m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.01.22 03:26
197
Хэрвээ та тав хүртэлх насны хүүхэдтэй бол...

1.5 хүртэлх насны хүүхэд тоглоомоороо дамжуулан хорвоо ертөнцтэй танилцаж, сэтгэхүйгээ тэлж байдаг. Энэ насны хүүхдүүдэд эрээлжилсэн олон тоглоом огт хэрэггүй. Ихэнх аав ээж хүүхдүүдээ саатуулахын тулд гэрт байгаа тоглоомоо бараг л бүгдийг нь тойруулаад тавчихдаг. Энэ тохиолдолд хүүхэд нэгийг барьж, нөгөөг тависаар дорхноо уйдаж залхдаг. Үнэндээ бага насны хүүхэд тоглоомоосоо уйдах, сонирхол буурах үндсийг эцэг эх бид тавьдаг байна.

2. Үнэхээр сэтгэхүйг нь хөгжүүлж, тоглуулъя гэвэл ердөө нэг шүдэнз байсан ч болдог гэнэ. Жирийн нэг шүдэнзээс хүүхэд жижиг олон хэсгийг, нарийн бүдүүн хэмжээсийг нэг зүйл нөгөөдөө багтаж болдгийг ухаардаг гэнэ. Хүүхдээ тоглож байхад аав ээж, ах эгч нар нь алдаа гаргадаг. Бараг хүүхэд бүр л том зүйлсийг жижиг зүйл руу хийх гэж, эсвэл дүрс зөрүүлэн эвлүүлэхийг оролддог. Яг энэ үед нь томчууд хөндлөнгөөс оролцон туслах нь буруу юм. Хүүхэд тань өөрөө учрыг нь олох учиртайг анхаараарай.

3. Зөвхөн хүүхдийнхээ тоглоомыг өрж байрлуулдаг тусгай булантай болоорой. Энэ бүгдээс хүү, охин тань өөрийн, миний гэсэн ойлголттой болдог. Хүүхдийнхээ тоглоомд хайр гамтай хандаж, эмх цэгцтэй өрж байх хэрэгтэй.

4. Хүүхдээ тоглуулах үедээ бүх тоглоомыг нь тар нярхийлгэн буулгаж, өмнө нь овоолоод, хураахдаа хайш яайш хаа таарсан хайрцаг сав руу чихчихдэг юм биш биз. Хэрвээ тийм бол энэ үйлдэл хүүхдийн сэтгэл зүйд асар муугаар нөлөөлдөг байна. Хүүхдийн ширүүн дориун зан эндээс эхэлдэг гэж сэтгэл зүйч онцоллоо. Хэрвээ хүү, охин тань бусдыг цохиж нудрах, аливааг урж тасдан уураа гаргадаг бол тоглоомонд нь хэрхэн ханддагаа анхаарах хэрэгтэй гэж байна шүү.

5. Эцэст нь хэлэхэд хүүхдийнхээ тоглоомыг яг л өөр шиг нь энхрийлж, эмх цэгцтэй өрөх хэрэгтэй. Хүүхдийнхээ хамгийн хайртай тоглоомонд нь тусгайлан сав баглаа хийж, гоёж чимэх угааж цэвэрлэж өгөөрэй. Тэгээд хүү, охиноо хичнээн их баярлан хөөрч, аливаад гамтай хандаж, эв дүйтэй болохыг нь харж баясаарай, аав ээжүүдээ.