэ нь нэг ёсондоо хяналтыг улам сайжруулж байна гэсэн үг.  Манай амаржих газар урдны бүртгэж байсан бүртгэл дээрээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан А/5 тоот тушаалын дагуу гурван төрлийн бүртгэлийг шинээр хийж байгаа. Үүнд СТ4 гэсэн маягтыг хөтөлж эхэлсэн. Энэ маягтад нэгдүгээрт эхийн тухай нарийн мэдээллийг бичнэ. Дараа нь тухайн төрсөн хүүхдийн бүхий л мэдээллийг багтаана. Ялангуяа хүүхдийг төрсөн он, сар, өдөр, цаг, минут, секундээр нь бүртгэдэг. Эмч нарыг дээрх журмын дагуу төрсөн хүүхдүүдийг бүртгээрэй гэсэн үүрэг өгсөн. Энэ бүртгэлээ баталгаажуулахын тулд тухайн хүүхдийн төрсөн цаг, минут, секундын мэдээллийг ээж, эх баригч, төрөлт удирдаж байгаа эмч нар бүгд сонсох ёстой. Дараа нь тухайн хүүхдийн бүртгэсэн цагийн ард ээж нь гарын үсэг зурж баталгаажуулна. Төрсөн хүүхдийн цагийг үнэн зөв харахын тулд амаржих газрын бүх цагуудыг Стандарт хэмжил зүйн газрын цагаар тааруулж, баталгаажуулсан. Мөн дэлгэрэнгүй бүртгэлийн маягтыг амаржих газрууд хөтөлж байна. Энэ нь Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулахад ашиглагдах дэлгэрэнгүй маягт юм. Манай төрөх эмнэлгийн хувьд таван маягт хөтөлж байна.  Эцэст нь таван маягтийн бүртгэл яг таарч байх ёстой. Тэгэхээр хэний аавын хүү гурван сая дахь иргэн болох вэ гэдгийг эмч нар тодруулахгүй. Бидний бүртгэж байгаа мэдээллийн дагуу гурван сая дахь иргэнийг Үндэсний статистикийн хороо тодруулна. Амаржих газруудын зүгээс 24 цагийн дотор төрсөн хүүхдүүдийн бүртгэлийг Үндэсний статистикийн хороо руу явуулдаг.

 

- Амаржих газруудыг камержуулсан байдаг. Танай амаржих газарт шинээр камер суурилуулсан уу?

- Бүх л амаржих газруудад камер суурилуулсан.Хагалгааны өрөө, хүлээн авах тасаг, төрөх өрөө гэх мэт чухал обьектуудад камертай. Харин шинээр манай эмнэлэгт хэд хэдэн камер суурилуулсан.   

- Яг одоогийн байдлаар “Хүрээ“ амаржих газарт хэдэн эх амаржаад байна?

- Ер нь өдөрт хамгийн багадаа 20-25, ачаалал ихэссэн үед 30-40 эх амарждаг. Өнөөдрйн байдлаар 30 эх амаржаад байна. Мөн нэмж хэлэхэд яаралтай тусламжийн шаардлагаар манай амаржих газарт ирж төрсөн эхчүүд буюу өөр дүүрэгт оршин суудаг эхчүүд тухайн өдөртөө багтаж өөрийнхөө харьяа дүүргийн эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай гэдгийг хэлэх нь зөв байх.

- Иргэдийн дунд кесерово хагалгаагаар амаржсан эхчүүд гурван сая дахь иргэнийг төрүүлсэн тохиолдолд тооцохгүй гэсэн мэдээлэл гараад байгаа.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Энэ бол ташаа мэдээлэл. Бид болж л өгвөл ээжүүдийн хүүхдээ тээх хугацааг гүйцээж эрүүл гүйцэт нярайг эх барьж авах зорилттой ажилладаг. Үнэхээр тээлтийнх нь хугацаа дутуу ч төрөхөөр ирж байгаа эхчүүдийг төрүүлэх л болно. Өөрөөр хэлбэл амьгүй төрөлтийг л бүртгэхгүй гэсэн үг. Тэгэхээр кесерово хагалгаа, төрөх замаараа болон гэрийн төрөлтүүд зэргийг бүгдийг бүртгэнэ. Нэг зүйлийг хэлэхэд гурван сая дахь иргэнийг төрүүлэхийн тулд тухайн ээжийг хагалгааны замаар буюу хүчээр төрүүлэх асуудал байхгүй.  

Гурван сая дахь иргэнийг төрүүлэхийн тулд тухайн ээжийг хагалгааны замаар буюу хүчээр төрүүлэх асуудал байхгүй

- Танай амаржих газрын ачаалал хэр байна. Барилгын насжилт хэдэн жилийн өмнө дууссан санагдана?

- Манай амаржих газруудын ачаалал их байгаа. Зөвхөн гурван сая дахь иргэнийг төрүүлэхийн тулд ачаалал ихэссэн мэтээр ойлгож болохгүй. Байнга л ачаалалтай байдаг. Хамгийн гол нь эхчүүдээ эрүүл саруул амаржуулахад тохилог хүрэлцээтэй амаржих газартай болмоор байна. Ер нь амаржих газруудын орны хүрэлцээ муу байгаа нь тодорхой. Тэгэхээр төр засаг шинэ амаржих газар барьж, эхчүүд болон шинээр мэндэлсэн нярайгаа тохитой амаржих газарт удахгүй хүлээж авах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү С.Ариунгэрэл эмчтэй ярилцсаны дараа төрсний дараах болон мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Яг тэр мөчид хоёр эх амаржиж монголчууд бид хоёр бяцхан иргэнээр бүл нэмсэн юм.  Зүүний үзүүрт арвай тогтохын адил хэмээн хүн болж мэндлэхийг ийн бэлэгшээдэг. Час хийх бяцхан үрсийн дуу эх баригч, эмч, сувилагч, үрээ хүлээсэн ар гэрийнхэн цаашлаад сэтгүүлч миний сэтгэлд баяр баясал нэмэв. Хүүхэд гэдэг аз жаргалын эх булаг гэдэг юутай үнэн.

 

Ингээд амаржсан эхчүүдтэй уулзах боломжийг эмч нар олголоо.

- Сайн байна уу, танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцахгүй юу?  

- Баярлалаа, маш их баяртай байна. Эмч нартаа баярлалаа гэж хэлье.  

- Хэдэн цагт амаржсан бэ. Хүү юу,охин уу?

- Дөнгөж сая 22 цаг 09 минут 53 секундэд амаржиж охинтой боллоо. Энэ миний хоёр дахь хүүхэд маш их баяртай байна. Одоохондоо охиноо хэдэн кг төрснийг мэдээгүй байгаа. Төрөх орон дээр хоёр цаг болсны дараа жинлүүлнэ.

- Дөнгөж хорвоод мэндэлсэн бяцхан охинд эрүүл энхийг хүсье.

- Баярлалаа.

 

- Хэзээ амаржсан бэ.  Баяр хүргэе танд?

- Баярлалаа 20 цаг 40 минут 44 секундэд амаржиж,хүүтэй боллоо. Гурав дахь хүүхдээ төрүүлсэндээ баяртай байна.

- Танай гар бүлд аз жаргал эрүүл энхийг хүсье.

- Баярлалаа.

Монголын үрс маш олон болтугай.

Энэ мэтчилэн Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах амаржих газрын эмч нар цаг наргүй ажиллаж шинээр мэндэлсэн бяцхан үрсийг тосон авсаар байна. Улмаар бид гурван сая дахь иргэнээ хүлээн авлаа гэсэн сайхан мэдээ удахгүй дуулах нь.  Зарим хүмүүс орон сууц өгнө гэх сургаар төрөх хугацаа нь болоогүй байхад төрөхөөр ирсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Зохиомол даараалал үүсгэснээс хүнд төрдөг эхчүүд, яаралтай хагалгаанд орох хүмүүст хүндрэл учирч болзошгүй юм.

Эцэст нь эх, хүүхдийн бие эрүүл байж, энхрий үрс энх амгалан өсч торнивол түүнээс илүү жаргал энэ орчлонд үгүй билээ. Монголын үрс маш олон болтугай.